Шууд Chart

Сангийн яам томорч, хөрөнгийн зах зээлд эрсдэл нүүрлэв...

2014-10-27 16:07:34

Сангийн яам энэ онд хөрөнгийн зах зээлийн томоохон хоёр оролцогчийг өөрийн болголоо.  Засгийн газар 2014 оны тавдугаар сарын 10-нд  “Монголын хөрөнгийн биржийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 тоот тогтоол гаргаж, Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн юм. Ингэж л Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчийн хорооны мэдлээс гарч Сангийн яамны мэдэлд ирсэн...

Нэгэнтээ хувьцаа эзэмшигч нь болсон учраас Монголын хөрөнгийн биржийн Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх төлбөрийг ч сангийн яам нуруундаа үүрлээ. Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд хийгдэх зүйлүүдийг нарийвчлан тусгасан “ажлын мастер гэрээ”-г Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд үзэглэж байлаа.

Уг гэрээнд хөрөнгийн зах зээлийг зохицуулсан хууль, дүрэм, журмыг  боловсронгуй болгохоос гадна, энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхижуулахаар тусгасан. Мөн хөрөнгийн биржийн арилжааны системийг дэлхийн жишигт хүргэх тухай заалт ч багтсан юм. Энэ дагуу Лондонгийн хөрөнгийн биржийнхэн өөрсдийн ашигладаг “миллениум айти” системийг манай биржэд суурилуулж өгсөн. Лондонгийн хөрөнгийн биржээс авсан эдгээр үйлчилгээний төлбөрт манай улс 14.2 сая ам.долларыг гэрээний дагуу төлөх ёстой. Гэвч үүний 5.2 сая ам.долларыг 2011 оны төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржэд эхний жилийн төлбөрөө төлж байлаа. Харин үүнээс хойш нэг ч төгрөг төсөвт суулгаагүй учраас арилжааны банкуудаас 1.6  сая ам.доллар зээлж, Лондонгийн хөрөнгийн биржэд 2012 оны эхний хагас жилийн төлбөрийг төлсөн тухай Монголын хөрөнгийн биржийн Санхүү захиргаа хариуцсан дэд захирал асан Д.Энхзул өмнө нь мэдэгдэж байсан удаатай.  /Ярилцлгагыг бүрэн эхээр нь  ЭНДЭЭС уншина уу. 

Ийнхүү өнгөрсөн хугацаанд лондонгийн хөрөнгийн биржэд 6.8 сая ам.долларын төлбөр төлсөн ч, үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт суулгалгүй явж ирсэн. Тэгвэл, 2014 оны тавдугаар сарын 10-нд засгийн газраас гаргасан 152-р тогтоолд, үүнийг хэрхэхийг давхар тусгажээ. Тодруулбал, Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх 8.7 сая ам.долларын үлдэгдэл өрийн эх үүсвэрийг 2015 оны төсөвт суулгаж шийдвэрлэхээр тусгасан байна. Лондонгийн хөрөнгийн биржэд нэн даруй төлөх 1.5 сая ам.долларыг ч төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх тухай мөн тусгажээ.  Ер нь Лондонгийн хөрөнгийн биржэд төлөх төлбөрийг төсөвт суулгаад Монголын хөрөнгийн бирж төлсөн, Сангийн яам өгсөн хоёр зарчмын хувьд ялгаагүй. Тиймээс Монголын хөрөнгийн биржийг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн нь зүгээр ч нэг өр, төлбөрөөс болсон хэрэг биш. Харин үүний цаана юу нуугдаж байгаа нь олны анхаарлыг төвд байсаар байна.

Тиймээс ямар зорилгоор Монголын хөрөнгийн биржийн хувьцааг авсан талаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Б.Нямаагаас тодруулсан юм. Тэрбээр энэ асуултанд “...УИХ өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлтэй холбоотой маш олон ажил хийгдэхээр төлөвлөгдөөд, хүлээгдэж байна. Энэ бүх шинэчлэлийн ажлын том зангилаа нь Монголын хөрөнгийн бирж болчихоод байгаа юм. Гэтэл энэ бирж шинэчлэлийн ажлаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй, зах зээлийн хүсэн хүлээсэн түвшинд ажиллахгүй байсан. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд ч, хууль эрхзүйн орчны хувьд ч нэлээд төвөгтэй байдал үүссэн учраас, Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших эрхийг сангийн сайдад шилжүүлсэн” гэх тайлбар өгсөн юм. /Ярилцлгагыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу. 

Ийм шалтгаанаар хөрөнгийн зах зээлийн нэг оролцогчыг өөртөө авсан байж болох. Харин нөгөө нэг оролцогчийг яах гэж авсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байсаар л... Тодруулбал, засгийн газар 2014 оны есдүгээр сарын 18-нд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 292 тоот тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам болжээ... Сангийн яам цаашид ҮЦТТТХТ-өөс “Хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг тусгаарлан, түүнийг шинээр үүсгэн байгуулагдах төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлэх юм байна. Харин үлдэж байгааг нь “Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болгон өөрчилж, хувьцааг нь  “Монголын хөрөнгийн бирж”-эд 100 хувь эзэмшүүлэх юм байна.

Өөрөөр хэлбэл, ҮЦТТТХТ-ийг хоёр хувааж, нэгийг нь Монголын хөрөнгийн бирж эзэмшинэ. Харин нөгөөг нь хэн эзэмших вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газраас өнгөрсөн сард гаргасан 292 тоот тогтоолд ч энэ тухай тусгасангүй. Тиймээс Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Д.Нямаагаас энэ тухай тодруулахад, яамны дэргэд байгуулна гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон өөр тайлбар өгч байгаа юм. Компанийн тухай хуулийн 22.2-т  “Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна” гэсэн зүйл заалт байдаг аж...  Хуулийн энэ заалтаар явбал, Монголын хөрөнгийн биржийн эзэмшилд 100 хувь очих “Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөр”-ийн  охин компани нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл” болох боломжтой болох юм.


Монголын хөрөнгийн бирж 1996-1999 оны хооронд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн дансан дахь мөнгийг арилжааны банкуудад хадгалуулж, салхинд хийсгэсэн гэгддэг. Энэ талаар Азийн хөгжлийн банк хүртэл дүгнэлт гаргаж байжээ. Тухайлбал, 1996-1999 оны хооронд Монголын хөрөнгийн бирж хувьцаа эзэмшигчдийн хувьцаа болон ногдол ашгийн 1 тэрбум 35 сая төгрөгийг эрсдэлд оруулж, үйл ажиллагааны доголдолд орсон гэсэн дүгнэлтийг тус банк гаргаж байжээ. УИХ энэ дүгнэлтэд үндэслэж “ҮЦТТТХТ”- ийг бие даалгахаар “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд өөрчлөлт оруулж байсан байна. Энэ дагуу засгийн газар 2003 онд 72 дугаар тогтоол гарган Монголын хөрөнгийн биржийн бүтцээс үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааг салгаж, ҮЦТТТХТ”- ийг байгуулах шийдвэр гаргасан удаатай. Ийнхүү хэдхэн жилийн өмнө салгасан хоёр байгууллагыг эргэж нийлүүлэх нь. Ингэхдээ, 292-р тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржийн дэргэд  “Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөр” компани байгуулагдах юм.

Ингэснээр, хөгжих гэж ядаж яваа хөрөнгийн зах зээлд хэд хэдэн эрсдэл тохиох магадлалтай байгааг энэ зах зээлд оролцогчид анхааруулж байна. Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг төр өөрийн мэдэлд үлдээж, 66 хувийг хувьчлахаар “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. УИХ удахгүй энэ асуудлыг хэлэлцэж хувьчлахаар тогтвол, Үнэт цаасны төлбөр тооцооны хэсэг хамт хувьчлагдах эрсдэл тулгарах юм. Манай улс хэдхэн жилийн өмнө хөдөө аж ахуйн биржтэй болсон. Цаашид эрдэс баялаг, валютын биржүүд байгуулахаар төлөвлөж байгаа... Хэрэв, Монголын хөрөнгийн биржтэй хамт, төлбөр тооцооны хэсэг хувьчлагдвал хөдөө аж ахуй, эрдэс баялаг, валютын биржүүд төлбөр тооцоо хийх дэд бүтэцгүй болох юм. Өөрөөр хэлбэл, монголын хөрөнгийн биржийг хувьчилж авсан компаниас хараат болох эрсдэл бий.

Үүнээс гадна, компанийн тухай 22.2-т зааснаар,  “Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөр”-ийн охин компани нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл” болвол, 1996-1999 онд тохиолдсон шиг үйл явдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. “ҮЦТТТХТ”- ийн дансанд өнөөдөр 800 мянган хувьцаа эзэмшигчийн 11.5 тэрбум төгрөг байна. Үүнээс гадна, 339 хувьцаат компанийн 18 гаруй тэрбум ширхэг үнэт цаас хадгалагдаж байгаа юм. Энэ бүх хөрөнгийг Монголын хөрөнгийн бирж өмнөхийн адил захиран зарцуулах вий гэсэн болгоомжлол байна. Нөгөө талаас “ҮЦТТТХТ”- д манай улсын 2.9 сая иргэний “Төрийн нууц”-д хамаарах мэдээ, мэдээлэл байдаг. Үүнийг Монголын хөрөнгийн биржэд өгч, энэ бирж хувьчлагдвал түүнийг авсан гадаадын менежментийн багийн мэдэлд нууцлалын зэрэгтэй мэдээлэл очих эрсдэл гарах юм.

Өнөөдөр санхүүгийн зах зээлийн нийт активын 95 хувь нь арилжааны банк, 5 хувь нь хөрөнгийн, даатгалын гэсэн зах зээлд оногдож байна. 1990 оноос хойш хөгжих гэж ядаж яваа хөрөнгийн зах зээлээ бид сүйрүүлэхгүй байхын тулд, ҮЦТТТХТ-ийг хуваахдаа аль алийг нь Монголын хөрөнгийн биржийн мэдэлд аваачихгүй, Сангийн яамны дэргэд хараат бус байлгах хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж  байна. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны дэргэд Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, Үнэт цаасны хадгаламж бүртгэл гэсэн бие даасан компаниуд байгуулах ёстой. Түүнээс Сангийн яам ҮЦТТТХТ-ийг хоёр хувааж, аль алийг нь Монголын хөрөнгийн биржэд өгвөл, хөрөнгийн зах зээл хөгжих бус, сүйрэх аюул байгаа юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Сангийн яам томорч, хөрөнгийн зах зээлд эрсдэл нүүрлэв...   
Үзсэн: 4654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй