Шууд Chart

БНХАУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, таван хүн амь эрсдэв

2025-05-29 10:55:23

Хятадын зүүн талын Шаньдун муж дахь химийн үйлдвэрт өчигдөр, орон нутгийн цагаар үд дундын хэрд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 5 хүн амь эрсдэж, 19 хүн шархдаж, 6 хүн сураггүй байгааг Хятадын төв хэвлэлүүд мэдээлсэн байна. Вэйфан хотын аж үйлдвэрийн паркт байрлалтай “Gaomi Youdao Chemical” компанийн үйлдвэрт энэ дэлбэрэлт болсон байна. Энд бордооноос гадна эм эмнэлгийн бэлдмэл, бодисууд болон бусад химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зарим мэдээгээр, жилдээ 11 мянган тонн орчим хлор-пирифос бордоо үйлдвэрлэдэг дэлхийд хамгийн том үйлдвэрлэгч нь 500 гаруй ажилтан ажилчинтай гэдэг мэдээллийг хэвлэлүүд өгч байна.

Дэлбэрэлтийн долгионд тус үйлдвэрээс гурван км-ийн зайтай барилга байшингуудын шил цонх доргиж чичирхийлснийг иргэд Хятадын төв телевизэд ярьжээ. Орон нутгийн гал сөнөөх албаны 230 гаруй ажилтан, 55 нэгж техник галыг унтраахаар ажиллаж байгааг хятадын төв телевиз мэдээлж байсан. Үүний зэрэгцээ энэ химийн үйлдвэр өнгөрсөн онд хоёр ч удаа аюулгүй байдлын эрсдэлтэй гэдэг нь тогтоогдож байсан ч дараа нь бүх аюул эрсдэлийг үр дүнтэй арилгасан гэдэг сайшаалыг ХКН-ын орон нутгийн товчооноос хүргэж байсан талаар хэвлэлүүд мөн мэдээлж байна.

Тухайлбал, 2024 оны эхний найман сарын хугацаанд аюулгүйн норм дүрэм зөрчигдсөн 800 гаруй зөрчил байсныг бүгдийг арилгасан гэж тухайн үед мэдээлж байжээ. Хятад улсын хэмжээнд ажлын байрны аюулгүй байдлыг дагаж мөрдөх байдал сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан боловч ужиг хүнд асуудал байсан хэвээрээ. Өнгөрөгч 2024 онд гэхэд 21800 осол гэмтэл бүртгэгдэж, 19600 хүн амь насаа алдсан гэсэн Онц байдлын яамных нь мэдээг ассошейтэд прест иш татан уламжилсан байна.

Хамгийн сүүлд 2019 онд Хятадын зүүн эргийн Яньчэн хотод байдаг химийн үйлдвэрт мөн дэлбэрэлт болж 78 хүн амь эрсдэж байжээ. Байгаль орчин, хүн ардад аюултай өөр нэг ноцтой осол Азийн бүсэд болсон нь, Арабын тэнгисийн эрэг орчимд аюултай ачаа тээж явсан хөлөг онгоц живсэн. Энэтхэгийн өмнөд эргийн Керала мужийн эрх баригчид орон нутгийн загасчдыг газрын ойр орчимд очихгүй байхыг анхааруулж эрэг орчмын бүсдээ онц байдал зарласан байна. Энэтхэгийн БХЯ-ны мэдээгээр, Либерийн далбаатай “MSC ELSA 3” хөлөг онгоц бямба гарагт Керала мужийн Кочи хотоос 61 км зайд живж байснаас багийн гишүүн 24 хүнийг бүгдийг аварсан. Гэвч онгоцон дээр 640 контейнер ачаа явсны 13 нь нэр тодорхойгүй аюултай ачаа, 12 нь кальцийн карбид байсан бол, 84,4 тонн дизель түлш, 367 тонн гал зуухны тос байсан байна.

Үүнээс гадна өчигдөр өглөө Японы нийслэл Токио хотод Хигашикасай орон сууцны хороолол дунд баригдаж байсан барилгын талбайд хүчтэй дэлбэрэлт болсноос 10 хүн бэртэж, 100 метрийн радиус доторх 38 байшинд эвдрэл гэмтэл учирсан хэрэг гарчээ. Цагдаа нар газар дор булсан хийн баллон дэлбэрсэн байж болзошгүй гэж үзэж байна. Гал сөнөөгчид 4 цаг гаруйн дараа унтраасан байна. Цагдаа нар яагаад хийн баллоныг газар дор булсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Токиогийн Тозай метроны шугамын Касай буудлын дэргэд ойрхон байдаг энэ газарт маш олон орон сууцны байшин байрладаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, таван хүн амь эрсдэв  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй