Шууд Chart

Хайр биш...

2014-10-29 09:56:39

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Хайр биш...


Дахин нэг амь
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр тойргийн шүүхээс өнгөрсөн сарын 10-нд нэгэн хүн амины хэргийн шийтгэх тогтоолыг гаргажээ. Тодруулбал, найз залуугийнхаа гэрт тархины хүнд гэмтэлтэй хоёр өдөр ухаангүй байсаар эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан 21 настай бүсгүйд холбогдох хэргийн тухай юм.

Хавтаст хэргээс...
2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 21 настай Ө.Алтанзулыг найз залуу Б.Төмөрбаатар нь утсаар дуудав. Ө.Алтанзул гэрийнхэндээ “Төмөрөө дуудаж байна. Удахгүй ороод ирнэ” гэж хэлээд гарчээ. 18:00 цагийн үед гарсан охин нь тэр шөнөдөө ирсэнгүй, маргааш нь аав нь хэдэнтээ утас цохисон ч авсангүй. Охиных нь найз залуугийнх нь гэр ойрхон учир очиж харуулдвал түгжээтэй байсаар хоёр хоножээ. Гэтэл хоёр дахь өдрийн үдээс хойш Б.Төмөрбаатар холбогдож “Охин чинь муудаад байна. Дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир” гэжээ. Сандарсан хүмүүс дүүргийн эмнэлэгт хүрвэл охиныг тархины хүнд гэмтэлтэй ирсэн учир Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлсэн гэсэн байна. Үүний дагуу очвол охин нь ухаангүй угтаж, найз залууг нь цагдаа саатуулсан байжээ.

Харин Гэмтлийн эмнэлгийн эмч нь тэдэнд “Ө.Алтанзул гадны нөлөөтэй тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Амьд үлдэх 15 хувийн магадлалтай. Тархин тус газраа дөрвөн гэмтэл авсан. Гавал, хуйх хоёрын завсар цус хуралттай. Энэ гэмтэл нь үснээсээ маш хүчтэй зулгаалгах юм уу, хүчтэй дугтарч татуулснаас үүсдэг. Мөн гуя, цавь орчим хөхрөлт, няцралт үүссэн байна. Эхний ээлжинд яаралтай тархины хагалгаанд орох хэрэгтэй. Эртхэн цагдаа сэргийлэхэд хандаарай” гэжээ. Ингээд тэр өдрөө Ө.Алтанзул хагалгаанд орсон ч ухаан орохгүй байсаар ес дэх хоногтоо өөд болжээ.

Гэрээсээ эрүүл саруул гараад явсан охин нь яаж яваад тархиндаа хүнд гэмтэл авчихав, түүнийг Б.Төмөрбаатар хоёр хоногийн турш хаана байлгасан юм бол гэсэн асуултууд ургаж ар гэрийнхэнд нь хардлага төрснөөр жил дамнасан маргааны эхлэл болсон аж.

Талийгаач Б.Төмөрбаатартай танилцаад 10 орчим сар өнгөрч хоёр гэрээрээ орж гардаг болсон байжээ. Тэднийх хоорондоо хэдхэн гудамжны зайтай. Танилцаад удалгүй  талийгаач нэг бус удаа шарх сорви болчихсон гэртээ ирдэг болжээ. Найз залуугаараа зодуулчихсаныг нь мэдсэн ээж, эгч нар нь цагдаа шүүхэд мэдэгдье гэхэд талийгаач “Хэл ам хийгээд хэрэггүй. Төмөрөө дахиж зодохгүй гэсэн” хэмээн учирласаар байгаад болиулсан гэдэг. Гэвч найз залуугийнх нь хүчирхийлэл зогсоогүй гэнэ. Хохирогчийн утсанд “...дүү нарт нэгж явуул, найзын төрсөн өдөр болж байна мөнгө явуул, зодуулах чинь дутаа юу” гэсэн мессежүүд явуулж, бүр ээжид нь гар хүрч байсан удаатай аж.

Б.Төмөрбаатар гэрийнхэндээ ч хатуурхдаг нэгэн байсныг аав нь ярьдаг юм байна. Тархины хүнд гэмтэлтэй найз охиноо хоёр өдрийн турш гэртээ байлгахдаа дуугүй байхыг шаардаж аавтайгаа муудалцсан тухай хавтаст хэрэгт тэмдэглэжээ. Хэрэг болсон үед цаг хугацааг дахин ухраавал...2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд Б.Төмөрбаатар найз охиноо гэрээс нь дуудаж хоёр найзын хамт шөнийн цэнгээний газарт орчихоод харих замдаа дүүгээ гэрээсээ дуудаж хүргүүлсэн гэдэг. Энэ үеэр талийгаачийг үүрч явсан дүү нь хальтирч унаснаар хэргийн буруутан болж, шүүхээс 2.6 жилийн ял сонсчээ. Харин Б.Төмөрбаатар эдүгээ сул эрх чөлөөтэй, ямар нэгэн хариуцлага хүлээгээгүйд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байна. Бүсгүйн аминд хүрсэн гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр гавал тархины гэмтэл гэжээ.

Үүнээс гадна дотор эрхтэн, гуя шилбэний гэмтлийг ч онцлосон байна. Хоёр удаагийн уналтад ийм олон төрлийн гэмтэл авах нь зүйд нийцэхгүй, гэр бүлийн хүчирхийлэл байсан гэж хохирогчийн тал үзэх болжээ. Үүнийг батлах нотолгоо нь дээр дурдсан эмчийн яриа “...танай охин гадны нөлөөтэй тархиндаа хүнд гэмтэл авчээ. Гавал, хуйх хоёрын завсар цус хуралттай. Энэ гэмтэл нь үснээсээ маш хүчтэй зулгаалгах юм уу, хүчтэй дугтарч татуулснаас үүсдэг” гэсэн бол уг хэргийг шалгасан мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд “2012 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр БЗД-ийн тавдугаар хорооноос Ө.Алтанзул нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан” гэж тэмдэглэжээ.

Эрчүүд хатуурхлаа биш хайраа илчилдэг
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн охид, эмэгтэйчүүд байдаг. Ганцхан хоногийн дараа 21 насны төрсөн өдөр нь тохиох байсан цэл залуухан бүсгүйн үхэлд найз залуугийнх нь хүчирхийлэл нөлөөлсөн үү. Түүнийг найз залуудаа дарамтлуулдаг байсан баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй нь эдүгээ ар гэрийнхнийг гомдол гаргахад хүргэсэн байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүйн нэгэн жишээ. Энэ тухай доор өгүүлэх учир түр азная. Харин энэхүү дэд сүүлийн үед охид, эмэгтэйчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөх болсныг тодруулахыг оролдъё.

Хохирогчдыг буруутгах тал нийгэмд бий. Өөрөөр хэлбэл, ийм хүнтэй /хүчирхийлэл үйлдэгчтэй/ яах гэж амьдарсан юм гэж. Амьдрал зохиох гэж буй эмэгтэй хүн бүрийн сэтгэлд “Энэ хүн намайг насан туршид хайрлаж чадах уу” гэх асуулт хариулт нэхсээр байдаг. Үнэндээ эрчүүд хатуурхлаа биш, хайраа илчилдэг шүү дээ. Тэд хэзээ ч нүүрэн дээрээ “Би чамайг хэзээ нэгэн цагт зодно, би ширүүн, харгис зантай” гэж бичихгүй.

Сэдэл ба 80 дугаар зүйл
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн шийдвэрлэлт шүүмжлэхэд хүргэж байгаа нь сүүлийн үед гарч буй хэргүүд харуулах болов. Найз охиноо 48 цагийн турш зодсон гэх Алтанхүүгийн хэрэг, хоёр хүүхэдтэй 50 настай эмэгтэй нөхрийнхөө гарт үрэгдсэн, Дархан-Уул аймагт найз залуугийнхаа гэрт өөрийгөө хорлосон гэх 25 настай сувилагч бүсгүйн хэргүүд бүгд гомдолтой шийдвэрлэгдсэнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харж болох. Хохирогчид хэргийн сэдэл, шалтгаан, тухайн нөхцөл байдлыг хэргийн шийдвэрлэлтэд тусгадаггүй гэдгийг онцолдог. Үүнийг хуульчид ч ярьдаг юм билээ. Бидний дээр дурдсан 21 настай бүсгүйн амиа алдсан хэргийн шийдвэрт ч нөхцөл байдлыг тусгаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг гэрээс нь дуудаж авч гарсан найз залуу нь, хамт цэнгээний газарт орсон найзууд, ухаан алдсан бүсгүйг гэртээ хоёр хонуулсан аав ээж нь ямар ч хариуцлага хүлээхгүйгээр нэг л хүнд ял оногдуулсан. Уг нь хэргийн нөхцөл шалтгааныг хавтаст хэрэгт тусгах тухай хуульд заачихсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нэрлэх тухай заалтыг сөхье. Гэмт хэргийн сэдэл, шалтгаан нөхцлийг судалж хэргийн тухай бодит баримтыг тогтоохыг хуулиар зүйлчлээд өгчихсөн байна. Тухайлбал, тус хуулийн 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон  бусад байдал/, 80.1.3. гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, 80.1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг нэрлэж болно. Тиймээс гэмт хэргийн шийдвэрлэхэд энэ зүйл заалтын хэрэгжилтийг хуулийн байгууллагаас нэхье.

Манай улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батласан бөгөөд эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа. 10 гаруй жилийн өмнөх нийгмийн байдалд тохируулан санаачилсан хуулиар одоогийн гэр бүлийн хүчирхийллийг зохицуулж байгаа нь дутагдалтай зүйл олонтаа ажиглагдах болов. Уг хуулийн 17.3-д шүүх байгууллага хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг тухайн нөхцөл байдалд нь тохируулж нэг жил хүртэл хугацаагаар авч болно гэсэн нь тэдэнд ногдуулах арга хэмжээ хэтэрхий зөөлөн байна гэж буруушаах хүмүүс бий. Мөн хүний амь нас хохирсон тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах тухай заалт байдаггүй юм байна. Хамгийн хүнд нь л гэхэд тус хуулийн 17.6.6-д заасан “...Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй тохиолдолд шүүх шийдвэрээ тухайн нөхцөл байдалд тулгуурлан гаргана гэжээ. Харин хүний амь нас хохирсон тохиолдолд хэрхэх вэ. Одоогоор уг хуульд үүний хариулт алга. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид амиа алдсан тохиолдолд шийдвэрлэгдэж байгаа нь өнгөрсөн хэргүүд харуулж байна. Тэгэхээр үүнээс өмнө гэр бүлийн хүчирхийллийг хүнд шатанд хүргэхгүйн тулд хийх алхамуудыг эргэцүүлье.

Гэр бүлийн хүчирхийлэл хэзээ ч ил гардаггүй
Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хэн нэгэнд хандаж тусламж авах нь маш ховор. Бид найз залуу, нөхөр, аав ээж намайг дарамталж байна, зодож байна, хүчирхийлэл үйлдэж байна гэхээс эмээдэг. Би л хичээвэл болчих байх эсвэл би ийм л хувь заяанд төрсөн хүн, нэр хүндээ бодъё хэмээн дуугүйхэн өнгөрөх тохиолдол олон. Гэвч эцсийн эцэст хэн нэг нь амь насаа алдаж тэрхүү харилцаа төгсдгийг мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ.

Хүчирхийллийн мэдээллийг худалдаж авъя
Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ. Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн гишүүд ил гаргаж чаддагүй юм бол үүнтэй тэмцэхийн тулд бусдыг татан оролцуулъя. Тэдний үйлдлийг сонсч, харж буй эргэн тойрон дахь айл өрх, иргэдээс мэдээлэл авъя. Ингэхдээ мэдээж тодорхой хэмжээний урамшуулал олгож баримттай мэдээлэл авч чадвал гэр бүлийн хүчирхийллийг хүнд шатанд хүргэхгүйгээр таслан зогсоох магадлалтай. Түүнчлэн иргэдтэй хамгийн ойр харилцаж буй хороо, дүүргийн нийгмийн ажилчдын үйл ажиллагааг идэвхжүүлье. Тэд айл өрхүүдээр сард ганц удаа хог ачилтаар очихоос бусад үед харагдаггүй. Цалинг нь нэмэгдүүлээд үүрэг даалгавар өгчихвөл хаана, ямар газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй айл өрх байгааг мэдээлэх, арга хэмжээ авч чадах хамгийн чухал хүмүүс бол тэд. Үүнээс гадна төр засгийн хэмжээнд ч тэмцье. Ялангуяа шийдвэр гаргах төвшний эрчүүд, УИХ-ын гишүүд минь бусдыгаа уриалаач. Сайхан монгол бүсгүйчүүд чинь эрчүүдийн гарт харамсалтайгаар үрэгдэж байна. ...Эрчүүд хатуурхлаа биш хайраа илчилдэг. Гэтэл тэр нь хайр биш болох үед...

Б.Энхзаяа /"Зууны мэдээ" сонин/


Хайр биш...  
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй