Шууд Chart

Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

2025-12-22 16:32:38

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 34134 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1604 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 544 хэрэг шинээр нээж, 1670 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 627, Өмчлөх эрхийн эсрэг 523, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 241, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 77, Хүний амьд явах эрхийн эсрэг 55, Хүрээлэн байгаа орчны эсрэг 39, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 30, Авлигын гэмт хэрэг 25, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 17, Эдийн засгийн гэмт хэрэг 11, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 9, Хүүхдийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Соёлын өвийн эсрэг 3, Эрүүл мэндийн эсрэг 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Н.Х нь хангамжийн инженерээр ажиллаж байхдаа "Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-ний дагуу үйлчилгээ авагч нэр бүхий компаны захирлаас 13 сая төгрөнийн хахууль өгөхийг шаардсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ц.Ш нар нь байлдааны зориулалттай, галт хэрэгсэл болох нийт 40 хайрцаг, 4880 ширхэг сумыг тээвэрлэсэн, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ , Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө, хайлуур жонш баяжуулах зорилгоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан нафталин гэх нэр төрлийн бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3.3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  

- Ч.Ц нь "Монгол Улсад гоо сайхны салон ажиллуулна” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 58.2 сая төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдыг хуурч залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- М.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг 468.3 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 


Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй