Шууд Chart

Хөгжлийн лигийн шилдгүүд тодорлоо

2026-01-22 13:00:09

Монголын Волейболын Холбооноос амжилттай зохион байгуулсан анхдугаар “Хөгжлийн лиг”-ийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ нь дотоод дахь лигийн системтэй тэмцээнүүдийг нэмж, улмаар тэмцээнүүд хоорондын уялдаа холбоог үүсгэж, клубүүдын үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгож мөн өсвөр, залуу үеийн тамирчдад илүү боломж олгож, тэдний туршлага ур чадварыг хөгжүүлэх зорилготой чухал тэмцээн байлаа. Хаалтын үйл ажиллагаанд МВХ-ны ерөнхийлөгч Н.Амарзаяа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ А.Очгэрэл, “Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ж.Наранбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд оролцож, шагналыг гардууллаа. 

“Хөгжлийн лиг”-ийн 2025/26 оны улирлын хүрээнд нийт 44 өдөр 168 тоглолт болж, медалийн эзэд тодорсон. Эрэгтэйчүүдийн багуудаас Б.Баярбилэг эзэнтэй “Энержи Мазаалай” баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Т.Жавхлан эзэнтэй “Натур Бакс” баг, хүрэл медалийг Э.Бат-Эрдэнэ эзэнтэй “Өмнөговь Ёлууд” баг хүртлээ. 

Билгэдлийн багийг тодруулахад шилдэг хамгаалагчаар “Энержи” багийн хамгаалалтын ноён нуруу, багийнхаа тоглолт, найруулга, хэмнэлийг лигийн турш амжилттай удирдан авч явсан гол тоглогч Т.Анар тодорсон байна. 

Голын хаагчийн байрлалд Дуалла Сталлоне (Энержи), Х.Төгөлдөрхараа (Бакс) нар шилдгээр шалгарлаа. Конго улсын тамирчин Сталлоне тэмцээний туршид хаалт болон хагас намын довтолгоонд онцгой байж, хаалтаар авсан оноогоор лигийн бүх тоглогчийг тэргүүлсэн төдийгүй шигшээ цувралын 2 тоглолтод “Энержи” багаас хамгийн онцлох тоглолт үзүүлсэн тоглогчдын нэг юм. 

Х.Төгөлдөрхараагийн хувьд мөн хаалтын үзүүлэлтээр лигт тэргүүлсэн шилдэг тоглогчдын нэг. Тэрээр энэ удаагийн лигт нийт 20 тоглолтод бүгдэд нь оролцож, багийнхаа амжилтад голлох оролцоотой байв. “Натур Бакс” клубийн ирээдүй болсон тоглогчдын нэг, 2 метр өндөртэй Х.Төгөлдөрхараа өдгөө дөнгөж 17 настай. Энэ насны тамирчид “Дээд лиг”-т оролцлоо гэхэд талбайд тогтмол тоглож, өсөж хөгжих боломж нь хомс байдаг. Тэгвэл “Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулснаар тэдэнд дараагийн түвшинд гарч, ахин дэвших боломжийг бүрэн олгож байгаагаараа давуу талтай. 

Өндрийн довтлогчийн байрлалд “Натур Бакс” багийн онооны лидер, довтолгоо, хамгаалалтынх нь гол тоглогч, 19 настай залуу тоглогч М.Мөнхжаргал болон “Өмнөговь Ёлууд” багийн ахлагч, 18 настай залуу довтлогч Г.Баяржавхлан нар шилдгээр тодорсон байна. Тэдний хувьд хэн хэн нь багийнхаа довтолгооны гол үүрэгтэй байсан бөгөөд лигийн тэмцээнд багийнхаа хийсэн бүх тоглолтод оролцсон тоглогчид юм. 

Шилдэг холбогчоор “Энержи” багийн залуу тоглогчдыг өөрийн туршлага, ур чадвараараа амжилттай чиглүүлэн тоглосон спортын мастер У.Одгэрэл шалгарлаа. Тэгвэл “Энержи Мазаалай” багийн багийн лидер Ж.Батбилэг өөрийн байрлал буюу диагоналийн довтлогчийн байрлалдаа шилдэг болохоос гадна тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байна. Ж.Батбилэгийн хувьд лигийн эхнээс багаа манлайлан тоглож, өөрийн тоглолт, ур чадвар, статистик үзүүлэлт гээд бүх талаараа тоглогчдыг тэргүүлсээр ийнхүү “Тэргүүн тоглогч”-оор шалгарлаа. 

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Энержи Мазаалай” багийн ахлах дасгалжуулагч Э.Танхил-Од тодорлоо. Түүний удирдлага дор баг нь лигийн тэмцээний тойргийн шатанд 16-2 амжилттай тэргүүлж, шигшээ цувралтай нийлээд нийт 20 тоглолтоос 18 хожил авч, лигийн аварга болсон юм. 

Эмэгтэйчүүдийн багуудаас “Doctors” баг анхдугаар Хөгжлийн лигийн тэмцээнд түрүүлж, цомын эзэд боллоо. Дэд байрт “MMB Sport Academy” баг, гутгаар байрт “Golden Ball Lynx” баг шалгарчээ. 

Билгэдлийн багийн тоглогчдоор дараах тоглогчид нэрлэгдэж тус тусын байрлалдаа шилдгээр шалгарчээ.

  • Хамгаалагч: Г.Золзаяа (Lynx)
  • Голын хаагч: Г.Ганцэцэг (MMB), М.Северино (Doctors)
  • Өндрийн довтлогч: Г.Болор-Эрдэнэ (Doctors), Э.Аззаяа (MMB)
  • Диагоналийн довтлогч: А.Амарбаясгалан (Lynx)
  • Холбогч: Э.Батцэцэг (Doctors)

 

Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Doctors” багийн "уураг тархи" болсон тоглогч Э.Батцэцэг тодорлоо. Нас залуу ч "Дээд лиг"-ийн тэмцээнд 2019 оноос эхлэн тоглосон арвин туршлагатай Э.Батцэцэг энэ жилийн тэмцээнд баг нь аварга болоход нэн чухал үүрэгтэй тоглож, 21 насандаа Хөгжлийн лигийн "Тэргүүн тоглогч" боллоо. Тэрээр өнгөрсөн хугацаанд "Уурхайчин" клубийн нас насны багуудын хамтаар олон амжилт гаргаж байсан ч анх удаа МВХ-ны лигийн тодотголтой тэмцээнд шилдэг болж байна. Энэ улирлын хувьд “Doctors” баг клуб, аймаг, сургуулиуд гээд тал талаас бүрдсэн олон тоглогчтой байснаас гадна ОХУ, БНСУ, Доминикан улсын гадны тоглогчидтой оролцсон тул тэднийг удирдах, багийнхаа тоглолтыг нэгтгэх тал дээр холбогчийн үүрэг хамгаас чухал байсан билээ. 

Шилдэг дасгалжуулагч “Doctors” багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайхан шалгарсан байна. Түүний баг улирлын 16 тоглолтоос 12 хожил, 38 оноо авч багуудыг тэргүүлсэн. Улмаар шигшээ цуврал тоглолтуудад 2:0 (3-0, 3-2) харьцаатай өрсөлдөгчөө хожиж аваргын болзол хангасан юм. 


Мөн эрэгтэйчүүдийн багуудаас "Мегастарс" (4-р байр), "Аранзал" (5-р байр), "Алтайн Барс" (6-р байр), эмэгтэйчүүдээс "Prime Ilch Dynasty" (4-р байр), "Selenge SBM" (5-р байр), "MUBSI" (6-р байр) багууд эхний зургаан байрт шалгарсан амжилтаараа дараа улирлын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Бусад багуудын хувьд шинэ улирлын өмнө сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцохоор болж байна. Дашрамд дурдахад энэ улирлын өмнөх сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 23 баг өрсөлдсөнөөс шилдэг 10 баг лигийн тэмцээний эрхээ аван өрсөлдсөн юм.

Ийнхүү хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн Хөгжлийн лигийн тэмцээний 2025/26 оны улирал албан ёсоор хөшгөө хаалаа. Оролцсон баг бүр, тоглогч бүр амжилт, ур чадвараа ахиулж чадсан, тамирчин бүрт тодорхой түвшний хөгжил дэвшил гарсан маш чухал тэмцээн болж өндөрлөлөө. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хөгжлийн лигийн шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй