Шууд Chart

Францын Бордо хот руу ой хээрийн түймэр ойртож байна

2026-07-28 09:43:51

Франц, Испанид үргэлжилж буй ой хээрийн түймрийн улмаас 300 мянга гаруй хүн орон гэрээ орхин аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Францын баруун өмнөд хэсгийн түймэр Бордо хот руу улам ойртож, эрх баригчид нэмэлт нүүлгэн шилжүүлэлт хийжээ.

Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парисын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаасан байна. Өнгөрсөн шөнө Бордо хотын орчимд 55 мянган хүнийг шинээр нүүлгэн шилжүүлснээр Франц дахь нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийн тоо 220 мянгаас давжээ. Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй ч түймэр хотоос 15 орчим километрийн зайд хүрээд байна.

Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, нисэх онгоцууд болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Хэт халалт, хуурайшилт, хүчтэй салхи нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж, зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт бий болгож байгааг албаныхан мэдээлсэн байна.

Испанид Мадрид, Валенсиа болон бусад бүсэд түймэр үргэлжилж, 100 мянга орчим хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Зарим бүсэд нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг түүхэнд байгаагүй хэмжээнд хүргэж байгааг анхааруулж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд агаарын хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа тул түймрийн нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрахгүй гэж үзэж байна.


Францын Бордо хот руу ой хээрийн түймэр ойртож байна  
Үзсэн: 50 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй