Шууд Chart

Төв аймагт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон судалгааны үр дүнг танилцууллаа

2026-07-28 11:14:30

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны үр дүнг танилцууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Төв аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 21.06 хувь, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний 7 бодлогын 129 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 81.05 хувь, байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 65 арга хэмжээний хэрэгжилт 84.8 хувь байгаа ч төлөвлөлт, шалгуур үзүүлэлт, тайлагналын чанарыг сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Судалгаагаар Төв аймаг төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр “Хөгжлийн эхний шат” түвшинд үнэлэгдсэн нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам, эрсдэлийн хороо, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгааг дурдав.

Мөн мэдээллийн ил тод байдлыг үнэлдэг “Шилэн индекс”-ийн үзүүлэлт 21.84 хувь буюу улсын хэмжээнд 14 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь мэдээллийн ил тод байдлын үзүүлэлтийг ахиулах, байгууллагын хариуцлагыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг уулзалтын үеэр танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагчийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/10 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд шалгалтын үр дүнг нэгтгэн, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах юм гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.

 


Төв аймагт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон судалгааны үр дүнг танилцууллаа  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй