Шууд Chart

"Тэмүжин" романы нээлт болно

2014-10-02 09:40:00

Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа. Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ. 

 
“Тэмүжин” романд XII-XIII зууны Монголын аугаа их жанжин, Монголын төрийг байгуулагч Чингис хааны бага насны үеийг дүрслэн үзүүлжээ. Романы нэг, хоёрдугаар дэвтэрт залуу баатрын 9-11 насны үе буюу түүний төлөвшиж байсан чухал үеийг тусгасан байна. Эдгээр нь идэх уух, өмсөх зүүхээр ховор хомс, амь алдах аюул нүүрлэсэн он жилүүд байлаа. Монгол овогтнуудын өвөр хоорондоо хонзогнон дайсагналцаж байсан нөхцөлд хүчирхэг дайчин, эрэлхэг эзний зан чанар хатаагдаж байлаа.
 
Буриадын зохиолч Алексей Гатапов “Монголын нууц товчоон”-д удаа дараа дурдагддаг түүхт нутаг болох Баргужин төхөм буюу өнөөгийн Баргузин аймагт төржээ. Түүхийн багш мэргэжилтэй. 1983-1985 онд Монгол Улсад, Сайншанд хотод Зөвлөлтийн цэрэгт эр цэргийн алба хаажээ. 1990 оноос хүүрнэл зохиолын хэлбэрээр бичиж эхэлжээ. Утга зохиолын Байгаль сэтгүүл, Буриадын сонинуудад зохиол бүтээл нь нийтлэгдэж байлаа. 1999 онд Оросын Зохиолчдын эвлэлд элсчээ. 1999-2001 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн Утга зохиолын дээд курст суралцсан байна.
 
Жолоодогчийн мэндэлсэн нь /тууж өгүүллэгийн эмхэтгэл/, Монголын түүхэн тууль “Чоно баатар”-ыг орос хэл рүү орчуулсан. Чингис хааны өрлөг баатар /өгүүллэг, тууж, өгүүллийн түүвэр/, Монголын түүхэн толь бичиг /Нэвтэрхий толь-лавлах/, Тэмүжин /Чингис хааны өсвөр насны тухай түүхэн роман/ зэрэг туурвил бүтээжээ. Мөн Чингис хааны өрлөг баатар өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино хийжээ.
 
2002 онд “Константин Нефедьевын нэрэмжит олон улсын утга зохиолын шагнал” олгох II уралдаанд “Яруу найраг” төрлөөр тэргүүн шагнал хүртжээ. 2004-2011 онд Исай Калашниковын нэрэмжит шагнал авсан байна. 
 
Уг номыг 2010 онд бичиж дуусгасан бөгөөд Орост гурвантаа хэвлэгдсэнээс Улаан-Үдэд /2010, 2012 онуудад/ Москвад /2012 онд/, Оросын нэн эртний түүхт “Художественная литература” хэвлэлийн газарт хэвлэгджээ.
 
“Тэмүжин” романы хурим 2014 оны 10 дугаар сарын 3-ны 11.00 цагт Монголын Үндэсний номын санд болно. Уг арга хэмжээнд Буриадын Соёлын сайд Т.Г.Цыбиков, Буриадын Үндэсний номын сангийн захирал Ж.Б.Ильина, номын зохиолч Алексей Гатапов, орчуулагч СГЗ Г.Аким, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, Д.Цоодол, нийтлэлч Баабар нарын эрхмүүд оролцох юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Тэмүжин" романы нээлт болно  
Үзсэн: 1977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй