Шууд Chart

"Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна

2025-12-12 16:52:44

Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй анхдугаар “Хөгжлийн лиг”-ийн тэмцээний эрэгтэй багуудын нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Тэмцээний урьдчилсан шатны сонгон шалгаруулалтад өрсөлдсөн 23 багаас шалгарсан 10 багийн хооронд энэ тойрогт нийт 45 тоглолт боллоо. Тодруулбал баг тус бүр 9 тоглолт хийснээс Б.Баярбилэг эзэнтэй “Энержи Мазаалай” баг 8 хожилтой энэ тойрогт хүснэгтийн тэргүүн байрт эрэмбэлэгдлээ. Тэд эхний тоглолтдоо “Алтайн Барс” багт 3:2 харьцаатай хожигдсон ч дараагийн 8 тоглолтдоо дараалан хожсон юм. Тэд дундаа сүүлийн 7 тоглолтоос дараалан бүтэн 3 оноогоо авсан гэдгээрээ онцлогтой. 

"Энержи Мазаалай" багийн бүрэлдэхүүнд “Дээд лиг”-ийн тэмцээнд өрсөлдөж байсан туршлагатай Ж.Батбилэг, Т.Төрбат нарын чадварлаг залуу тоглогчид байна. Мөн Конго улсын тамирчин Дуоалла Сталоне болон “Дээд лиг”-ийн тэмцээнд 2024 онд мөнгөн медаль хүртэж байсан довтлогч Дмитрий Бабков эхний тойргийн сүүлээс эхлэн тус багийн бүрэлдэхүүнд тоглож байгаа юм. Тэрээр энэ жил “Дээд лиг”-ийн “Энержи” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Нэмээд довтлогч, ОУХМ М.Мягмарсүрэн, холбогч, спортын мастер У.Одгэрэл нарын туршлагатай мастеруудаас гадна байрлал бүрд өсөх ирээдүй шилдэг залуу тамирчид тоглож байна.

Бүрэлдэхүүнээс онцлох тоглогч гэвэл довтлогч Ж.Батбилэг. Гараа гэмтээсний улмаас "Дээд лиг"-ийн тэмцээнийг өнжсөн тэрээр "Хөгжлийн лиг"-ийн тэмцээний эхний тоглолтоосоо эхлэн багаа манлайлсаар байна. Довтолгоо, хувийн үзүүлэлт, авсан нийт оноо, талбайд үзүүлж буй нөлөөгөөрөө багийнхаа төдийгүй лигийн нийт тоглогчдоос дээгүүр байрт бичигдэх амжилттай байгаа юм. "Энержи Мазаалай" багийн энэ улирлын сайн амжилт яах аргагүй түүний сайн тоглолттой холбоотой. 

Лигийн хүснэгтийн 2-р байрт жагсаж байгаа Г.Цэлмүүн эзэнтэй “Мегастарс” багийн хувьд эхний тойргийн 9 тоглолтоос 7 хожил, 19 оноо авсан. Тэд эхний 7 тоглолт дараалан хожиж, тэмцээнийг сайн эхлүүлсэн ч сүүлийн 2 тоглолтод “Аранзал”, “Энержи Мазаалай” багуудад дараалан хожигдсоноор хүснэгтийн байр ухарсан юм. Багийн бүрэлдэхүүн тэр чигтээ залуу тоглогчид байгаа бөгөөд хэн нь ч хэнийгээ нөхөөд тоглох боломжтой олон авьяаслаг залуу тамирчидтай байгаа нь тэдний давуу талуудын нэг болж байна. 

Багийн бүрэлдэхүүнээс онцлох тоглогчдын нэг өндрийн довтлогч Б.Тэлмэн юм. Энэ жил 17 настай тэрээр анхны лигийн чанартай, чансаа өндөр томоохон тэмцээнд оролцож байна. Энэ улиралд Б.Тэлмэн эхний тойргийн бүх тоглолтод гараанаас оролцжээ. Мөн онооны үзүүлэлтээр багаа тэргүүлж явна. 

Т.Жавхлан эзэнтэй “Натур Бакс” баг ирээдүйд “Дээд лиг”-ийн тэмцээнд тоглуулах зорилготой олон залуу тоглогчдоо энэ тэмцээнд бэлтгэж, туршлагажуулж байна. Багийн дундаж нас 24 байгаа бөгөөд нийт бүрэлдэхүүнийг харвал тэмцээний хамгийн нуруулаг, хамгийн өндөр хаалттай баг юм. “Буганууд” эхний тойрогт 9 тоглолтоос 6 хожил нийт 16 оноо авсан. Ингэхдээ “Энержи Мазаалай”, “Мегастарс”, “Өмнөговь Ёлууд” багуудад хожигджээ. 

Багийн бүрэлдэхүүний хувьд хэн нь ч хэнээсээ илүү дутуу гэх зүйлгүй, гараа сэлгээ гээд бүх талаараа жигд байна. Гэхдээ тэднийг манлайлах лидер тоглогч дутаж байсан бол 2-р тойргоос багийн бүрэлдэхүүнд “Дээд лиг”-ийн тэмцээнд “Натур Бакс” багтайгаа 2 удаа аварга болж байсан амжилттай довтлогч М.Тэмүүжин нэгдэхээр болжээ. 

Эхний 3 багийн араас “Аранзал CHT”, “Завхан Миг”, “Баянгол Алтайн Барс Хилчин”, “Өмнөговь Ёлууд”, “Төв Заамар Миг” багууд бичигдэж байна. Эдгээр 4-8-р байрын багуудыг ердөө 3 оноо буюу нэг хожил л зааглаж байна. Сүүлийн буюу 2-р тойрогт хэн нь ч хэнийхээ дээр гарах бүрэн боломжтой тул лигийн өрсөлдөөн илүү ширүүсэх нь дамжиггүй. 

Хүснэгтийн 8-р байрт яваа “Төв Заамар Миг” баг 3-р байрт яваа “Натур Бакс” багаас 5 байрын ард хэдий ч ердөө 4 оноо хоцорч байна. Энэ нь “Хөгжлийн лиг”-ийн тэмцээний гол онцлог бөгөөд багууд хэн нь ч хэнийгээ хожих боломжтой. Тиймээс ч одоогоор лигийн бүх багууд хожигдолтой болоод байна. 

Байрлал бүрдээ чадвартай залуу тоглогчидтой, тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй багуудын нэг бол "Баянгол Алтайн Барс Хилчин" юм. Тэд эхний 4 тоглолтдоо дараалан хожиж, тэмцээнээ маш сайн эхлүүлсэн ч тойргийн үлдсэн 5 тоглолтдоо дараалан хожигдсоноор хүснэгтэд эзлэх байр ухраад байна. Тус багаас довтлогч Н.Есөн-Эрдэнэ, голын хаагч Б.Оргил, холбогч Б.Одмөнх нарын өсөх ирээдүйтэй залуу тоглогчид энэ тэмцээнд өөрсдийгөө нээн харуулж байна. 

Лигийн 2-р тойрогт дээш өрсөлдөх төлөвтэй байгаа багуудын нэг бол “Өмнөговь Ёлууд” юм. Тэд эхний тойргийн сүүлээр тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг болж чадсан билээ. “Ёлууд” эхний 6 тоглолтоос ердөө 2 хожил аваад байсан. Харин 7 дахь тоглолтоос Куба улсын легионер тоглогч Арричеа Лазаро тус багийн бүрэлдэхүүнд нэгдсэнээр тойргийн сүүлийн 3 тоглолдоо дараалан хожсон юм. Ингэснээр 5 хожил, 13 оноотой болж 2-р тойрогт хүснэгтийн байраа илүү дээшлүүлэх боломж бүрэн гарч ирлээ. 

Арричеагийн хувьд өмнө 2022 оны “Дээд лиг”-ийн тэмцээнд Монголд ирж “Эрчим” багаас тоглож байсан туршлагатай. Тэрээр өндрийн довтлогчийн байрлалд тоглож байгаа ч үндсэн байрлал нь чөлөөт хамгаалагч учраас багийнхаа хамгаалалт, довтолгоо цаашлаад давуулалт, хаалт гээд бүх талын тоглолтод давуу тал болж, тоглолтын тэнцвэрийг хадгалж чадаж байна. Мөн 2-р тойргоос "Ёлууд"-ын бүрэлдэхүүнд тоглохоор туршлагатай холбогч, спортын мастер Э.Болор-Эрдэнэ тус багийн эгнээнд нэгджээ. 

 

Тэмцээний 2-р тойргийн тоглолтууд арван хоёрдугаар сарын 12-ноос ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрүүдэд болно. Тэргүүлсэн 2 баг "Дээд лиг"-ийн тэмцээний сүүлийн 2 байрт шалгарсан багуудтай ирэх жилийн "Дээд лиг"-ийн тэмцээнд дэвшин өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй