Байт харвааны 18 дахь удаагийн танхимын УАШТ-ий компаунд харвааны төрлийн хамгийн онцлох тамирчин “Зэвт Хасар” клубийн харваач, спортын мастер Б.Батдулам байв. Тэрээр тэмцээний ганцаарчилсан болон холимог баг, эмэгтэйчүүдийн багийн гэсэн гурван төрөлдөө гурван алтан медаль хүртэж онцгой амжилт гаргалаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Батдулам шигшээ харваанд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнгөнчимэгийг 142:138 харьцаатай хожиж, улсын аварга болжээ. Спортын мастер Б.Мөнгөнчимэгийн хувьд танхимын УАШТ-д 2 жил дараалан мөнгөн медаль хүртлээ.
Хүрэл медалийн төлөө “Бод Шонхор” клубийн Ц.Батчимэг, “Галт Сум” клубийн Б.Жавхлантөгс нар цэц сорьж 140:132 харьцаатай Ц.Батчимэг хожиж, медалийн тавцанд гарсан байна.

Б.Батдулам холимог багийн төрлийн тэмцээнд өөрийн багш П.Жамъянгомбын хамтаар амжилттай оролцон түрүүллээ. Багш шавь хоёр 1/8 шатанд Хөвсгөл аймгийн багийг 144:121, 1/4 шатанд "Цацралт" клубийн багийг 151:139, хагас шигшээд тус тэмцээний хүрэл медалийг хүртсэн "Бод Шонхор” клубийн багийг 154:150, шигшээ харваанд "Алдар" багийг 155:149 харьцаатай тус тус ялж, улсын аварга болжээ.
“Зэвт Хасар” клубийн дасглажуулагч, спортын мастер П.Жамъянгомбын хувьд Монгол Улсад компаунд харвааны спортыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн билээ. Монголын анхны компаунд харвааны төрлийн дасгалжуулагч тэрээр 2010 оноос хойш энэ төрлийн харвааг эх орондоо хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
Холимог багийн төрлийн дүн (компаунд):
- “Зэвт Хасар” клуб - П.Жамъянгомбо, Б.Батдулам
- “Алдар” спорт хороо - Б.Энхсайхан, Б.Мөнгөнчимэг
- “Бод Шонхор” клуб - Г.Ган-Эрдэнэ, Ц.Батчимэг

Эмэгтэйчүүдийн багийн төрлийн дүн (компаунд):
- “Зэвт Хасар” клуб - Б.Батдулам, Д.Отгонбаяр, Э.Сарантуяа
- “Галт Сум” клуб - А.Дэлгэрцэцэг, Б.Жавхлантөгс, Д.Цэлмүүн
- “Бод Шонхор” клуб - Ц.Батчимэг, Ц.Булгантуяа, М.Баярцэнгэл

Эрэгтэйчүүдээс зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид тэргүүлэх амжилтыг үзүүлж, Т.Бат, Б.Баярсайхан нар аваргын төлөө хоорондоо өрсөлдлөө. Улмаар Т.Бат 138:135 харьцаатай хожиж, компаунд харвааны төрөлд улсын аварга болжээ.
Хүрэл медалийг Эрдэнэт хотын “Хангарьд” клубийн тамирчин Г.Ганзориг хүртжээ. Ингэхдээ тэрээр 15 сумны боломжит 150 онооноос 148 оноо авч, Монгол Улсын шинэ дээд амжилтыг бүртгүүллээ. Г.Ганзориг хүрэл медалийн төлөөх харваандаа нийт 13 удаа 10 оноо авч шилдэг тоглолт үзүүлсэн байна.

Эрэгтэйчүүдийн багийн төрлийн дүн (компаунд):
- “Хангарьд” клуб - Г.Ганзориг, Л.Отгонбаяр, Б.Батбаатар
- “Алдар” спорт хороо - Т.Бат, Б.Энхсайхан, Б.Үнэнбат
- “Бод Шонхор” клуб - Г.Ган-Эрдэнэ, М.Тэмүгэн, А.Төгөлдөр

| Б.Батдулам гурван алтан медаль хүртлээ… | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.