
БНСУ-д ирэх сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнөх ерөнхийлөгч Юүн Сог Ёл эрх мэдлээ хэтрүүлэн, улс даяар цэргийн онц байдал зарласны улмаас огцорч, ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийг гэнэт зарлан явуулахаар болсон. Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, бүрэн эрхийнх нь хугацааг өөрчлөх тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Солонгосын улс төрчдийн дунд идэвхжиж байна.
Хамгийн сүүлд БНСУ Үндсэн хуулиндаа 1987 онд л өөрчлөлт оруулж байжээ. Тухайн үед ерөнхийлөгчийг ард нийт шууд сонгодог, сонгогдсон ерөнхийлөгч таван жилээр нэг удаа л бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байхаар Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Түүнээс хойш үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал хэлэлцүүлж байсан ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй 38 жил өнгөрсөн байна. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа сөрөг хүчний ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 2030 оноос эхлэн сонгогдсон ерөнхийлөгч дөрвөн жилээр хоёр удаа бүрэн эрхээ хэрэгжүүлдэг болгох санал дэвшүүлж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь нэг хүн дээр хэт их төвлөрөх ёсгүй, ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага улам бэхжих шаардлагатай гэж И Жэ Мён нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээний үеэр дурдсан. Эрх баригч намаас нэр дэвшиж байгаа Ким Мүн Сү мөн ялгаагүй дөрвөн жилээр хоёр удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байхыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр мөн энэ удаад ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал өөрийн бүрэн эрхийн хугацааг 3 жил болгож танана.
Тэгвэл 2028 онд ерөнхийлөгчийн болоод бүх нийтийн сонгууль зэрэг болох боломжтой гэж тайлбарласан юм. Тэрээр мөн ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдлыг бууруулах тухай амлалт өгсөн. Сүүлийн жилүүдэд БНСУ-д ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жилээр хоёр удаа байх асуудлыг дэмжих улс төрчид олон болсон. Ард түмний дунд явуулсан санал асуулгуудаар Өмнөд Солонгосын нийт иргэдийн 67 хувь нь Үндсэн хуульд дээрх өөрчлөлтийг оруулахыг дэмжсэн байна. Өнгөрсөн 4-р сард Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг ерөнхийлөгчийн сонгууль болох 6-р сарын 3-ны өдөр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулгыг хамт явуулах санал гаргасан ч сөрөг хүчний ардчилсан намынхан дийлэнх суудлыг нь эзэлдэг Үндэсний ассамблейн олонх нь дэмжээгүй юм.
БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах магадлал өндөр байна | ||
Үзсэн: 282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.