Шууд Chart

Би хүчирхийлэл үйлдэхийг хүсэхгүй байна

2014-10-13 09:16:32

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Би хүчирхийлэл үйлдэхийг хүсэхгүй байна

Эрчүүд минь Мартын найман хаяанд ирлээ. Хүүхнүүдээ яаж баярлуулах вэ, бүгдээрээ. Эрчүүд бид боломж, хэрээрээ халаасаа тэмтэрч цэцэг навч, оо энгэсэг, зүүлт чимэг авахаар зэхэж байгаа гэдэг нь эргэлзээгүй үнэн билээ. За тэгээд Мартын наймны өдөр бэлгээ өгч баярлуулна, балгадаг нэг нь далимдуулаад ууна, согтоод шогтоно, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэнэ байх даа, одоо яах вэ? Ер нь баяр ёслол, эмэгтэйчүүдийн тухай бодоход л цаана нь байгаа хүчирхийллийн тухай сэдэв хөндөгдөх хэмжээнд хүртэл гэр бүл дэх хүчирхийллийн асуудал газар авсан нь аймшигтай байна шүү.

Хамгийн сүүлийн үеийн баримтуудаас харахад, цагдаагийн байгууллага статистик мэдээлэл гаргадаг болсноос хойш гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн золиос болж 43 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гадна хуулийн хамгаалалт байхгүйгээс болоод хүчирхийлэгчийнхээ амийг хөнөөсөн тохиолдол их гарч байна. Мөн амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал ч их.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний танхимд үг хэлэхдээ “...Энд тодорхой хэдэн тоо хэлье. Манай улсын гурван айл өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн судалгаа бий. Монголд гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүрээнд болж байна. Хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид байна. Нэгэн судлаач “Дэлхийн III дайн гэр бүлд болж байна” хэмээн хэлсэн байдаг. Энэ дүгнэлт бол ноцтой юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь охид бүсгүйчүүд юм... Бид охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо хамгаалж чадахгүй. Бид хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгэм байгуулж чадахгүй. Бид энэ асуудлыг онцгой анхаарах ёстой...” гэв.

Тэр лекцийг сонссон танил бүсгүй маань “Өнөөдөр Иргэний танхимаас шууд хүргэсэн Ерөнхийлөгчийн лекцийг сонсоод анх удаа энэ хүнд баярлах сэтгэл төрөв. Аавтай айл гэдгээ тод мэдэрлээ. "Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй юм. Үзэсгэлэнт гүнж цайзан дотор жаргадаггүй юм. Эрчүүд минь эр хүн шиг байцгаая. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм. Жинхэнэ эцэг хүн охид хүүхнүүдээ өмгөөлөн зогсдог юм" гэсэн үгс нь чихнээ дуулдсаар...” хэмээн бичсэн байсан.

Жинхэнэ эр хүн, эцэг хүн байхсан эрчүүд минь. Хүний толгой дээрх өвсийг харахаас өөрийн толгой дээрх бухлыг анзаардаггүй гэж нэг үг бий. Би бас хүчирхийлэл үйлддэг юм байнаа. Ажлаа тараад биллиард тоглох, эрчүүдээрээ нийлж халбага пиво уух, Батаагийн төрсөн өдрийг тэмдэглэж шөнөдөх үедээ би эхнэрээсээ асуулгүй шууд л явдаг. Харин араас дахин дахин утасдаж сануулах, хурдан ирэхийг шаардах үед нь уучлалт гуйхынхаа оронд уцаарлаж, утасаа хүртэл хаадаг аа. Хар шөнөөр харихад хоол хийгээд хүлээж суухад нь “Унтаж байхгүй яасан юм, ажлынхантайгаа байхад хүн эвгүй байдалд оруулж олон удаа залгахаар чинь утсаа хаасан, яасан хартай юм” гэх мэтээр үг хэлэхээр нь сөрөн зогсдог оо. Айлын эхнэр хүн байж ингэсэнгүй, тэгсэнгүй, тэрүүгээр яах юм, энэ дэмий, чиний тэр найзад би дургүй, ажлаасаа тараад хурдан ир, танайхан дандаа хүүхнүүд байж ууя, идье гэж юу яриад байгаа юм, би тэгж хэлж байна гэх мэтээр эр хүний хувьд байр сууриа бэхжүүллээ хэмээн бодож өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг ээ. Өдөр тутам шахуу гарч буй хүчирхийллийн тухай мэдээлэл уншиж сонсохоороо би ийм биш шүү, баярлаж яв гэх шахуу юм ярьсаан бас. За ингээд яриад байвал би ч авах юмгүй хүчирхийлэгч юм байна шүү. Одоо болино оо би, өөрчлөгдье, өөдсийн чинээ охиноо бодож ухаан сууя.

Цаана чинь хөгжилтэй орнуудад гэртээ хүчирхийлэл үйлдэх нь байтугай хажуу айлд нь хэрүүл тэмцэл болоход мэдээлээгүй, иргэний үүргээ биелүүлээгүй гэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Манайхан бол эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж хоорондоо ярина, цагдаа хуулийн байгууллага нь мэдээлэл өглөө гэж бараг уцаарладаг. Хуулийн хүрээнд бодитой өөрчлөлт хийж, хүүхдүүдийнхээ оюун санаанд бага балчираас нь хүчирхийллийг эсэргүүцэх, тэмцэх, үйлдэхгүй байх дархлааг суулгаж өгмөөр байна.

Тэгэхгүй бол хэчнээн бичээд, яриад ч байдал дээрдэхгүй байна шүү. Саяхан нэг танил нөхөр салсан авгайгаа яаж дарамталдаг тухай хээв нэг ярьж явахтай таарлаа. “Би амар заяаг нь үзүүлэхгүй зовооно, ахиад дарвалзахгүй болтол нь зодохоор зүрх нь үхнэ, тэр муу надгүйгээр хаа явах юм, өчигдөр цагдаа дуудсан, цагдаад танилтай хүнийг яахыг нь харъя л даа” хэмээн заналхийлэх тэр танил маань нэгэн дүүрэгт мяндагтан дарга хийдэг хүн шүү дээ. Би тэр хүнд ямар ч зөвлөгөө өгөөгүй, эсэргүүцсэн үг амнаасаа унагаагүй. Хэлээд нэмэргүй, хэтэрхий даварсан тийм хүмүүс, үйлдлийг таслан зогсоох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор хүмүүс амиа бодож, амаа хамхиж явахаас өөр арга алга.

Хүчирхийлэл гэж юу вэ? Хүнд хүсээгүй зүйлийг нь тулган шаардахыг илэрхийлсэн үг. Монгол хэлэнд байдаг жирийн нэг үг гээд харвал гайхах зүйлгүй ч сүүлийн үед анзаарахгүй, ярихгүй байхын аргагүйгээр чихэнд сонсогдож, нүдэнд харагдаад байна энэ үг.

Хүний хамгийн нандин сайхан харилцаа, аз жаргал цогцлон байдаг гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл явагдаж, хохирогч нь ихэнх тохиолдолд хүүхэд, эмэгтэйчүүд байгааг сонсохоор яс хавталзмаар... Хүүхдээ зоддог, хаядаг эцэг, эх, эхнэрээ алдаг нөхөр, найз залуу, 21-хэн насандаа хорвоог орхисон бүсгүй... ингээд жишээ татвал маш урт болно. Аймшигтай. Өөр хэлэх ч үг алга. Энэ аймшиг гэдгийг би ганцаараа бодож, яана даа гэж шаналаагүй байх аа. Нөгөө Монгол хүний нинжин сэтгэл, өр зөөлөн чанар, гэр бүл, үр хүүхэд, эцэг эхээ дээдлэх ёс заншил минь хаачив аа? Хэн, хэзээ түүнийг минь үгүй хийчихэв дээ.

Бид өнөөдөр л энэ асуудлыг анх удаа сонсоогүй, харсаар, мэдсээр байгаад л бүр аллага, зовиур шаналгааны эцсийн шатанд нь очихын үед л хүүе хааяа болж эхэллээ. Хүчирхийлэл, аллага гэр бүлийн хүрээнээс халиад нийгмийг хямраах хэмжээнд хүрч, гинжин урвал шиг уртаас урт хэлхээ холбоо үүсгэсэн байна.

Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үндэс суурь нь бидний тархинд бий шүү дээ. Нөхөртөө зодуулж дарамтлуулснаа хүүхнүүд нуудаг. Хүмүүс мэдэхээрээ хов жив болгож, хохирогчийг сэтгэл зүйн дарамтанд оруулна уу гэхээс хохироогчийг шийтгэх, яллах, буруутгах, нийгэмд багтах шингэх газаргүй болгож шийтгэдэг тийм сэтгэлгээ алга. Хохирогчийн нэр хүндэд халддаг, нуугдаж, нууж явахаас аргагүй байдалд хүргэдэг тэр орчныг, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд бүх насанд хүрэгчид, эрчүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд анхаарлаа хандуулаасай. Миний бичсэн энэ нийтлэл Мартын наймны өмнө эмэгтэйчүүдээ баярлуулахаар зэхэж буй эрчүүдийн сонорт хүрч, эрчүүд маань хүүхнүүдээ аюулгүй тайван баярлуулна байх гэж найдна. Эрчүүд ээ, энэ Мартын наймнаас эхлээд гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд нэгдэж, гэртээ, ажил дээрээ, нийгэмд хүчирхийлэлгүй, тайван амьдралыг бий болгоход өөрсдийн хүчээ оруулахыг уриалж байна. “Би хүчирхийлэл үйлдэхийг хүсэхгүй байна” гэдэг бол миний уриа, миний амьдарч буй нийгэмдээ оруулах сэтгэлгээний хувь нэмэр ээ.

Г.Мөнхбат
"Бидний Монгол орон зай" сэтгүүлийн эрхлэгч


Би хүчирхийлэл үйлдэхийг хүсэхгүй байна  
Үзсэн: 2298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй