Шууд Chart

Тогтворжуулалтын сангийн орлогын төлөвлөгөө давлаа

2014-10-09 15:46:28

Манай улс одоогоос дөрвөн жилийн өмнө тогтворжуулалтын сантай  болсон. Тухайн үед ингэх шалтгаан ч байсан, шаардлага ч үүссэн. АНУ-ын “Валл Стрийт”-ээс эхлэлтэй санхүүгийн хямрал  даамжирч, 2008-2009 онд дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж хүрээгээ тэлсэн юм. Энэ үед Америк, Япон, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үйлдвэрлэл нь буурч байлаа. Үүнээс болж, дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурч, үнэ нь уруудсан гэхэд болно. Тухайлбал, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 8500 ам. доллараас 2700 ам.доллар болтлоо уруудаж байсан гашуун түүх бий.

Тэгвэл зэсийн үнийн энэ бууралтаар дамжин дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлсөн юм. Тодруулбал, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас болж алт тушаалт буурчихаад байхад, “Эрдэнэт”-ийн зэс дэлхийн зах зээлд үнэгүйдсэн нь улсын төсөв болон гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлсөн. Цаашлаад валютын нөөц буурч, долларын ханш өсөхөд хүргэсэн юм. Үүний нэг тод жишээ бол, 2007 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан улсын төсөв, 2008 онд 296 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. 2007 онд 144 сая ам. доллараар хэмжигдэж байсан гадаад худалдааны алдагдал 2008 онд 710 сая ам.доллар болж өссөн тал ч бий...

Ингэж явсаар удалгүй валютын нөөц 1 тэрбум ам.доллараас доошилж 500 сая ам.доллар боллоо... Америк долларын албан ханш ч 1590 төгрөгт хүрч, тухайн үедээ л  рекорд тогтоогоод авсан. Үүнийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад эдийн засгийн хүндрэл төдий зүйл ч,  манайхан хямрал хэмээн хүлээн авсан юм. Тиймдээ ч, хандивлагчдаас тусламж авч, Олон улсын валютын сантай хамтран 18 сарын хугацаатай “стенд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгаа дархлаажуулсан... Гэхдээ тухайн үед хандивлагчид бидэнд зүгээр ч нэг зээл олгоогүй. Эдийн засгаа эрүүлжүүлэх олон арван зөвлөгөө өгсний нэг нь төсвийн сахилга батаа сайжруулж, арга ядсан үед гал унтраах хуримтлалтай болох нөхцөл байлаа.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед олсон орлогоо бүгдийг нь үрэн таран хийлгүй, тодорхой хэсгийг нь хадгалж гал унтраахад ашиглахыг зөвлөсөн юм. Энэ дагуу манай улс “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”- тай болж, 2011 оноос тогтворжуулалтын санд уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоос хуримтлал үүсгэж эхэлсэн юм. Ер нь төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх экспортын түүхий эдийг гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр сонгоно гэж хуульчилсан байдаг. Тэр ч утгаараа, 2014 оны тухайд энэ шаардлагыг зэс, нүүрс хангасан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний сүүлийн 15 жилийн үнэ дээр, ирэх гурван жилийн таамаг үнийг нэмж тэнцвэржүүлсэн үнэ гаргажээ.

Зэс, нүүрсний зах зээлийн үнээс дээрх тэнцвэржүүлсэн үнийг хасч, үлдэх орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах ёстой. Эдгээрийн экспортоос энэ жил нийт 29.8 тэрбум төгрөг тогтворжуулалтын санд хуримтлуулахаар 2014 оны төсөвт тусгасан юм. Тэгвэл оны эхний есөн сарын байдлаар дээрх бүтээгдэхүүнээс тогтворжуулалтын санд нийт 44 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй явна. Үүнд зэсийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Манай улс  энэ оныхоо төсөвт нэг тонн зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 6836 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнэ 6232 ам.доллар байхаар тусгасан. Тэгвэл зэсийн зах зээлийн үнэ төсөвт тусгаснаас давсан учраас энэ төрлийн түүхий эдээс тогтворжуулалтын санд орох орлого нэмэгджээ.

Харин нүүрсний төсөөлөл өөрөөр эргэсэн байна. Манай улс энэ оны төсөвтөө боловсруулаагүй нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 81 ам.доллар, коксжих нүүрсний зах зээлийн үнэ 119 доллар байхаар тусгасан. Гэтэл нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ зах зээлийн үнийнхээ доогуур орчихсон явна. Үүнтэй холбоотойгоор нүүрснээс тогтворжуулалтын санд төвлөрөх орлого тасалдсан байгаа юм. Энэ мэтчилэн нүүрсний зах зээлийн үнэ төлөвлөснөөс буурсан ч, зэсийн зах зээлийн үнэ өндөр байсан учир тогтворжуулалтын сангийн орлого азаар тасалдсангүй, төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй явна. Ер нь оны эхний есөн сард тогтворжуулалтын санд төвлөрүүлсэн 44 тэрбум төгрөгийг оролцуулж тооцвол, өнгөрсөн хугацаанд энэ санд нийт 426 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Төсвийн тусгай шаардлага үүсээгүй учраас тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд нэг ч төгрөг зарцуулаагүй гэсэн үг юм. Энэ мөнгө одоо төв банкинд хадгалагдаж байгааг Сангийн яамныхан хэллээ. Хэрэв цаашид төсвийн тусгай шаардлага үүсвэл, сангийн хөрөнгийг төсөв рүү эргүүлэн татаж, ашиглах юм байна. Гэхдээ зэс болон нүүрснээс орлого орж ирэхээ больсон цагт л, тогтворжуулалтын сангийн хөрөнгийг авч ашиглах юм байна. Тэр болтол, энэ сангийн хөрөнгийг ашиглах бус, арвижуулах ёстой юм. Ийнхүү 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас манай улс туршлага хуримтлуулснаар, тогтворжуулалтын сандаа 426 тэрбум төгрөг төвлөрүүлж чадлаа.

Нийтэлсэн: А.Энхтуул

Тогтворжуулалтын сангийн орлогын төлөвлөгөө давлаа   
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй