Шууд Chart

Дэлхийн нүүрс үйлдвэрлэгчид...

2014-10-09 16:06:44

Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн “BGR” болон Олон улсын эрчим хүчний зөвлөл “WEC” дэлхийн нүүрсний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалж, зарладаг. Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн дэлхий дээр 1 их наяд 52 тэрбум тонн нүүрсний нөөц үлдсэн. Үүнийг 135 жил олборлох боломжтой гэсэн судалгааг өнгөрсөн онд гаргасан. Тэгвэл Олон улсын эрчим хүчний зөвлөл дэлхийн нүүрсний нөөц 892 тэрбум тонн бөгөөд үүнийг 113 жил ашиглах боломжтой гэсэн судалгааг гаргаад байгаа юм. Энэ байгууллагаас зарласан нөөцийн 75 хувь нь ердөө тавхан улсад бүртгэгдсэн байна.

АНУ 237 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бол, манай хойд хөрш ОХУ 157 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө аман хүзүүдлээ. Тэгвэл манай урд хөрш БНХАУ 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө гуравдугаарт, Австрали 76 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дөрөвдүгээрт бичигдэж, Энэтхэг 60 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө айргийн тавд багтлаа. Манай улс нүүрсний нөөцөөрөө айрагдаж амжаагүй ч, дэлхийд аравдугаарт бичигдэж байгаа талаар салбарын яамныхан хэлж байгаа юм. Дэлхийн нүүрсний нөөцийн 2.4 хувь буюу 21.5 тэрбум тонн нь манай улсад тогтоогдоод байна.

Дэлхийн улс орнууд 1990 онд 4.6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж байсан бол, сүүлийн хоёр жил түүхэн дээд рекорд тогтоож 7.8 тэрбум тонныг олборложээ. Нүүрс бол эрчим хүчний гол эх үүсвэр. Тэр ч утгаараа дэлхий эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 40 хувьд нүүрс ашиглаж байна. Харин 15 хувь буюу 1.2  тэрбум тонныг нь гангийн үйлдвэрлэлд зарцуулж байгаа юм. Гангийн үйлдвэрлэлийн 70 хувь нь зөвхөн энэ түүхий эдээс хамаардаг гэж ойлгож болно. Дэлхий нийтийн эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг өнөөдөр нөөцөөр тэргүүлэгч орнууд үйлдвэрлэж байна. Ингэхдээ тал хувийг нь манай урд хөрш дангаараа үйлдвэрлэж байгаа юм.

Хятад нүүрсний нөөцөөрөө гуравдугаарт бичигддэг ч, үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигддэг гэсэн үг юм.  Тус улс өнгөрсөн онд нийт 3.5 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэснээс 526 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Өмнөд хөршийн коксжих нүүрсний тал хувийг Шаньси, Хэбэй, Шандун, Хэйлунжянь мужийн уурхайнууд үйлдвэрлэсэн байна. Ойрын жилүүдэд тус улсын  нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж 4.7 тэрбум тоннд хүрэхээс 1.7 тэрбум тонн нь коксжих нүүрс байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Хэдийгээр тийм ч, 2018 оноос тус улсын коксжих нүүрсний үйлдвэрлэл буурна гэсэн таамаг байна.

Америкийн компаниуд жилд 1.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс үүнд тулгуурлан жилд тогтмол нэг тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэг байсан. Гэвч тус улсын байгалийн хийн эрэлт нэмэгдэж, дотоодын нүүрсний хэрэглээ багассантай холбоотойгоор өнгөрсөн жил 904 сая тонн нүүрс үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Америк нүүрсний нөөцөөрөө тэргүүлж байгаа ч,  үйлдэрлэлээрээ Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсын үйлдвэрлэл энэ оны тухайд бага зэрэг сэргэж 939 сая тонн болох ч, ирэх жил ялимгүй буурч 924 сая тонн болно гэж шинжээчид үзэж байна. Тус улсын үйлдвэрлэл ирэх гучин жилийн хугацаанд энэ хэмжээнд тогтвортой байх төлөвтэй байгаа юм.

Энэтхэг улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа бол, үйлдвэрлэлээрээ гуравдугаарт бичигдэж байна. Тус улс өнгөрсөн онд 613 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн. Үүний 42 сая тонн нь кокжсих нүүрс байжээ. Энэтхэгийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор нүүрсний үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас гаднаас уг түүхий эдийг импортлодог. 2012 онд тус улс 160 сая тонн нүүрс импортлосноос, 37 сая тонн нь коксжих нүүрс байсан гэх судалгааг Дэлхийн нүүрсний ассоциациас гаргасан байна. Тэгвэл тус байгууллагаас явуулсан судалгаагаар, өнгөрсөн жил энэтхэгчүүд 180 сая тонн нүүрс импортлосны 38 сая тонн коксжих нүүрс байжээ.

Индонези улс нүүрсний нөөцөөрөө манайтай ижил шахуу. Гэвч үйлдвэрлэлээрээ манай улсыг ардаа орхиж, дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн байна. Дэлхийн нүүрсний ассоциациас гаргасан судалгаагаар тус улс өнгөрсөн онд 489 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн байна. Үүний 486 сая тонн эрчим хүчний нүүрс байсан бол, гурван сая тонн коксжих нүүрс байжээ. Экспортын тухайд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг буюу 426 сая тонныг гадаад зах зээлд нийлүүлсэн байна. Үүний 423 сая тонн эрчим хүчний нүүрс байсан бол, үлдэх гурван сая тонн нь коксжих нүүрс байжээ. Өөрөөр хэлбэл, тус улс үйлдвэрлэсэн багахан хэмжээний коксжих нүүрсээ бүгдийг нь экспортлочихдог байх юм. Тус улсын коксжих нүүрсний экспорт бага ч, нийт экспортоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

Австрали нүүрсний нөөцөөрөө дөрөвдүгээрт, үйлдвэрлэлээрээ тавдугаарт, экспортоороо хоёрдугаарт бичигддэг улс. Тус улсад дэлхийн нүүрсний нөөцийн есөн хувь буюу 76 тэрбум тонн нь байдаг. Энэ нөөцийн 58 хувь нь Квинслэндэд, 38 хувь нь Уэльсийн өмнөд бүсэд тогтоогдсон байдаг юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний олборлолт энэ бүс нутагт гол төлөв явагддаг. Өнгөрсөн жилийн тухайд тус улс нийт нөөцөөсөө 489 сая тонныг нь олборлосон байна. Үүний 158 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Тус улс өнгөрсөн онд нийт олборлосон нүүрснийхээ тодорхой хувийг дотооддоо ашиглаж, харин 336 сая тонныг нь экспортлосноос, 154 сая тонн нь коксжих нүүрс байсан юм. Тус улс коксжих нүүрсний экспортоороо тэргүүлж байгаа ч, нийт экспортоороо Индонезийн дараа хоёрдугаарт бичигддэг онцлогтой.

Орос нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа хоёрдугаарт бичигддэг. Тэгвэл үйлдвэрлэлээрээ дээрх таван орны ард зургаадугаарт жагсдаг байна. ОХУ-ын "СУЭК" , "Кузбассразрезуголь", "СДС-Уголь", "Востсибуголь", "Южный Кузбасс", "Мечел", "Южкузбассуголь", "Якутуголь", "Распадская" компаниуд өнгөрсөн онд 347 сая тонн нүүрс олборложээ.  Үүний 73 сая тонн нь коксжих нүүрс байсан байна. Тус улс өнгөрсөн онд олборлосон нүүрснийхээ 141 сая тонныг экспортлосноос, 22 сая тонн нь коксжих нүүрс байсан юм. Тус улс коксжих нүүрсний экспортоороо ч тэр, нийт экспортоороо ч тэр дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Сүүлийн үед тус улсын дотоодын зах зээл дэх байгалийн хийн эрэлт нэмэгдсэн учраас, нүүрсний дотоодын эрэлт буурч, экспорт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Монголын хувьд нүүрсний нөөцөөрөө дэлхийд аравдугаарт бичигддэг тухай салбарын яамнаас мэдээлж байна. Нийт 25 тэрбум тонн батлагдсан нөөцтэй бөгөөд сүүлийн жилүүдэд олборлолт харьцангуй сайжирчээ. 2008-2009 онд тохиосон санхүүгийн хямралыг хохирол багатай туулахын тулд, урд хөршийн эрх баригчид эдийн засаг руугаа их хэмжээний хөрөнгө цутгаж, унтаж байсан гангийн үйлдвэрлэлээ нойрноос нь сэрээж чадсан. Үүний нөлөөгөөр ч, жилдээ дээд тал нь дөрвөн сая тонн нүүрс экспортлодог байсан манай улсын хувь заяа өөрөөр эргэсэн юм.  Тодруулбал, 2009 онд долоон сая тонн, 2010 онд 16 сая тонн, 2011 онд 21 сая тонн, 2012 онд 20 сая тонн, 2013 онд 18 сая тонн нүүрс тус тус экспортлосон байна. Энэ онд 31 сая тонныг экспортлохоор төлөвлөснөөс, оны эхний найман сард 12 сая тонныг нь экспортложээ. Дэлхийн нүүрсний ассоциацаас гаргасан судалгаагаар, манай улс өнгөрсөн онд 20 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэж, коксжих нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийд долоодугаарт бичигдсэн байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

Дэлхийн нүүрс үйлдвэрлэгчид...  
Үзсэн: 11943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-10-13 12:38
Amerik nootsoor,hytad yildwerleleer,indonezi exportoor tergyyldeg geed saixan medeelel baina.sydalgaand xeregtei zyil baina.bayrlalaa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-12 23:28
teneg ym hoino oilgohgui bga ymuu?
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-10-12 12:49
yun buun statistic ve chadvargui yum aa

Бидэнтэй нэгдээрэй