Шууд Chart

Г.Баасандорж: Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн

2026-01-23 17:49:54

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

1993 онд байгуулагдсан уг сургалтын төв нийт 53 нохойтой.

Тэдгээрээс Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх чиглэлээр зургаан нохой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажилладаг гэнэ. 

Үүлдрийн хувьд Милануа, Немц обчарка, Лабродар ретривер үүлдрийн нохдыг зорчигчийн тээшийг үнэрлэх, хориотой бараа, бодисыг илрүүлэх пассив чиглэлд сургадаг байна. Эрэлч нохойн үнэрлэх чадвар асар өндөр тул агаарын хил дээр илэрсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын 30-40 хувийг илрүүлсэн гэдгийг Эрэлч нохой сургалтын төвийн дарга Б.Наранбадрах онцоллоо. Тэрбээр “Өндөр хөгжилтэй орнууд агаарын хил дээрээ үнэрийн аппарат ашигладаг ч эрэлч нохой шиг үр дүнгээ өгсөн, шалгарсан арга байхгүй. Манай хил дээр ажиллаж байгаа Малинуа нохой гэхэд 7000 өөр төрлийн үнэрийг тогтоодог, хүнээс 1 сая дахин илүү үнэр ялгах чадвартай” гэв. 

Эдгээр эрэлч нохдын дундаж наслалт 12 жил, идэвхтэй ажиллах хугацаа нь 8 жил байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсын нислэгийн тоо тогтмол нэмэгдэж байгаа тул гаалийн хяналт шалгалтыг 24 цаг тасралтгүй явуулахад эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн, эрэлч нохойн нөхөн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор үржлийн хөтөлбөрт хамруулах хэрэгтэйг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж хэллээ. Ийнхүү зорчигч болон ачаа барааг хоёр нохой ашиглан шалгаснаар гаалийн хяналт шалгалтын хурд, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм. 

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр НГХУСАЗСЗ энэ оны үйл ажиллагаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “БНСУ 30 жилийн өмнөөс мансууруулах бодистой тэмцэхэд зориулсан тусгай үүлдрийн нохой үржүүлсэн нь үр дүнгээ өгсөн байдаг. Түүн шиг эрэлч нохдын чанарыг сайжруулж, цаашид Улаанбаатар хотод ямар нэгэн хэлбэрийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулахгүй байх чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Г.Баасандорж: Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй