Шууд Chart

Монгол оронд ээжийн бүүвэйн дуу аавын агсамнах хоолойгоор солигдоод удаж байна

2014-10-08 10:30:51

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

Монгол оронд ээжийн бүүвэйн дуу аавын агсамнах хоолойгоор солигдоод удаж байна

“Манай нөхөр намайг алах гээд байна” гэж хэлээд хөхүүл хүүхдээ тэврээд цэлдэн хөх нүд, хөх няц болсон биетэй би цагдаагийн байгууллагад аврал эрэн очиход цагдаа нар түүнийг 20 цаг саатуулаад л буцаагаад гаргачихсан. Би нөхөртөө биш өөр хэн нэгэнд зодуулсан байсан бол цагдаагийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ авах байсан байх. Нөхрийгөө цагдаагийн байгууллагаас нэг хоног ч хүрэхгүй гараад ирнэ гэж би бодоогүй. Нэг ч хоног болоогүй буцаад ороод ирэхээр нь би үүдээ тайлж өгчихөөд буцаад явахдаа зүрх салгалж айх, давчдах зэрэгцэн шууд үхчихмээр санагдсан. Бас цагдаа нарт үнэн голоосоо гомдсон. Эрүүлжүүлэхээс ирсэн нөхрийнхөө царай руу ч эгцэлж харж чадалгүй цай хийгээд салгалан байж аваачаад өгтөл аягатай цайг шидээд намайг үсдэж, элэг рүү өшиглөн “Чиний цагдаа чамайг аврахыг нь харъя” гээд амьсгалах боломж өгөхгүй өшиглөж эхэлсэн. Хүүхдийн уйлах, нөхрийн харааж орилох чимээнээр хажуу айлын залуу орж ирж би гэдэг хүн амь аврагдсан. Өнөөдөр ч гэсэн манай нөхөр согтуу ирэн намайг яах бол гэхээс би үнэндээ айж байна. Би хэзээ нэгэн цагт нөхрийнхөө гарт үхэх нь тодорхой. Өөрөө үхчихье гэхээр хүүхдээ бодоод үхэж чадахгүй юм” гэж хэлэн цаг руу ойр ойрхон харан цагийн зүү урагшлах тусам нүд, дуу хоолойноос нь түгшүүр мэдрэгдэх Ц гэх эмэгтэй яах учраа олохгүй гэртээ хүүхдээ харан нөхрийн харгислал дунд амьдарч байна.

Ц цааш нь ярихдаа “Орой нөхөр ирээд харааж, зодож эхлэх үед зөвхөн үхэл л бодогддог. Аргаа баран айх давчдах зэрэгцэн хоолойн чадлаар бархиран хашгирахаас өөр би юу ч хийж чаддаггүй. Хааяа нэгхэн хажуу айлын хүмүүс хүртэл тэсвэрлэж чадахаа болин үүд тогшдог. Хөрш айлынхан үүд тогшиход тэнгэр цэлмэх шиг л болж, амьд байх хүсэл бага ч болов төрдөг. Олон ч удаа хөрш айлынхан маань хүү, бид хоёрын аминд орж байсан. Хааяа үхэл амьдрал тэнцэн байх үед хажуу айлынхан ороод ирээсэй гэж бодон хоолойн чадлаар орилсон ч заримдаа тусыг олж чаддаггүй” гэв. 

Ц нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг бөгөөд нэгэн төрийн бус байгууллагын тусламжтайгаар бид түүнтэй холбогдсон юм. Хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс энд түүний нэр, нас, хаягийг нууцлан асуудлын гарцыг хайн  Ц-тэй яг ижил гэр бүлийн хүчирхийлэлд зовж буй магадгүй хэдэн зуун мянгаар тоологдох ээжүүдийн төлөө хэд хэдэн эмэгтэйчүүдийн зовлонгоос уг нийтлэлд дурдлаа. Уг нийтлэлд Монголын гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс ангид байлгах, хүчирхийллийг таслан зогсооход ямар арга зам байгааг эрж хайхыг зорьсон болно.

Д.Цэцэгдэлгэр:  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн “Миний эгч гэр бүлийн дарамтад таван жил амьдарч эцэст нь савны хорт хавдартай болж амь насаа алдаж, охин нь сэтгэцийн өөрчлөлттэй болж хоцорсон”

Би хүргэн ахынд очихоосоо үхтлээ айдаг ч гэсэн эгчтэйгээ дахиад уулзаж чадахгүй байх вий гэсэндээ зүрхээ чангалаад нүдээ аниад нэг өдөр очсон. 2011 оны хавар эгчийн бие туйлын хүнд байдалд хүрч амьсгалах төдий хэвтэж байлаа. Яг энэ үед түүний нөхөр Г ажил нь бүтэлгүйтсэн бололтой ууртайгаар орж ирэн дагавар охин болох А-г гал түлэхийг шаардсан. Хамгийн аймшигтай нь халуун цогон дээр нойтон түлээ асахтай цогшин байхад галын үлээгүүрээр үлээх биш уушги руугаа сорохыг шаардан тамлаж байв. Эгч нөхрөөсөө битгий ингээч гэж арай ядаж амьсгаадан хэлэхэд түүнийг байж болох хамгийн муу үгээр хараасан. Харин би айсандаа юу ч дуугарч чадаагүй. Харин охин нь утаанд хахаж цацан амьсгалж чадахгүй галын өмнө сөхрөн хэвтэхэд хойд эцгийнх нь зэвүүцэл дээд цэгтээ хүрч тогоотой халуун цайг түүн рүү өшиглөснөөр охин эмнэлэгт хүргэгдэн хагас сар шахам эмнэлэгт хэвтсэн. Ямар ч хууч өвчингүй байсан эгч маань хүний гарт таван жил тарчлахдаа сэтгэл санааны хямралд орж эцэст нь савны хорт хавдраар өөд болсон. Харин охин нь өвчтэй эхээ сахиж, өмнөөс нь хамаг ажлыг нь хийхийн тулд сургуульд нэг жил сураад л гарсан. Эгч минь нас барсан нь 100 хувь нөхрөөс нь болсон. Савны хорт хавдар нь сэтгэл зүйн дарамт, шаналал зовлонгоос үүдэн үүсдэг өвчин. Мөн эгч минь нас барах үед хүртэл зодуулсан шарх, сорвиуд нь эдгээгүй, бие хөх няц болсон байсан. Эгчийг нас барсны дараа манайх охиныг нь өргөж авсан. Гэтэл охин байнгын дарамтад өссөнөөсөө болоод сэтгэл санааны сааталтай болсон байсан. Охин одоо 15 настай хэдий ч 10-ийн дотор тоолж, нэрээ бичиж чадахгүй байна. Багадаа сэргэлэн цовоо сэтгэцийн хувьд эв эрүүл хүүхэд байсан. Гэтэл жилээс жилд сэтгэцийн байдал нь муудсаар байна.

Орон нутгийн алслагдсан сумдад гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах механизм алга

Гэр бүлийн хүчирхийлэл Монгол орны өнцөг булан бүрт өрнөж байна. Төв, суурин газарт амьдардаг хүчирхийлүүлэгч алс бөглүү газарт амьдарч буй эмэгтэйчүүдийг бодвол мэдээлэлд ойр байдаг. Энэ ч утгаараа телевиз, радио, гар утас ашиглан хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах, хэрхэн зөвлөгөө авахаа мэдэх боломжтой. Гэтэл үүрэн телефоны оператор ч ороогүй алс бөглүү сум, тосгодод хүчирхийлүүлж буй эмэгтэйчүүд энэ тохиолдолд гэрийн хорионд байгаагаас өөрцгүй. Хөдөөний малчин айлын хотонд үргэлжлэх эл үйлдэл ганц уул ч давахгүй алс бөглүү газар өрнөсөөр байна. 

Хөвсгөл аймгийн алслагдсан сумдын нэг Чандмань-Өндөр сумаас Улаанбаатар хотод суралцаж буй нэгэн охин хэлэхдээ “Манай суманд архи уудаггүй, эхнэр хүүхдээ зоддоггүй аав гэж бараг байдаггүй. Нөхөр нь эхнэрийнхээ судсыг ханасан, толгойд нь мэсээр гэмтээсэн, хөлийг нь хугалсан байхад хүртэл эр, эмийн хоорондын зодоон гээд тоолгүй орхидог гэв. Мөн тус сумын цагдаагийн байгууллага сургуулиа шинэхэн төгссөн дүрэмт хувцаснаасаа дөнгөж салсан хүүхдээрээ шахуу хэдэн залуучуудаас бүрддэг байна. Энэ ч утгаараа цагдаа нар хуулийг сахиулж, хүчирхийлэгчийг барих биш нутгийн залуучуудад зодуулах нь элбэг гэв. Өөр нэгэн эх сурвалжийн мэдүүлснээр Чандмань-Өндөрийн хүүхдээрээ шахуу хэдэн цагдаа нар хууль сахиулах биш 10 жилийн балчир охидыг эргүүлж, архи, пивоор өдрийг аргацаасан нөхдүүд байдаг. Мөн жил болгон шахуу л солигдож өөрчлөгдөж байдаг. Гэхдээ цагдаа шиг цагдаа даанч гарч ирэхгүй байгаа гэв. Иргэдийн хэлсний аль нь ч үнэн аль нь худал болохыг мэдэхгүй ч гэр бүлийн хүчирхийллийн аминд тулсан асуудлыг тухайн цаг үед нь шийдэх ёстой хуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг чадвар, үйл ажиллагаа хангалтгүй байгааг эндээс харж болохоор байна. Хөдөөгийн бөглүү сум цаашлаад малчны хотонд болж буй гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг дан ганц цагдаагийн байгууллага бус энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд хүч нэмэн хамтарч ажиллаж байж үр дүнд хүрэх магадлалтай. Хуулийн байгууллага төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад төрөөс дэмжиж оролцвол энэ нь илүү боломжтой байж болох юм. Манай улсад хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бус байгууллага 800 шахам бүртгэгдсэн байдаг.
Хүчирхийллээс өөрийгөө хамгаалах ямар гарц байна

Нэгэн бүсгүй найз залуутайгаа үерхээд хэсэг хугацаа өнгөрсний дараа байдал бишдэж, бүсгүй найз залуугийнхаа гарын шүүс болох, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх болсон байна. Жижигхэн аймгийн төвд найз залуугаасаа нуугдаад хаа ч хүрэхгүй учир бүсгүй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг фм радиод холбогдож яах ёстой талаар лавласан байна. Харин мэдээллийн радио фм-ийн зүгээс бүсгүйг гэр бүл судлаач болон төрийн бус байгууллагатай холбож өгснөөр бүсгүй дээрх байгууллагуудын тусламжтайгаар БНХАУ руу гарч чаджээ. Бүсгүйн амьдарч байсан аймгийн төвд Улаанбаатар хотын радио фм нэвтэрсэн төдийгүй, радиогоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэвтрүүлэг цацагддаг байсан нь ийнхүү нэг бүсгүйн амьдралд өөрчлөлтийг авчирч чаджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн талаар нийтлэл нэвтрүүлэг, хохирогчид тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх асуудал чухал ач холбогдолтойг энд онцлох хэрэгтэй. Ялангуяа Монгол орны хаана ч долгион цацах боломжтой радио, телевизтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой байж мэдэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүчирхийллийн эсрэг утга агуулга бүхий нийтлэл нэвтрүүлгийн тогтмол цагтай байх хэрэгтэй байна.

Бид эрүүл нийгмийг хүсэн мөрөөдөж, хайсаар байна. Харин бидний хүсэн мөрөөдөж буй эрүүл нийгмийн араг яс, амин судас нь архидалт, хүчирхийлэлгүй гэр бүл гэдгийг бид зах зухаасаа ойлгох болсон. Даанч бидний хүсэн мөрөөдөж буй гэр бүл биднээс өдөр хоногоор алслагдаж, харгислал, нулимс, хэн ч сонсохгүй хашгираанаар солигдож байна. Мянга мянган шөнө тасралтгүй үргэлжлэх ээжүүдийн зовсон хашгираан, хаа нэгтээ хүрч, эх үрсийг амьдын тамаас гарах гарцыг нийгмийн дуу хоолой хүсч байна. 

Ирээдүйн хүчирхийлэгчдийг хүмүүжүүлж байж,  хүчирхийллийг таслан зогсооно

Монгол Улсын Засгийн газар “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярьж, хэлж, олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа тунхагласан. Даанч аливааг хийхдээ шийдвэр гаргагчид хэт холоос хардаг дутагдалтай тал бий. Эрүүл нийгмийн эрүүл Монгол хүн эрүүл орчин, эрүүл гэр бүлээс төрөх нь дамжиггүй. Хүчирхийлэл дундаас хүчирхийлэгч л төрдөг.   Хүн бүр биологийн хувьд түрэмгийлэх шинжтэй байдаг ч  эрэгтэй хүний түрэмгийлэл эмэгтэй хүнийхээс илүү байдаг. Үүний шалтгаан нь нэг талаар биологийн хандлага байж болох ч нөгөө өнцгөөс нь авч үзвэл бага настай холбоотой байдаг. Хэрэв хүүхэд хүчирхийлүүлж, эсвэл хүчирхийлэл дунд өссөн бол насанд хүрсэн хойноо хүчирхийлэгч болж хувирдаг байна. Тодорхой хэлбэл хүүхэд ахуй цагт нь тэдэнтэй зүй бусаар харьцсан, хүчирхийллийн гэрч болсон хүүхэд эргүүлээд уг үйлдлийг үйлдэх нь тодорхой болдог. Өнөөдөр манай улсын 10 гэр бүл тутмын найм нь гэр бүлийн хүчирхийллийг их бага хэмжээгээр амсаж байна. Эрэгтэй хүүхдээр нь тооцож үзвэл 10 эрэгтэй хүүхэд тутмын найм нь ирээдүйн хүчирхийлэгч аав, хүчирхийлэгч удирдагч болон бэлтгэгдэж байна.

Тиймээс хүчирхийллээс ангид байх тухай ойлголтыг ЕБС-ийн сургуулиудын бага ангиас эхлэн зааж эхлэх нь чухал юм. Гэтэл манайд энэ талаар бүрэн дунд, суурь, дээд боловсролын алинд нь энэ чиглэлийн боловсрол олгогдохгүй байгаа нь харамсалтай. Гэр бүлийн эрх зүйн хичээлийн дунд ангиас эхлэн сургалтын програмд оруулах хэрэгтэйг хэлэх эцэг, эхчүүд бий. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүчирхийлэл нь хүнийг өөртөө дайсагнах мэдрэмжийг төрүүлдэг. Ийм хүмүүс түгшүүртэй, хар дарж зүүдэлдэг, сул доройгоо мэдэрдэг, хичээл сурлагын түвшин буурдаг, аливаад хүч хэрэглэдэг, бэлгийн зан үйл замбараагүй болж, гэдэс базлах, толгой өвдөх, унтах болон идэх эмгэг тусч өвчлөмтгий болдог гэнэ. Хүчирхийлэгчийг сэтгэл судлаачид  ихэвчлэн сэтгэл заслаар эмчилдэг ба ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь үр дүнд хүргэдэг байна. Харин манай улсад сэтгэл судлаачид, гэр бүлийн зөвлөгөө өгөх тал дээр бодитой тууштай ажиллаж байгаа хувь хүн байгууллага хомсхон байна.

Хүчирхийлэл үйлдэгчдэд хууль нь хүртэл хүчин мөхөстөж байна

Манай улсад сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс үүдэн 43 иргэн амь насаа алдсан бол 982 хүн бэртэж хохирсон гэсэн тоог өнгөрсөн оны сүүлчээр гаргасан байдаг. Харин он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алдагсдын тоо 49 болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Харин нөхрийнхөө удаан хугацааны хүчирхийллийг эс тэвчих, хүүхдээ нөхрөөсөө хамгаалах зэрэг шалтгааны улмаас нөхрийнхөө амь насанд нь хүрсэн тохиолдол эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдлэгсдийн 30 хувийг хамарч байна.

Дээрх тохиолдлуудаас хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн судалгааг эс тооцвол бусад тоо баримт учир дутагдалтай гэдгийг энд бодолцох нь зүйтэй. Нөхөртөө зодуулсан эмэгтэй бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Хуулийн байгууллагад хандаад ч амжилтыг олоогүйг ихэнх эмэгтэйчүүд мэдэрсэн байдаг. Тиймээс арга буюу аминд тулсан үед өөрөө алуулах эсвэл нөхрийнхөө аминд хүрэх гэсэн хоёрхон сонголт ээжүүдэд тулгардаг байна.

Харин хуулиар хэрэг шийдвэрлэгдэх явцад эхнэрээ хөнөөсөн нөхөр, нөхрөө хөнөөсөн эхнэрийн ял харилцан адилгүй байдгийг бас харж болно. 19 жилийн дараа хоёр хүүхэдтэйгээ уулзана гэж санаа алдан суух эмэгтэйд шүүхээс 22 жилийн ял өгөхдөө гэр бүлийн хүчирхийлэлд олон жил тарчилж, нөхрийнхөө гарт хэдэнтээ үхэж мэдэх байсныг тооцож үзсэнгүй. Харин олон жил нөхрийнхөө зодуурыг амсаж, эцэст нь амиа алдсан эхнэрийн амь тийм ч үнэтэй байсангүй. Нөхөрт нь үсрээд л 15 жил өгч байв. Зарим тохиолдолд нөхөр ялаас мултрахыг ч үгүйсгэхгүй. Олон жил нөхрийн гарын шүүс болсон сэтгэл санаагаар дарамтлуулсан эмэгтэй элдэв төрлийн хууч өвчтэй болсон байдаг ба үүнийг үхлийн шалтгаан болгох тийм хэцүү биш.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд барьцтай заалт тун хомс. 2004 онд батлагдсан уг хууль гэр бүлийн ярвигтай асуудлыг шийдэхэд учир дутагдалтай байгаа гэж үзэн шинэчлэгдэх гэж байгаа. Тэгэхээр хуулийн шинэчилсэн найруулга хохирогчийг хамгаалж, хүчирхийлэгчид нөлөөлөхүйц  хууль батлагдана гэж найдах үлдэж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг амсаагүй хүн оюутны байрнаас лав гарч ирэхгүй юм байна лээ гэж дотуур байрны нэгэн оюутан охин ярихтай таарч байв. Мөн гэр бүлийн хүчирхийлэл ямар хурц хэлбэрт, хэр олон хүнд нөлөөлж байгааг ангийнхаа 32 хүүхдийн гал унтарсан нүднээс олж хардаг гэж нэгэн бага ангийн багш ярьж байв. Хүчирхийлэл дунд манай улсын иргэдийн дийлэнх нь амьдарч байна. Багаасаа хүчирхийлэлд өссөн хүүхдүүд амьдралдаа ямар ч идэвхгүй, хүний өөдөөс эгц харж чадахгүй хүүхдүүд өсч байна. Магадгүй тэдний зарим нь хүчирхийллийг давтахгүй гэх аргагүй. Мөн цочдог өвчтэй, оюун санаа болон бие махбодийн өвчтэй эхчүүд, эмэгтэйчүүд нэмэгдсээр. Энэ байдлаас одоо л гарахгүй юм бол цаашид хэзээ ч гарахгүй. Үүнд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах цаг нь яг одоо бидний өмнө ирчихээд байна. 

С.Мөнх-Од  /Time.mn/


Монгол оронд ээжийн бүүвэйн дуу аавын агсамнах хоолойгоор солигдоод удаж байна  
Үзсэн: 3090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-08 10:51
Ардчиллын чинь ач.

Бидэнтэй нэгдээрэй