Шууд Chart

ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

2026-02-16 13:06:20

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2026.02.09-өөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд) 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 615 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 219, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 222, Өмчлөх эрхийн эсрэг 229, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104, бусад 21 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 149,921 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 152,233 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 151,246 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 987 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3056, Танхайрах 249, Хүний биед халдах 232, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 285, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 147,021, бусад 1390 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 19,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 209 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал:

Гэр бүлийн хамаарал бүхий хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон хэргийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт дугаар тоотод байх нийтийн байранд хана цус болсон, нэг юм боогоод тавьсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Аймгийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий үеэл эмэгтэйн амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон байж болзошгүй 20-26 насны 2 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдүүдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүллээ.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 хувь буюу 7659 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 


ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй