Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хээр алаг гүүний шийр алаг унага

2014-10-27 10:18:14
Error loading player: No playable sources found

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Хээр алаг гүүний шийр алаг унага

“Ямар дүрсгүй хүү вэ. Тархигүйтээд байвал хөнгөлж орхино шүү” гэж Бадарч хөмсгөө сүртэй зангидан бүдүүн дуугаар хүнгэнүүлэв. Хонгор Бадарчаас зайлан зогсож, нохойд шахуулсан муурын нүдээр ширтэн биеэ хураагаад “Чи муу хөнгөл л дөө. Би ёох гэхгүй” гэж хашгирахад нүдэнд нь доголон нулимс тунарлаа.

Бадарч “Бэлтэй хүний ганц хүү гэсэндээ шөрмөстэй байна” гээд нүдээ жартайлган инээв. “Миний хүү том хүнтэй ингэж ярьж болохгүй” гэж Итгэлт хүүгээ зэмлэсэн боловч дотроо «Миний хүү ч яггүй эр болно доо» гэж бахдав”. Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын алдарт “Тунгалаг Тамир” романы энэ хэсэгт Луу гүний хошууны тэргүүн баян Итгэлт бусдын нүдэн дээр хүүгээ зэмлэвч хэлж буй үгэнд нь цаанаа сэтгэл хангалуун суугаа нь дүрслэгддэг. Нэг үгээр бол гэрийн эзэн хүүдээ дээрх үг, үйлдлийг ингэж хэлж ярь гэж шууд сургаагүй ч  гэр бүлийн хүмүүжлээр хэдийнэ үлгэр үзүүлсэн хэрэг.
Гэр бүл... энэ үгэнд итгэл, хайр халамж, аз жаргал, хамтын хүчин чармайлт, амлалт, ер нь хорвоогийн хамгийн сайн сайхан утга агуулагдана. Гэвч мөнөөх үг сүүлийн үед хойноо хүчирхийлэл хэмээх тодотголтой нэлээд ашиглагддаг болж. “Манай улсын гурван өрх тутмын нэгэнд гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр оршдог. Өнгөрөгч 2013 онд улсын хэмжээнд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх  албан ёсны тоо байна. Мөн үүний цаана нуугдмал хүчирхийлэлд өртдөг хүмүүс байгааг мартаж болохгүй. Хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид байна” зэрэг тоо баримтууд хөвөрсөөр байна.

Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж  чухам юу болох, хэн үйлддэг вэ гэх  асуулт гарч ирэх нь дамжиггүй. Үүнд хариулт байна. “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм” гэсэн тодорхойлолт бий.

Хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилт бүхий  2004 онд батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” эдүгээ хэрэгжиж байгаа. Гэвч хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий байдлаар тусгаж, хохирогч түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсан талаар хууль хэрэгжүүлэгчид, уг чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, судлаачид анхааруулдаг. Ийн нийгмийн шаардлагаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа билээ. Мөн “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах  талаар  яригдаж байгаа юм.

Түүнчлэн гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг тухайн асуудлаар мэргэшсэн шүүгч шүүдэггүй, уг чиглэлээр гаршсан албан хаагчид байдаггүйгээс иргэд  сэтгэл санаа, эд материалаар ихээхэн хохирдог талаар багагүй яригддаг.

“Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д цогцоор нь “салхи” оруулж хууль, эрх зүйн зохицуулалтыг нэг шат ахиулах гэж буй нь баярлууштай. Гэр бүлийн хүчирхийлэл гарсан тохиолдолд дээрх хуулиудаар зохицуулаад байж болох нь.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа нөхдүүдийн ухамсар сэтгэхүйг яаж өөрчлөх, ирээдүйд хүчирхийлэгч “төрөх” эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хаа хаанаа орхигдуулаад байх шиг. Хүн эхээс мэдлэг боловсролтой, бүхнийг мэддэг, чаддаг төрдөггүй. Үүнтэй адил  эхнэр, үр хүүхдээ дарамталдаг, найз бүсгүйгээ зоддог, нөхрөө зовоодог тэр хүмүүс цаанаасаа харгис балмад хүчирхийлэгч байхаар заяагдсан бус дийлэнх нь өсч торнисон орчин, гэр бүлийн хүмүүжлийн нөлөөнд автдаг нь амьдралын бодит үнэн.

Эхнэр, нөхөр хоёр хүүхдийнхээ дэргэд хараалын үг урсгаад байвал та дараа нь тэдгээр үгийг хүүхдээсээ эргүүлээд л сонсох болно. Хүүгийнхээ нүдэн дээр эхнэрээ алгадвал таны хүү ирээдүйд найз бүсгүй, эхнэртээ мөн л тийм үйлдэл үзүүлэх магадлал хамгийн өндөр. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал, хүмүүжлийг тольтой зүйрлэвэл бодит тусгал нь таны үр хүүхэд. Тиймээс ирээдүй хойч үеэ хүчирхийллээс ангид байлгая гэвэл хүүхдийг хэвлийд байхаас нь хүн болж төлөвшиж буй тэр л үед нь анхаарцгаая.

Түүнээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн хэчнээн сайн хууль, эрх зүйн зохицуулалт байгаад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “дархлаа” тогтоогүй бол нэмэргүй. Хүчирхийлэлгүй байх үндэс нь гэр бүлийн хүмүүжил орчноос хамгийн их хамаарна. Дараа нь цэцэрлэг, сургуулийн орчин найз нөхдийн хүрээ чухал.

Гэхдээ бид айл бүр хүүхдээ сайн хүмүүжүүл, тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл аяндаа үгүй  болно гээд орхиж бас болохгүй. Энэ бол хүн байгаа цагт дагалдан орших мөнхийн сэдэв учраас хэрхэн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар ихэвчлэн ярих ёстой байх.

Ямартай ч цэцэрлэгийн наснаас эхлэн дунд сургууль төгстөл нь хүн болохуй, гэр бүл, түүний хариуцлагын талаар өвөг дээдсийн сургаалийг барьсан зөв ойлголтыг өгөх сургалтыг хичээлийн хөтөлбөрт оруулах шаардлага байна. Сайн үйлс, саар явдлыг хамгийн шуурхай олон нийтэд хүргэх хүчтэй “зэвсэг” бол яах аргагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэхүү боломжийг ашиглан телевиз, сонин, радио, сайтуудаар олон нийтэд гэр бүлийн боловсрол түгээе. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлэг, нийтлэлийн буланг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулцгаая.
Түүнээс төр дангаараа энэ асуудлыг хариуцвал хүч тарамдахын дээр хурдан хугацаанд эерэг үр дүн  гарна гэдэг боломжгүй зүйл.

Өнөөдрийн гэр бүлийн асуудлаарх хөрөнгө оруулалт ирээдүйн иргэдийн ёс зүйг тодорхойлдог гэдэг юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна” гэж  сайхан үг хэлсэн.

Тийм ээ, төр засаг, ард иргэд, дөрөв дэх засаглалынхантайгаа хамтран бүгдээрээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе. Манайхан бас яггүй ард түмэн шиг байгаа юм. Ямар сайн даа л “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж хэлэх вэ дээ. Та бид чинь уул шугамандаа бүгд л “Хээр алаг гүүний шийр алаг унага” юм шүү дээ.

Т.Сэлэнгэ /Нийслэл таймс сонин/
 


Хээр алаг гүүний шийр алаг унага  
Үзсэн: 2582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй