Шууд Chart

Г.Уянга гишүүн Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг шалгасан материалыг нийтэд ил болгоно гэв

2014-10-09 14:30:51

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл ойлгомжгүй байна гэдгийг нэн түрүүнд хэллээ. Мөн Оюутолгойн ТУЗ хуралдаж далд уурхайн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ-ийг хүлээн авсан гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн гээд үүнийг баталгаажуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн гэдгийг хэлсэн юм. 

Ийнхүү хоёр дахь шатны хөрөнгө оруулалт нь 4.9 тэрбум доллар хэмээн хэвлэлээр мэдээлж байснаа одоо есөн тэрбум болж яригдах болсон нь төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дараах заалттай холбоотой гэж Г.Уянга гишүүн үзэж байгаа ажээ. Тодруулбал, хөрөнгө оруулалтын гэрээний 15.11-т “Энэхүү Гэрээний эхний 30 /гуч/ жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос доошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл /Гэрээг сунгах Мэдэгдэл/ өгснөөр энэхүү Гэрээг 20 /хорь/ жилийн хугацаа /Гэрээг сунгах хугацаа/-гаар сунгах бөгөөд ийнхүү хугацаа сунгахын тулд дараах нөхцөлийг хангасан байна” гээд 15.11.2-т “Хөрөнгө оруулагч нь Гэрээг сунгах мэдэгдэл өгөхөөс өмнө Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад есөн тэрбум ам.доллараас доошгүй /нэрлэсэн үнээр/ хөрөнгө зарцуулсан” байх гэжээ. Гэрээний энэ заалтыг Монгол Улсын засгийн газар бүхий л түвшиндээ буруугаар тайлбарлаж байна гэж Г.Уянга гишүүн үзэж байгаа аж. Гэрээг дахин сунгахаас өмнөх нийт 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нэмэх, ингэхдээ хөрөнгө оруулагч тал нэмэхийг тодорхой заасан. Ямар ч гэрээний ойлголтоор дээрх заалт дахин өр зээл тавьж хөрөнгө оруулалтыг нэмэх тухай ойлголт биш, харин гучин жилийн хугацаанд ашигтай үйл ажиллагаанаасаа хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөсөө шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэх гэдэг утгыг агуулж байгаа нь ойлгомжтой байна гэдгийг Г.Уянга гишүүн хэлсэн юм.
 
Түүнчлэн гэрээгээр баталгаажуулсан анхны хөрөнгө оруулалтаа ч нөхөөгүй байхад нэмж түүнээс хоёр илүү дахин мөнгийг зээлээр гаргана гэвэл Монголын төсөв даахгүй. Тэгээд ч Оюутолгой төсөлтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт болон бусад олон маргаантай асуудал нэг мөр болоогүй байхад нэмж есөн тэрбум долларын өр тавих боломжгүй. Үүний гурван тэрбум гаруй доллар нь Монголын тал хариуцах өр болно гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг гишүүн тус хэвлэлийн хурлаар дамжуулан ард иргэдэд хэллээ.
 
Хэрэв энэ гэрээг хүлээн зөвшөөрвөл Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг Г.Уянга гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өргөн барина гэдгээ ч мөн мэдэгдсэн юм.
 
Үүнээс гадна Оюутолгой бол Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгжийн нэг байтал Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын талаар шалгасан ажлын хэсгийн тайланг нууцын зэрэглэлд оруулан олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа бөгөөд жирийн нэг аж ахуйн нэгжийг шалгасан ажлын тайлан улсын нууцад хамаарах ёсгүй хэмээн үзэж байгаа ажээ. Тийм учраас энэ асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгох шаардлагыг мөн Засгийн газарт тавьж байгаа аж. Хэрэв энэ шаардлагыг  биелүүлэхгүй бол хоёр долоо хоногийн дараа уг материалыг ард түмэнд ил болгоно гэдгийг Г.Уянга гишүүн хэллээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга гишүүн Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг шалгасан материалыг нийтэд ил болгоно гэв  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй