Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-05-28 17:07:54

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр /2025.05.28/ Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуан болон бусад төлөөлөгчтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Дэлхийн банктай хамтран Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн И-Жоб платформыг нэвтрүүлж, Цахим үндэстэн болох зорилтыг хангаж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулав.

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд 50 хүртэлх  сая төгрөгийн жижиг зээлийг олгосон нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө болон орлогоо нэмэгдүүлэхэд нь бодит дэмжлэг болж, 536 хүнийг шинээр ажлын байраар хангаж, 1,119 ажлын байрыг хадгалсан үр дүнтэй байна.

”Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт 2024 онд хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд ур чадвар олгох болон мэргэшүүлэх сургалтад 725 хүн, мэргэшүүлэх сургалтад 300, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд 200 иргэнийг хамрууллаа.

Төслөөс 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй салбарын мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн системүүд, их өгөгдлийг үе шаттайгаар дундын үүлэн дэд бүтэц рүү шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой хүргэх ажилд дэмжлэг үзүүлнэ.

Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн санг цэгцлэх, Их өгөгдлийг боловсруулах дэвшилтэт системийг бий болгож, төрөөс харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй, хэрэгжүүлэх боломж бүрдэн иргэдийн амьдралын чанарт бодитой эерэг нөлөөг бий болно гэж үзэж байна.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй