Шууд Chart

Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод байр гаргаж өглөө

2014-09-26 11:14:11

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод байр гаргаж өглөө

 Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг том "айдас" манай нийгэмд чимээгүйхэн хүрээгээ тэлсээр байгааг хэн хүнгүй л мэднэ. Гэвч иргэд, төр засаг гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн яаж тэмцэхээ мэддэггүй. Харин хаа хаанаа ийн мунгинаж суух үед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл улам л "хурцадсаар", "нарийссаар" байдаг.

 Хүчирхийлэл үйлдэгч өөрийгөө хэн ч, яаж ч чадахгүй гэсэн ахархан бодлоор дөвийлгөдөг. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогчид сэтгэл санаа, бие махбодийн өвчлөл,  шаналалтай амьдарсаар байдаг.  Учир нь тэдэнд энэ гэмт хэргийг нууж далдлах олон учир шалтгаан бий. Адаглаад нэр төр, үр хүүхдээ бодно шүү дээ. Мөн хохирогчид хүчирхийлэл үйлдэгчдийн эсрэг хуулийн байгууллагад хандах маш хэцүү. Энэ нь эргээд гарах хор хохирлыг бий болгочихоод байдаг талтай. Өөрөөр хэлбэл, согтуурч, хөлчүүрхэсэн нөхрөө цагдаагийн байгууллагад өгчихлөө гэхэд эргээд нөхрөө өшөө авах вий, хүмүүст юу гэж хэлсэн нь дээр вэ гэх мэтээр сэтгэлзүйн дарамтанд өртдөг. Түүнчлэн, хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэй гараад зугтахад очих газар байдаггүй. Эцэг, эх хамаатан садныдаа нэр төрөө бодоод очихоос цааргалдаг, аль эсвэл тэдэндээ төвөг удахгүйг хичээдэг. Найз нөхөд, ажлын хамт олондоо хандах бүр ч бага. Тэгэхээр хохирогчдод хүчирхийлэлд өртөхөөс өөрийгөө хамгаалж очих газар зайлшгүй байх чухал.

Тэгвэл энэ бүгдийг бодолцож үзсэний үндсэн дээр Хууль зүйн сайдын тушаалаар хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Түр хамгаалах байр"-ыг бий болгожээ. "Түр хамгаалах байр"-наас хийсэн сурвалжлагыг хүргэж байна.
Гаднаас нь харахад энгийн л нэг шавран байшин биднийг угтав. Харин дотогшоо ороход цэвэр цэмцгэр, халуун дулаан орчин угтсаныг нь хэлэх нь зүйтэй биз ээ.

Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байрны дарга Цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана: Түр хамгаалах байрандаа 30 хүнийг хамруулж 32 цагдаагаар хамгаалуулна

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэчнээн хүнийг түр хамгаалах байранд хамруулах боломжтой вэ?
-Хуучнаар Нийслэлийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн байрыг өөрчлөн тохижуулж, засвар үйлчилгээ хийгээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгохоор Хууль зүйн яамнаас шийдвэрлэсэн. Хууль зүйн яамнаас санхүүжилт гаргаж тус төвийн найман өрөөг засварлан тохижуулж өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон. Энэ байранд насанд хүрсэн 18, 12 хүүхэд хүлээж авах юм.

-Хохирсон иргэдийг түр хамгаалах байрандаа авчраад ямар, ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Эхний ээлжинд сэтгэлзүйн тайвшрал үзүүлэх чухал. Мөн нийгмийн ажилтан тэдгээр хүмүүстээ уулзаж дараагийн байгууллагад холбон зуучлах үйлчилгээ үзүүлнэ.

-Хүчирхийллийн эсрэг хамгаалах байр гэхээр харуул, хамгаалалт маш сайн байх хэрэгтэй. Энэ тал дээр?
-Хохирогчийг түр хамгаалах байрны улсын стандарт гэж бий. Энэ стандартад нийцүүлэн засвар тохижилтыг хийсэн байгаа. Дээрээс нь цагдаагийн бие бүрэлдэхүүн аюулгүй байдлыг сахиулна. Тодруулбал, ЦЕГ-ын даргын тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэл мөн Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа урьдчилан сэргийлэх хэлтсийг нийслэлийн цагдаагийн газарт байгуулаад, 32 тооны алба хаагчид энэ хэлтэст ажиллахаар үүрэг хүлээж байгаа.

-Түр хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүмүүс байна гэж сонслоо?
-Хоёр өрөөг эрэгтэй хүнд, хоёр өрөөг эмэгтэйчүүдэд, мөн гэр бүлийнхэнд зориулсан өрөөг гаргасан.

-Төрийн бус байгууллагуудаас та бүхэнтэй хамтарч ажиллана биз дээ?
-Төрийн бус байгууллагаас таван байгууллага хамтарч ажиллахаар саналаа ирүүлсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хууль зүйн яамтай хамтраад манай төвийн алба хаагчдыг сургаж дадлагжуулсан байгаа.


Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг: Төр анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр нээж байна

- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах анхны улсын төсвийн байр уу?
-Хууль зүйн яам, цагдаагийн албатай хамтраад Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн хохирогчийн түр хамгаалах байрыг өнөөдөр нээлээ. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал яалтачгүй манай нийгмийн тулгамдсан асуудал. Гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь нууцлагдмал, айж эмээсэн байдалтай байсан.  Яагаад гэвэл төр хохирогчийг хамгаалах тогтолцоо байхгүйтэй холбоотой юм. Иймээс төрийн зүгээс, ялангуай хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт үед нь илрүүлэх, хохирогчийг хамгаалах энэ бодлогыг цогц байдлаар нь зохицуулах чухал ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд анх удаа төр  гэр бүлийн гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрыг нээж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Үүнтэй холбоотойгоор хуулийн төсөлд өөрчлөлт оруулна гэсэн юу болсон бол?
-Хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд томоохон хуулиудыг өөрчилж байна. Энэ өөрчлөлтийн хүрээнд гэмт хэргийн хууль буюу одоогийн үйлчилж байгаа өөрчлөлт ороод явж байгаа. Энэ хуулиар анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч маань танхайрах, захиргааны зөрчлөөр сайндаа л 7-30 хоногоор баривчлуулах тогтолцоо байсан.  Гэтэл гудамжинд хоёр эрэгтэй хүн зодолдохоор гэмт хэрэг болоод эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэгсэн хэрнээ гэрт  нь нөхөр нь хүүхдээ, эхнэрээ зодож, сэтгэл санаанд нь хохирол учруулахад энэ нь гэмт хэрэгт тооцогддоггүй байсан. Удахгүй Хууль зүйн яамнаас өргөн барих гэж байгаа хуульд Гэр бүлийн хүчирхийлэл гэсэн тусдаа зүйл орж байгаа.

-Хүчирхийлэл үйлдэгчийг зөвхөн хорьж цагдаад биш зан үйлийг нь засах зэргээр бусад арга хэмжээг авах уу?
-Бусад арга хэмжээг цогц байдлаар нь авна. Тухайлбал, албадан сургалтанд суулгах, зан үйлийн сургалтанд суулгах, эрх хязгаарлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.  Иргэнээ хамгаалах эрхэм үүргийн төр хариуцдаг. Төр хамарсалтай нь үүнийгээ гүйцэтгэж чадаагүй байсаар одоо ингэж түр хамгаалах байр ашиглалтанд орууллаа.

-Цагдаад гэр бүлийн хүчирхийллээр дуудлага өгсөн хохирогчдыг л энд авчрах уу?
-Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байвал шууд л түр хамгаалах байранд хохирогчийг авчирна. Энд бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Мэдээж өөрийнхөө хүсэлтээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирж болно.

Д.Сэржмядаг: Он гарсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2 эрэгтэй хүн байдаг

Нийслэл хотод он гарсанаас хойш буюу өнгөрсөн нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 45 гэмт хэрэг байгаагаас 47 хүн хохирчээ. Үүний дийлэнх хувь буюу 95-98 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Яг нарийвчлан гаргасан судалгаагаар хоёр эрэгтэй хүн хохирсон байдаг тухай Нийслэлийн цагдаагийн газрын хошууч Д.Сэржмядаг онцоллоо.

Түр хамгаалах байр гэдэг төрөөс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хүрэх эхний "зам". Цаашлаад Төрөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон дорвитой ажлыг зохион байгуулах чухал. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад төр засаг "онцгой" үүрэг гүйцэтгэх ёстой". Энд төрийн оновчтой бодлого яахын аргагүй хэрэгтэй. Цаашлаад хүчирхийллийг бууруулахад хувь хүний ухамсар, төлөвшил, өөрчлөлт чухал. Хувь хүний оролцоо, төр засгийн бодлогоор л энэ аймшигт хэргийн золиос бологчдыг багасгаж чадна.

Д.Ундрахсүрэн /24tsag.mn/


Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод байр гаргаж өглөө  
Үзсэн: 4765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-09-28 21:53
Huchirhiileld urtsun humuust nasaar ni amidrah bair olgoj bn uu esvel tur zuuriin bair yumuu herev tur zuur bol nuguu araatan zantai hun har guruusuud ni bur us sanaad daramtlaad bh yum bish biz.

Бидэнтэй нэгдээрэй