
Аляскийн Анкориж хотод болж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өндөр дээд хэмжээний уулзалт дэлхийн анхаарлын төвд байна.
Жойнт Бэйс Элмендорф-Ричардсон цэргийн баазад хоёр цаг гаруй үргэлжилсэн хаалттай уулзалт хэлэлцээний гол сэдэв нь Украины дайн, гал зогсоох хэлэлцээрийн боломж байсан ч талууд тохиролцоонд хүрээгүй талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Уулзалтын өмнө талууд хоёр цаг хагасаас илүүгүй хугацаанд хэлэлцээ хийжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин англи хэлээр ярьж тус уулзалтад хэлмэрчгүй оролцсоныг хэвлэлд тодотгожээ.
Улмаар хоёр удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лимузинд сууж хамт явсан нь "маш ховор тохиолдол" болохыг хэвлэлүүд онцолж байна.
Цагаан ордон уулзалтыг "түүхэн" гэж нэрлэж, "Энхийг эрэлхийлнэ" гэсэн тайлбартай зураг нийтэлжээ.
Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хоёр талын хэлэлцээр эцэслэгдээгүй ч сайхан цаг ойртож байна" гэдгийг тодотголоо. Уулзалтын дараа хоёр улсын удирдагчид өргөн цар хүрээтэй мэдэгдэл хийсэн тул хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Владимир Путин: Орос Украины дайныг зогсоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Орос Украины дайныг зогсоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. ОХУ, АНУ-ын харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн доод түвшинд хүртэл муудсан байна. Энэ нь ОХУ гэлтгүй дэлхий нийтэд сөрөг нөлөө үзүүлж байна" гээд "Украины аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн Трампын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж, харилцан ойлголцол Украиныг энх тайванд хүргэнэ гэдэгт найдаж байна" гэжээ. Тэрбээр мөн "Энэ хамтын ажиллагаа Орос-Америкийн харилцааг сэргээх эхлэл болно гэдэгт найдаж байна. ОХУ, АНУ-ын хооронд байгуулагдах хэлэлцээр нь зөвхөн Украины асуудлыг шийдэхэд чиглээгүй бөгөөд хоёр улсын харилцааг сэргээх эхлэл болно" гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Дональд Трамп: Бид тохиролцоонд хүрээгүй ч энх тайван байдал маш ойрхон болсон
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Удахгүй би НАТО-гийн төлөөлөгчид болон бусад холбогдох хүмүүстэй, мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьж, энэ өдрийн уулзалтын талаар мэдээлэл өгнө" гэжээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн гээд Путинтай маш сайн харилцаатай байсаар ирсэн гэдгээ онцолсон байна. Түүнчлэн "Путинтай хийсэн уулзалт маш найрсаг, амжилттай болж, олон асуудлаар санал нэгдсэн ч цөөн хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Бид тохиролцоонд хүрээгүй ч энх тайван байдал маш ойрхон болсон” гэжээ.
Уулзалтын өмнө АНУ-ын Агаарын цэргийн хүч B-2 Spirit стратегийн бөмбөгдөгч болон F-35 сөнөөгч онгоцуудыг нисгэж цэргийн хүчин чадлаа харуулсан бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “СССР” бичигтэй цамц өмсөж ирсэн нь олон улсын хэвлэлд бэлгэдлийн дохио хэмээн онцлогдсон юм.

Хоёр улсын удирдагчдын уулзалт хэдийгээр дэлхийн анхаарлын төвд болсон боловч бодит гэрээ, гал зогсоох шийдэлд хүрээгүй байна.
Аляскийн иргэд энх тайвныг тогтоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтад амжилт хүсэж жагсжээ.

"Түүхэн" гэж тодотгосон уулзалт бодит гэрээ, гал зогсоох шийдэлд хүрээгүй байна | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.