Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны долоодугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1009 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ангийн албан хаагчийг хууль бусаар бусдын хувийн эзэмшлийн барилгын ажилд ажиллуулан бэртэл авсан хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь 12,6 сая төгрөгийн цалин олгож бусдад давуу байдал бий болгосон, Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т нь гаалийн хилээр нэвтрэн орж буй ачаа, барааны бүрдүүлэлтийг хийж ажилладаг Д.С, Т.Э нарын гаалийн мэдүүлгийг, хяналт шалгалтын байцаагч нараар түргэн шуурхай хянуулан, гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл олгуулж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд нийт 27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна гэж АТГ-аас мэдээллээ.
| Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.