
УИХ 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуульд стратегийн орд хэмээх цоо шинэ нэр томьёог оруулж өгсөн юм. Ингэхдээ, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний. Эсвэл жилд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулахаар тусгасан юм. Хуульд тусгасан энэ гурван шалгуурыг үндэслэж, УИХ 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 27-р тогтоол гаргаж, 15 ордыг стратегийн ордод хамааруулсан байдаг.
Тодруулбал, “оюутолгой”, “тавантолгой”, “нарийн сухайт”, “багануур”, “шивээ овоо”, “мардай”, “дорнод”, “гурван булаг”, “төмөртэй”, “цагаан суварга”, “эрдэнэт”, “бүрэнхаан”, “бороо”, “төмөртэйн овоо”, “асгат” гэсэн 15 ордыг стратегийн ордод хамааруулсан юм. Үүн дээр нэмж, 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар тухайн үед төлөвлөж байлаа. Гэвч өнөөг хэр нь эдгээр ордуудаас нэгийг нь ч нэмж стратегийн ордод хамруулаагүй. Харин өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд “Цайдам нуур”, “Гацуурт”, “Хөшөөт”, “Халзанбүргэдэй”, “Лугийн гол”, “Хотгор”, Мушгиа худаг гэсэн долоон ордыг стратегийн ордод нэмж оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгийн хороо энэ асуудлыг хэлэлцээд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн. Тэгвэл, Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд “Халзанбүргэдэй”, “Хотгор”, “Мушгиа худаг”, “Лугийн гол” гэсэн газрын ховор елементийн ордууд бүрэн судлагдаагүй учраас стратегийн ордод оруулахгүй байхаар болсон юм. “Мон Эн Ко” компанийн хөрөнгө оруулагчдын хувьд “Хөшөөт”-ийн нүүрсний ордыг стратегийн жагсаалтад оруулахгүйгээр, орон нутагтай хамтран ажиллах санал тавьсан байдаг.
Өөрөөр хэлбэл, долоон ордыг стратегид оруулахаар төлөвлөж байсан ч, дундаасаа тав нь хасагдаж, “Цайдам нуур” болон “Гацуурт”-ын ордыг хөрөнгө оруулагчдынх нь хүсэлтээр стратегийн ордод оруулахаар болсон юм. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, “Гацуурт”-ын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт" хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулж байгаа юм.
"Эрдэнэс-Гацуурт" компанийн төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ" компаниас гаргуулах юм байна. Шинээр байгуулагдах "Эрдэнэс-Гацуурт" компани нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжиж, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээх гэнэ. Харин засгийн газар уг ордыг ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд олбололт эхлүүлсэн байна. Тэгвэл 1997 онд алтны үндсэн судлыг тогтоож, 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авсан байна. Гацууртын 76 орчим мянган кг алтны нөөцтэй. Энэ ордын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Центерра гоулд Монголиа" компани эзэмшиж байгаа юм. Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлүүд урт нэртэй хуулийн хамрах хүрээнд давхцдаг гэгддэг. Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж үзэж байгаа юм.
Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшинэ | ||
Үзсэн: 4271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.