Шууд Chart

Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболдын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2026-01-29 09:24:00

Ралли Рейдийн дэлхийн аваргын 2026 оны цувралын эхний тэмцээн болох алдарт “Дакар Ралли”-гийн XXXXVIII уралдаан нь Саудын Арабын Хаант Улсын нутагт 2026 оны нэгдүгээр сарын 03-17-нд боллоо.

Энэхүү тэмцээнд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд оролцон, 13 гарааны нийлбэр дүнгээр нийт тамирчдаас 16 дугаар байрт, Ралли-2 ангилалд шагналт 6 дугаар байрт шалгаран Ази тив болон Монгол Улсын хэмжээнд анх удаагаа ийнхүү түүхэн өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрээр “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрны тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртсэн юм.

“Дакар Ралли 2026” шилдэг тамирчин Э.Халиунболдын тэмцээний амжилтыг хуваалцах “Хүндэтгэлийн үдэш” арга хэмжээ нь 2026 оны нэгдүгээр сарын 25-нд “Тоёото” топ моторс” төвийн байранд болж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан, ССАЖЗЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын автомото спортын холбооны удирдлага нар болон манай улсын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын төлөөлөгч нар зэрэг 100 гаруй хүн оролцов.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам нь Э.Халиунболд болон Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай төслийн багийнханд баяр хүргэн үг хэлж, хүндэтгэл үзүүлэн, автомото спортын баг тамирчдын цаашдын уралдаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна. Харин Э. Халиунболд нь “Дакар Ралли 2026” уралдаандаа өмсөж уралдсан өмсгөлийг ССАЖЗ-ын сайд Ч. Ундрамд дурсгал болгон бэлэглэв.

Э.Халиунболд болон “Тал Нутгаас Дакарт” төслийн удирдагч Э.Ууган-Эрдэнэ нар нь “Дакар Ралли 2026” уралдаанд оролцсон сонирхолтой адал явдал, тулгарсан бэрхшээл, амжилт ололт, уралдааны тухай сэтгэгдлээ оролцогч нартай хуваалцан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн зэрэг сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Тэрээр дэмжигч нартайгаа хамтдаа зургаа татуулав.

Автомото спортын “Олимпын наадам” хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли” 2026 оны уралдаан нь 7,600 км замд 13 гараатай болж, 500 орчим мотоцикл, машин техник, 800 гаруй тамирчин, нийт 4,000 орчим арын алба, хэвлэл мэдээллийн ажилтан болон техникийн мэргэжилтэн нар ажиллаж, дэлхийн 190 гаруй орны 1,5 тэрбум хүн тус тэмцээнийг үзэж сонирхсон статистик тоон үзүүлэлт гарчээ.

Тус тэмцээнд олон улсын хэмжээний мастер, залуу тамирчин П.Мөрөн оролцож нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байрт орсон зэрэг Монголын авто мото спортын баг тамирчид сайхан амжилтыг үзүүллээ.


Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболдын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй