Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэлтэй тэмцэгч гурав хүүрнэсэн нь

2014-10-16 10:57:24
Error loading player: No playable sources found

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэлтэй тэмцэгч гурав хүүрнэсэн нь

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн нэр томьёо бидний чихэнд дасал болж, нийгэмд байх ёстой нэгэн үзэгдэл мэтээр ойлгогдож, он удаан жил оршсоор... Үр дагавар  нь шаналсан сэтгэл, шархалсан зүрх, нулимстай нүд, айдастай орчин, аймшигтай гэмт хэргүүд. Яаж ч бодсон нийгмийн энэ гаж үзэгдлийг яг одоо үгүй хийхсэн. Болдогсон бол хүчирхийллийг бий болгогч бүгдийг засаж залруулж, засрахгүй нэгнийг нь хуулийн заалтаар замыг нь засаад явуулчих юмсан. Гэвч Монголд ахуйн болоод хуулийн орчинд ч “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг үгүй болгох боломж одоохондоо алга. Яагаад гэж үү. Яагаад гэдгийг хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэлтэй тэмцэгч гурвын хүүрнэсэн бүхэн яруу тодоор харуулаад өгнө.
Хүчирхийлэгч: Бидний амьдрал бусдад хамаагүй.

“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг би буй болгосон юм яадаг юм. Эртнээс монголчууд эмийн дор орвол эрийн хийморь мөхнө гэж ярьдаг. Архи уучихаад ааг омгоо авгай хүүхдэдээ гаргахгүй өөр хэнд гаргах юм бэ би. Тэгээд ч тэд нар миний өмч. Тэнэг нэгэн нь тэднийг өмөөрдөг юм. Тэгж байгаа хүмүүсийг харахаар нүд минь хорсоод байх юм. Авааль эхнэртээ эзэн нь байж, төрсөн хүүхдээ занчих эрх байхгүй бол айл гэрийн эзэн байгаад яах юм бэ. Ер нь тэгээд бидний амьдрал бусдад хамаагүй. Хүний эрх, хуулийн өмгөөлөл ярьсан хэнээтэй нөхдүүдийн яриаг сонссон эхнэр гуай “Чи бол хүчирхийлэгч” гээд л асдаг болж. Их асвал яадгийг, намайг эсэргүүцвэл юунд хүрдгийг яс маханд нь шингээгээд өгөхөд эхнэр эрх биш нэгийг ойлгох биз. Тэгээд ч хүчирхийлэгч би эхнэр, хүүхдээ эдийн засаг, бие махбодь, сэтгэлзүй, бэлгийн хүчирхийлэл гээд тал бүрээр нь дарамтад оруулж чадна.

Орон байр, хоол хүнс, хувцас хунарыг нь хумиад өгөхөд миний нөлөөнд хуйлраад ирэхгүй хаачив гэж. Цаашлаад архи ууж зоригоо чангалж байгаад зодож занчаад өгсөн ч хэнд хамаатай юм. Хууль яриад цагдаад хандаад араас минь хутга зоох арга хайж яваа бол мөрдөн мөшгөөд айлган сандраагаад өгөхөд миний эрхшээлд эхнэр гуай орохгүй гээд яах юм. Гэр бүлийн гишүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл гэж ирээд л ярих эрхмүүдийн уриа, лоозон нь үнэндээ миний үйлдлийн өмнө хүчин мөхөстөнө. Хууль бариад шүүхийн өмнө намайг аваачсан ч таван бүлэг 20 заалттай тэр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” хууль намайг айлгаж үл чадна. Үнэндээ би өнөөгийн нийгэмд өөрийнхөөрөө яаж ч байсан намайг хэн ч хорьж чадахгүй. Тэр тусмаа хүн бүхний даган мөрдөх ёстой гэсэн тэр хууль бол бүр ч хорьж дийлэхгүй. Бодоод үз л дээ, Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” хуульд намайг яаж ч аашилсан гэмт хэрэгтэн гэж үзэх цэг таслал ч алга. Тиймээс би гэмт хэрэгтэн биш. Гэр бүлийн хүчирхийлэгч нэртэй айлын эзэн, авааль эхнэрийн эрлэг байна. 

Хүчирхийлэлд өртөгч: Бид гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд нэр зүүснээрээ төрийн хууль, төрийн цагдаагаараа хамгаалуулж чадахгүй байна

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нөхрийнхөө гарт бэртэж, гэмтэж, амиа алдсан мянга мянган эмэгтэйчүүд, төрсөн эцэгтээ зодуулж, хүнд, хөнгөн хэлбэрээр  бэртэл авсан бяцхан хүүхдүүд, хойд эцгийнхээ харгис харцнаас үргэлж бэргэж явдаг зуу, зуун жаалууд, тэвчээр алдахдаа эр нөхрийнхөө биед халдаж шоронд хоригдсон олон зуун эмэгтэйчүүд. Тийм ээ, бид бүгд хүчирхийлэлд өртөгчид. Бидний өнөө, маргааш үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн жамаар үргэлжилж байна. Өнөөдөр бидэнтэй ижилхэн зовлонтой мянга, мянган хүн манай улсад бий.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд өдөрт л гэхэд  бидэн шиг 7-8 хүн хандаж байна. Ургуулаад бодвол сардаа 210, жилдээ 2500 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд ямарваа нэгэн байдлаар өртөж байна. Үүний цаана эрх ашгаа хамгаалуулах тал дээр ямар ч алхам хийгээгүй, хүчирхийлэлд өртдөгөө нууж яваа хэчнээн хүн байгаа бол. Бодохоос аймар. Нийгмийн амьдралын хүнд хэцүүг үүрч яваа бидний эрхийг, бидний аюулгүй байдлыг өнөөдөр хэн хамгаалж байна вэ. Монголын төр үү. Хүн ардынхаа амар тайван амьдралын төлөө гэх уриатай төрийн цагдаа юу. Харамсалтай нь үгүй. Өдгөө бид гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд нэр зүүснээрээ төрийн хууль, төрийн цагдаагаараа хамгаалуулж чадахгүйд хүрээд байна. Эр нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага цагдаад өгөхөд “Гэр бүлийн хүмүүс хуулиар бус өөрсдөө эвлэрсэн нь дээр. 

Тэгээд ч эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг биз дээ” гэсэн хариуг авдаг нь харамсалтай байгаа биз. Манай хууль сахиулагчдынхаар бол монгол эхнэрүүд нөхөртөө зодуулдаг нь байх ёсны зүйл аж. Энэ талын бодлогын баримт бичиг болсон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хууль нь ч гэсэн ийм үзлийн үндэс нь болж. Уг хуулийн  5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заажээ. Үүгээр бол хэрвээ  танихгүй хэн нэг этгээдийг цохиод унагачихвал гэмт хэрэг болдог. Харин гэр бүлийн гишүүнээ цохичихвол гэмт хэрэг биш ч юм шиг. Энгийн нэг жишээ гэхэд саяхан найз хүүхэн маань найз залуугаасаа жавтий хүртээд цагдаагийн байгууллагад хандлаа. Хариуцаж авсан хэрэг бүртгэгч нь “Танд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байна. Тэгээд ч гэр бүлийн маргаанд бид оролцохгүй” гээд буцаажээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Нэг бол сайн зодуулаад хүнд гэмтэл авах юм бол төр таныг хамгаална тэр болтол тэвч гэсэн үг үү. Үнэндээ хүчирхийлэлд өртөгч бидэнтэй хууль сахиулагчид ингэж л хандаж байна.

Ийм байдлаас болж хүчирхийлэгчид улам даварч, хүчирхийлэлд өртөгч бидний тоо жилээс жилд өссөөр байна. Та бод л доо. 2010 онд гаргасан Үндэсний стратегийн хорооны судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн дүн гарчээ. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилийн дотор 41 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдаж, 1780 хүн энэ гэмт хэргээс болж гэмтсэн байх юм. Дайн дажин, байгалийн гамшиг, гэнэтийн осол биш дээ. Дөчийн дөчин хүн амиараа, мянга мянгаар тоологдох хүн эрүүл мэндээрээ хүчирхийллээс болж хохирно гэдэг байж болох үзэгдэл үү. Тэдний амь насыг, эрүүл мэндийг үгүй хийсэн хүчирхийлэгчид өдгөө гэм зэмгүй хүн шиг эрх чөлөөтэй сэлгүүцэж яваа гэж бодохоор дотор муухай оргиж байна.

Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн нэгнийг хамгаалдаг чангахан хууль манай улсад даанч алга. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн биднийг хамгаалдаг ганц нэг төрийн бус байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо гэх газар байгаад баярлаж байна. Гэвч тэдний үйл ажиллагаа хүчирхийлэлд өртсөн бидний нийт  олонхид хүрч чадахгүй л байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс арга ядан зугтахдаа хамгаалах байр бараадахаар очиход ор хүрэлцэхгүй, ачаалал нь ихэдсэн байдал угтаж байна. Сэтгэлээрээ, хүслээрээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 20 ор, 16 аймаг дахь салбар, Багануур, Налайх дүүрэгт байрлах хамгаалах байрыг эс тооцвол биднийг гэх газар хомс байна. Үнэндээ хүчирхийлэлд өртөгч би өөрийгөө өрөвдүүлэх гэж энэ бүхнийг өчсөнгүй. Над шиг мянга, мянган хүн ийм байдлаар зовж байна. Бид бол нийгмийн нэг эд эс. Тиймээс төр засаг минь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорьж, зүтгэж яваа бол нийгмийн нэгээхэн хэсэг болсон хүчирхийлэлд өртөгчдийнхөө төлөө ажиллаад үзээч. Биднийг хамгаалах орон байрыг олшруулж, хүчирхийлэлд өртөгчдийн тоог багасгах тал дээр бодлогын баримт бичгийг боловсруулаад өгөөч. Гуйж байна. Мянга, мянган хүчирхийлэлд өртөгчид төр засгаасаа хүсэж байна.

Хүчирхийлэлтэй тэмцэгч: Хүчирхийллийн эсрэг тэмцэх мэргэжилтнийг үндэсний хэмжээнд бэлтгэе

Гэр бүлийн хүчирхийлэл бол манай нийгмийн толгой өвтгөсөн асуудлын нэг яах аргагүй мөн. Хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн өртөж байна. Бид 1995 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч жил ирэх тусам хүчирхийлэлд өртөгчдийн тоо өссөөр байна. Өнөөдөр бид өөрсдийн чин зорилго, хүсэл эрмэлзлэлээрээ л үйл ажиллагаагаа явуулж байна. Биднийг гээд зориод ирсэн хүмүүст чадах ядахаараа тусалж байгаа ч хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд хүчин мөхөстөх боллоо. Сайхан сэтгэлт, сайн үйлсийн төлөө ажилладаг аж ахуйн нэгжийн хандиваар өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уг нь төрөөс биднийг дэмжээд өгвөл хамрах хүрээгээ өргөжүүлж, хүчирхийлэлд өртөгчдийг хаана ч байсан хамгаалж болохоор байна.

Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт хүчирхийллийн эсрэг төв байгуулж, гэр бүлийн хүчирхийллийг багасгах тал дээр олон ажил зохиож болохоор байна. Энэ мэтчилэн бэрхшээл бас боломж болгоныг тоочоод байвал барагдахгүй. Харин одоо хамгийн түрүүнд хэлье гэсэн санаагаа л дурдъя. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийг багасгахад нэн түрүүнд юу хийх шаардлагатай байгаа талаарх санал юм. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Хоёрдугаарт, хүчирхийлэлтэй тэмцэх мэргэшсэн ажилтныг үндэсний хэмжээнд бэлдэх. Дээрх хоёр ажлыг хийхэд хамгийн гол үүргийг төр хүлээнэ. Төр санаачилгатай ажиллаж, хүчирхийллийн эсрэг хуулийг яаравчлан батлуулж, хүчирхийллийн эсрэг тэмцэх ажилтныг мэргэжилтний хэмжээнд бэлтгэж гэмээнэ гэр бүлийн хүчирхийллийг багасгах, цаашлаад байхгүй болоход нь хамгийн чухал нөлөө үзүүлэх юм.

Гэр бүлийн хүчирхийллээс ангижрахад бидний чин сэтгэл л хэрэгтэй

Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэлтэй тэмцэгч гурван субьект ингэж өгүүлж байна. Өнөөгийн нийгэмд хүчирхийлэгч хууль эрхзүйн орчин сул байгааг далимдуулж бүр даам гарчээ. Харин хүчирхийлэлд өртөгчид аргаа барсан байдалтай хэн нэгнээс аврал эрэн тэвдэж байна. Энэ бүхэнтэй тэмцэгчид байгаа бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа ч ачааллаа даахгүйд хүрч, төр засгаас тусламж хүсэх дээрээ тулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн бодит байдал ийм л байна. Тэгвэл энэ байдлаас яаж ангижрах вэ. Ангижрах арга зам ганцхан байгаа нь чин сэтгэл л байна. Энэ чин сэтгэл маш өргөн хүрээг хамрах бөгөөд монгол хэмээх нэгэн овгоор овоглож яваа хүн бүхэнд хамаатай. Хөгшин залуу, хүүхэд гэлтгүй, гадаадад байгаа дотоодод амьдардаг гэдгээрээ ч бус, төрийн түшээ, түмний танил гэдгээрээ ч ялгаагүй бүгд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгэн дуугаар тэмцэх цаг болжээ.

Энэ тэмцлийн тэргүүн эгнээнд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань зогсвол бүр сайнсан. Тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үзэл баримтлал, үг хэлээ нийт иргэддээ нэгэнт дуулгасан байгаа. “Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэцгээе” гэдгээ ч уриалсан. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө энэ үзлийг иш үндэс болгоод энэ нийгмээрээ, нийт ард олноороо гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчин үүний төлөө ажилладаг болцгооё. Хүн бүхний шүүмжлээд байгаа хуулиа шинэчлээд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэхэн хуулиа хурдхан “өлгийдөж” авцгаая. Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг болгодог, бүтдэг болгодог боловсролын салбарыг энд дайчилъя.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үзэл бодлыг төлөвшүүлэхэд түлхэц өгөх шинэхэн хичээлийн программыг зохиогоод үзэхэд яагаад болохгүй гэж. Энэ мэтчилэн сэтгэл байхад бүтэхгүй зүйл гэж байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийг устгахад хувь нэмэр болох санаа оноог нийт иргэдийнхээ дунд зарлаад үзье. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг дээ. Одооноос бүгдээрээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний зөвлөлдөх уулзалтыг хийх ажлыг зохион байгуулвал ямар вэ. Тийм ээ, яагаад болохгүй гэж. Хийгээд үзье монголчуудаа. 


Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэлтэй тэмцэгч гурав хүүрнэсэн нь   
Үзсэн: 2869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй