Шууд Chart

Албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025-09-01 16:31:33

Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагад тендерт шалгарсан байгууллагатай гэрээ байгуулах, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулж, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан Л.Б, Э.Б, Г.А нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1,3 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Б, Б.Э нь нар нь бусдад Монгол Улсын үндэсний гадаад пасспортыг хуурамчаар гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Э.С нь хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан 126,1 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Э.С, У.М нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2,3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нэр бүхий үйлчилгээний газарт менежерээр ажиллаж байсан М.А нь тус газрын тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилж, олсон орлогын тодорхой хувийг өөртөө авч, биеэ үнэлэхийг орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Г.Н нь өөрийн фэйсбүүк хаягаас нэр бүхий иргэний хаяг руу холбогдож “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн М.Э, Д.И нар нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий иргэнээс нийт 23,8 сая төгрөг авч залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Банк бус санхүүгийн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л нь албан тушаалын байдлаа ашиглан, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг завшиж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг криптовалют болгон хувиргаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.2 /Хөрөнгө завших/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй