Шууд Chart

Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно

2026-03-09 12:42:18

Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны 5 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тэмцээнд Азийн 45 орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих бөгөөд зөвхөн медальтнуудыг тодруулах бус, 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.

Түүнчлэн Дэлхийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохоос гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох авъяаслаг Америкчууд шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна.

Өмнө нь манай улсын тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан нь Монголын таеквондогийн спортын хөгжлийн түвшинг илтгэн харуулдаг.

Энэ удаагийн тэмцээн нь Монголын тамирчдын ур чадварыг дахин нотлох, шинэ амжилтын түүхийг бичих томоохон боломж юм.

Энэхүү тэмцээнээр дамжуулан эх орноо Ази тивд сурталчилан таниулах, Монголд таеквондогийн спортыг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой билээ.


Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно   
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй