Шууд Chart

Эбола вирус улс орон дамжин зөөвөрлөгдсөн байж болзошгүйг анхаарууллаа

2014-10-03 11:08:28

Халдвар нь хурдацтай тархсаар байгаа Эбола вирусын өвчлөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны шуурхайн удирдлагын төвөөс дараах зөвлөмж бүхий мэдээллийг гаргажээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эбола вируст халдвар АНУ-д зөөвөрлөгдлөө 

ДЭМБ-аас есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна. Өвчтөн саяхан Баруун Африкт аялажээ. Тэрбээр өнгөрсөн сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд дөрөв хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 26-ны өдөр эмнэлэгт хандаж, 28-ны өдөр Техас мужийн Пресбитерийн эмнэлэгт тусгаарлагдсан аж.
 
Өвчтөний сорьцыг лабораторийн шинжилгээнд хамруулж, Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Техас мужийн төв лабораторид баталгаажуулсан бөгөөд одоогийн байдлаар ойрын хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Өвчтөнтэй хамт Африкаас нэг нислэгээр ирсэн хавьтлуудад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. 
 
MERC-Cov вирусын анхны тохиолдол Австри улсад бүртгэгдлээ
 
Есдүгээр сарын 30-ны өдөр Австри улсын ОУЭМД-ийг зохицуулагч байгууллагаас MERS-CoV вирусээр үүсгэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээллээ. Өвчтөн 29 настай, эмэгтэй. Саудын Араб улсын иргэн. Түүнд Саудын Арабад байх үед нь буюу өнгөрсөн сарын 17-ны өдөр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч, долоо хоногийн турш өндөр халуурсан боловч эмнэлэгт хандаагүй байна. Тэрбээр өнгөрсөн сарын 28-ны өдрөөс Австри улсын Вена хотын Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа аж.
 
Өвчтөний охин болон жолоочид нь хүнд амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмчилж байна. Мөн ойрын хавьтлын 25 хүнийг илрүүлж, тусгаарлан хянаж, лабораторийн шинжилгээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөнтэй хамт Саудын Арабаас олон улсын нислэгийн ниссэн зорчигчдын дунд судалгаа хийгдэж байна. 
 
Иймд вирусын гаралтай халдварт өвчин улс орон дамжин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа үед аль болох өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байхыг олон нийтэд сэрэмжлүүлье. 
 
ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжийн мэдээлснээр манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 
 
Үүнд: 
 
 • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, 
 • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа       чийгтэй цэвэрлэгээг хийж байх, 
 • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, 
 • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, 
 • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, 
 • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх, 
 • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, 
 • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргийг зөвлөж байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эбола вирус улс орон дамжин зөөвөрлөгдсөн байж болзошгүйг анхаарууллаа  
Үзсэн: 3294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-10-21 11:21
ebolod bvh hvmvvs orthvv

Бидэнтэй нэгдээрэй