
“Охид хаварт дуртай, хөвгүүд намарт дуртай” гэж Солонгосын сэтгүүлчдийн холбооны хамгийн залуу ажилтан Шиү хэлсэн. Хаа газрын охид бүгд л хаварт дуртай байх. Гэхдээ өдөртөө нар нь зөөлөн, үдшээр салхи нь зөөлөн Солонгосын намар Монголоос очсон сэтгүүлчид бидэнд бүгдэд маань л тун таатай сайхан улирал юмаа гэж бодогдсон. “Хамгийн сайхан цаг” гэж тэд өөрсдөө ч тодорхойлсон.
Нисэх буудалд буухад бороо шивэрч байв. Нүүрэмгий биш ч инээмсэглэл тодруулсан Ким Дун Ги редактор биднийг мэхийж мэндэлсээр угтаж, өнгөрсөн зун Монголд өнгөрүүлсэн долоо хоногоо дурсаад авсан юм. Монголд айлчилсан Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчдийн багт багтсандаа тэр их баяртай байдаг нь илт. Хоёр хоног буудаллах зочид буудалдаа очихоор хотын төвийг зорин автобусаар явах зуур манан дундах Сөүл хот, барилга байгууламж, дэд бүтэц нь орчин үеийн өндөр хөгжсөн хотуудын ерөнхий өнгө төрхийг ердийнөөр илэрхийлнэ. Гэвч цаг цагийн түүхийг хадгалан сүрлэг хэрнээ намуухан урсах Хан мөрөн, хөлс хөдөлмөр, холыг харсан зөв бодлого, унаж боссон түүхийн нэгэн өнгийг илтгэх өтгөн шигүү модод огт өөр зүйлийг өгүүлэн замын хажуугаар жирэлзэн өнгөрнө.
Мод тарьсны хариуд будаа гурил өгч, ой модонд хортой шавьж, өт хорхой устгаж авчирсны тоогоор мөнгөөр урамшуулсны үр дүнд бараг модгүй болж цулгуйрч гүйцсэн Солонгосын газар нутаг нов ногоон төрхөө эргүүлэн олж чадсан түүхтэй. Цаг агаарын зөөлөн чийглэг байдал үүнд чухал нөлөөтэй ч зөв хөшүүргийн үр дүн яалт ч үгүй мөн билээ. “Колоничлол, дайн, өлсгөлөн тэднийг тааваараа, тайван, эв нэгдэлтэй, элбэг хангалуун амьдралыг хэмжээгүй ихээр хүсэхэд хүргэсэн нь мэдээж. Зовлон, үнэн түүх тэднийг эрэлхийлэл, тэмүүлэл, гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээхэд ирлэж нэгтгэжээ. Энэ цаг үеийнхэн нь, үр хойч нь уйгагүй хөдөлмөрлөсөн, бөгж, ээмгээ тайлаад гараа сунгаж байсан урд үеийнхэндээ, хөгжлийн тигийг зөв гортиглосон удирдагч нартаа талархаж, бахархдаг байх даа...” хэмээн бодсоор явлаа. Үүний зэрэгцээ “Ирээдүй хойч маань энэ цаг үеийнхнээр бахархаж чадах болов уу, бахархаж талархаасай” гэсэн эргэлзээтэй гэмээр бодол, хүсэл зэрэгцэн орж ирнэ.
Бидний буудалласан “PRESIDENT” зочид буудлын хажуу дахь талбайд усан онгоцны ослоор өөд болсон дунд сургуулийн хүүхдүүдийг хүндэтгэх Дурсгалын төв одоог болтол байсаар байгааг орчуулагч Зулаа маань бидэнд тайлбарласан юм. Эрэн хайх ажил дуусаагүй байгаа болохоор татан буулгах болоогүй гэнэ. Олдоогүй байгаа хүүхдүүдийн ар гэрийнхэн өнөөдөр ч далайн эрэг дээр байсаар байгааг бас дуулгав.
Эхний уулзалт БНСУ-ын ГХЯ, Аялал жуулчлалын газрын удирдлага төлөөллүүдтэй хамт оройн хоол идсэнээр эхэлсэн юм. Жилд 13.000.000 жуулчин Солонгосыг зорьж ирдэг нь мөн л тэдний бодлоготой холбоотой гэж хэлмээр. Энэ улсын аюулгүй гэсэн тодотгол, нөхцөл нь гаднынханд таатай зүйл. Басхүү “Хан мөрний эрэг дэх гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн хурдацтай хөгжил бол хэрэн хэсэгчдийн очих сонирхлыг өдөөх л зүйл. Гэхдээ хамгийн гол нь Солонгос соёлын хэв маяг, уламжлал, урлаг, гоо арьст бүсгүйчүүд, үндэстэн гэдэг утга агуулгаа олон зүйлээр дамжуулан илэрхийлж, ялангуяа уран сайхны аргаар дамжуулан хүч оруулан гаргаж, түүнийгээ бусдад хүргэж чадаж байгаа нь жуулчдыг эрхгүй татдаг болов уу гэсэн бодол төрүүлж байв. Мэдээж эмнэлэг, гоо сайхан, эмчилгээний чиглэлийг барьсан аялал жуулчлал бол дөрвөн цагтаа тасардаггүй гэдгийг бид мэдэх болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа.
Эхний өдрийн үдэш Сөүлийн өндөрлөг цэг болох Намсан цамхаг дээрээс шөнийн хотыг харуулахаар төлөвлөсөн байв. Үдэш орой болсон байсан ч зорьж ирсэн залуучуудаас эхлээд хүүхэд багачуудаа дагуулсан гэр бүл, настайчууд налгар тайван амралтын байдалтай алхана. Даваа гарагийн орой гэхэд хөл хөдөлгөөн ихтэй санагдав. Модтой уулан дээрх цамхагийн орчин дахь гэрэлтүүлэг, газарт суунаглан хөвөх манан нэг л тийм амар амгалан мэдрэмж төрүүлж байв. 340 метрийн өндөрт гарахаар цахилгаан шатаар дээшлэх хорин таван секундын хугацаанд мөнөөх л техник технологийн хөгжил - нисэж яваа мэт санагдуулам сонирхолтой видео шатны тааз болох дэлгэцэнд гарч байх. Жижиг зүйл мэт боловч энэ шийдэл нь зүгээр шатаар дээшээ гараад очихоос өөр зүйлийг тэрүүхэн зуурт мэдрүүлж байх. Бүх зүйлээс л өнгөрсөн цаг үеийн зөв мэргэн хараа, хөдөлмөрийн үр шим харагдаж байх... Үгээгүй хоосорч, туйлдсан үндэстний 50 жилийн түүхэн хөгжлийг гайхамшиг гэж нэрлэхээс яахав. “Далайн, дулаан чийглэг орон гэдгээрээ бүсийн хувьд олон давуу талтай боловч бидэнд ч давуу тал их бий шүү дээ” гэж бодон цамхагийн дээр гарав. Харамсалтай нь манантай байсан учир хотыг харж чадалгүй буцсан юм.
Сөүл хот дахь хоёр дахь өдөр. Зорьж ирсэн ёсоороо МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, дэд ерөнхийлөгч Д.Заяабат, С.Шаравдорж нарын арван таван хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийнхэн бид БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоогоор зочилсон юм. Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюлийн энгийн, илэн далангүй яриа, хөгжилтэй зан төрх хүн бүрт сэтгэгдэл төрүүлж чадаж байв. Албан ёсны хэр нь нөхөрсөг, халуун дотно уулзалтын үеэр Монголын байгаль, цэлмэг тэнгэр, түг түмэн одод, дугуй цагаан саран, борооны дараах давхар солонго тэдэнд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн тухай тэрээр дурсаад, “МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид бид хоёрын хувьд Монгол, Солонгосын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах эхлэлийг тавьсан нь суралцах, мэдээлэл солилцох өргөн боломж” гэж хэлсэн юм.
1964 онд байгуулагдсан БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо нь улсдаа хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийнхний нэгдэл бөгөөд сонин, сэтгүүл, сайт гэхчлэн 1805 хэвлэл мэдээллийн байгууллага, 10000 гаруй сэтгүүлч тус байгууллагын гишүүнээр харьяалагддаг байна. “Хэвлэл мэдээлэл хэдий чинээ хүчтэй, цэгцтэй байна, улс орны хөгжилд төдий чинээ хувь нэмрээ оруулдаг учраас улс орныг удирдаж байгаа хэн боловч сэтгүүлчдийн энэхүү байгууллагаа дэмжиж ажилладаг” гэдгийг Пак ерөнхийлөгч яриан дундаа онцлож байв. 2012 онд Солонгосын сэтгүүлчдийн холбооны дөчин гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хугацаанд хийж буй ажлуудаасаа “МСЭ-тэй харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлсэн нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр, чухал ач холбогдолтой ажил” гэж тэр тодорхойлсон юм.
Хэвлэл мэдээллийн газар очно гэсний дагуу бид “Joo Ang” группээр орсон. Эднийх Хэвлэл мэдээллийн газар гэдэг нэрээр нэршсэн юм билээ. Телевиз, сонин, сайт гэхчлэн гуч гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөртөө харьяалж, эрхэлдэг энэ байгууллага “COSMOPOLITAN”, “ELLE”, “PLAYBOY” зэрэг сэтгүүлүүдийг албан ёсны эрхтэйгээр гаргадаг. Хамгийн сүүлд байгуулсан “Jtbc” телевиз нь гурван жилийн түүхтэй ч аль хэдийнэ үзэгчдийн үзэх дуртай суваг болж чадсан. Ерөнхийд нь харж байхад Солонгосын телевизийн нэвтрүүлгийн чиг хандлага шоу, энтертайнмент тал руугаа голлож, тэндээ бодлогоо шингээж явдаг юм байна.
Энэ телевизийн хувьд ч үзэгчдийг татаж, танигдахад гол нөлөө үзүүлсэн нэвтрүүлэг нь “HIDDEN SINGER” шоу нэвтрүүлэг гэнэ. Мөн “Jtbc” телевиз нэвтрүүлгийн бодлогодоо гэр бүлд хандсан хөтөлбөр нэвтрүүлгийг нэлээд ач холбогдол өгч тусгадаг байна. Эндээс бас л нэг бодол... Солонгос улс гэр бүлийн үнэ цэнэ, хайр дурлалыг нандин, эрхэм байлгах тал дээр олон ангит кинонуудаараа олон нийт рүүгээ тодорхой хугацаанд бодлогоор хандсан. Одоо ч зогсоогүй. Гэр бүлийн хуулиндаа хүртэл салалтыг багасгах, гэр бүлийг тогтвортой байлгах хөшүүрэг болгож их хэмжээний мөнгөн төлбөр оруулсан байдаг юм билээ. Тэгэхээр бид ч бас салалтыг зөвшөөрч, гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байна гэж яриад л суумгүй. Бид “Jtbc” телевизийн хоёр ч 600-ийн студи, мини театр маягийн үзэгчдийн суудал бүхий бас нэг студи, шууд мэдээний студиудээр оров. 600-ийн нэг студид нь гэр бүлийн нэвтрүүлгийн тайз засаатай байсан. Бас л шоу чиглэл рүү хандуулж хийдэг гэнэ. Гурван жилийн түүх, техник технологи, нөхцөл, үзэгчдэд зөвшөөрөгдсөн байдал. Нөгөө л хөгжил дэвшил, хөрөнгө мөнгө. Дээр нь эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах мэргэн маркетинг.
Тэндэх айлчлалын төлөвлөгөөнд хамгийн амттай хоолтой гэж тодорхойлогддог Кёнгэ аймаг, мөн үйлдвэрлэлийн бүс, түүхийн өлгий гэгддэг Куанжу аймаг багтсан байлаа.
Кёнгэ аймгийн нутаг дэвсгэрт байх Suwon хотод бид алдарт “SAMSUNG” корпорацийн “Samsung International Museum”-ээр орж тэдний хамгийн анх үйлдвэрлэж байсан зурагтаас эхлээд удахгүй худалдаанд гарах гар утас, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод асаах галт бамбарын загвартай танилцав. Дайны дараа барууны улс орнуудад хүмүүсээ илгээн суралцуулж, өндөр мэргэжилтнүүд, үйлдвэрлэлийн технологитой болж аваад эргэлт буцалтгүй, шургуу дайрсан Солонгос улс электроник, хөнгөн болон хүнд үйлдвэрлэлээрээ өнөөдөр барагтай бол урдуур нь гишгэх боломжгүйд хүрснээр бахархахаас ч яах билээ. Эрдэнэтийг түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулж болох тухай яриа бишгүй л гардаг. Эрдэнэтээс бүтээгдэхүүн худалдаж авдаг “SAMSUNG” корпораци эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу электроник чиглэлийн үйлдвэр Эрдэнэтийн дэргэд байгуулах тохироо хийгээд, гэрээ үзэглэж ажил болдгийн даваан дээр их гүрнүүд “Хэрвээ “SAMSUNG”-тай хамтарсан үйлдвэр байгуулагдвал Эрдэнэтээс бүтээгдэхүүн худалдаж авах гэрээгээ цуцлана” хэмээн дарамт үзүүлж, шахаанд оруулсан тухай харамсангуй яриа манайхны дунд өрнөсөн юм.
Бидний мэдэх Тэ Жангүм киноны зураг авалтын гол хэсгүүд Suwon хотод хийгдсэн бөгөөд зураг авалтанд зориулж босгосон цогцолбор байнгын үйл ажиллагаатай, үзэхийг хүссэн хүмүүст Солонгосын түүх, соёлын нэгэн цаг үеийн ул мөрийг тод томруунаар илэрхийлээд нээлттэй байдаг юм байна. Үүдний харуулаас эхлээд л үндэсний хувцастай, тухайн цаг үеийнхээ өнгө төрхийг илэрхийлсэн амьд орчин тэнд байх юм. Киногоор дамжуулан соёл, түүх, уламжлалаа энэ цаг үеийнхэндээ хүргэх, цаашлаад энэ нь гадагшаа хандсан соёлын сурталчилгаа болох.
Эцэст нь бүтээн байгуулалт нь бас л түүхээ агуулж, сурталчилсан хөл ихтэй газар болж үлдэх. Ер нь аливаа зүйлийн шанг татаж эхлэхдээ Солонгосчууд хэдэн арав, зуун жилийнх нь үр дүнг тооцоолдгийг нэг л түүхэн киноны улбаанаас харж болохоор. Солонгосын эрт үеийн ахуй дүр зургийг харж явах зуур “Рой Чепмэн Эндрюс Монголын говийг үлэг гүрвэлийн яс, өндгөөр тунхаглаж, аль эрт үнэ цэнийг нь дэлхийд таниулсан байхад өлгий нутаг нь ул мөр багатайхан элсэн дундаа чимээгүй дуниартсаар л байх. Дэлхийн суут хүн Чингис хааны төрж, өсч, алхаж гишгэж явсан бүхий л түүх Монголынх. Баларшгүй үнэн мөр байсаар байхад бид үнэ хүргэж чаддаггүй. Гэтэл Тэ Жангүм бол уран сайхны дүр, зохиосон түүх...” гэсэн харьцуулал, халаглал толгойд эргэлдээд л байлаа. Эндээс бид луун толгойтой хуучны жижиг галт тэргэнд суун хотоор хэсэг явсны эцэст хуучны цайзыг түшиглэн байгуулсан жижиг амралтын хүрээлэн маягийн газарт очиж арав арван сумаар цэц мэргэнээ шалган нум сум харвасан юм.
Амарч, амсхийхээр зорьж ирсэн хүнд бол сонирхолтой хэр нь идэвхтэй амралт болж чадахаар санагдав. Ойр орчмыг нь анзаарч байхад зүлэгжүүлсэн өргөн талбайтай, тэндээ тухлан хэвтэж, суун амарч, ном уншиж байгаа нь харагдана. Ер нь орчин үеийн их хотуудад ийм орчин, дүр зураг харагддаг. “Яг ингээд суумаар, хэвтмээр байдаг” гэж хамт явсан gogo.mn сайтын сэтгүүлч Одгарав маань хүсэмжилсэн үг унагав. Цэцэрлэгт хүрээлэн маань удалгүй ийм болох биз ээ.
Кёнгэ болон Куанжу аймгуудын удирдлагуудтай, мөн Сэтгүүлчдийн холбооныхонтой хийсэн уулзалтуудын үеэр МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Мэдээлэл, соёлын солилцоогоо өргөжүүлж цаашид тодорхой сувгаар хамтран ажиллах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн бөгөөд орон нутгийн удирдлагууд талархалтай хүлээж авч байв. “Үнэхээр ч албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд бид тэднээс суралцах боломж илүү ихээр нээгдэж байна” гэж манай хэвлэлийнхэн дүгнэж, хөөрөлдөж явлаа.
Куанжу аймгийн гол илэрхийлэл нь түүх. Хааны ордон, ардчиллыг хамгаалахын төлөөх мөргөлдөөний ул мөр гээд үе үеийн түүхээ тэд үзүүлж тайлбарласан. Мөн энд “Азийн соёлын төв” болох маш том цогцолборыг байгуулж байгаатай танилцав. Энэхүү цогцолбор нь ардчиллын төлөөх мөргөлдөөний ул мөрийг хадгалсан хуучны гурван давхар байшингийн дэргэд үндсэндээ газар дор байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж. Түүхийн гэрч болгож, тэрхүү хуучны байшинг хамгаалж байдаг бөгөөд Азийн соёлын төвийг зориуд дэргэд нь байлгахаар төлөвлөжээ.
Куанжу хотын даргатай уулзалт хийж байна
Тэнд байхдаа бидний орж, танилцсан “OB” болон “HYUNDAI” корпорацийн түүх бол мөнөөх л ядуу тарчиг амьдрал дундаас ухралтгүй, цуцалтгүй тэмцсээр их түүхийг бүтээсэн хөдөлмөрч Солонгос хүмүүсийн түүх юм. Унаж босож явахдаа ухарч байгаагүй, зөвхөн урагшлахын төлөө зогсолтгүй зүтгэж байсан нэг л чанар тэдний хөгжлийн түүхээс анзаарагддаг. Дээр нь төр нь тэднийг үргэлж дэмжиж, дэмнэж ирсэн түүх бас байх юм билээ. Үлгэрлэвэл байшингийн суурийг ухаж байхдаа л хожим хойдох их бүтээн байгуулалтыг зураглан харж, түүнийхээ төлөө юунд ч мохолгүй хөдөлмөрлөж, эрэлхийлж байсан гэсэн үг. Өнөөгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт дундаас нь ч тэдний энэ тал хамгийн энгийн зүйл дээр шууд л харагдана. Тооцоололгүйгээр эхлүүлсэн, саланги орхигдсон зүйл ховор л байх гэмээр.
Jtbc телевизийн мэдээний студи
Далайн зөөлөн амьсгалт салхи, намрын нар, Чэжүгийн налгар өдрүүд хүйт нааш эргэх цагаар тэнд очсон бидэнд тунчиг таатай. Тэндэх Монголын морьтон залуусын үзүүлбэр хол ойрдоо зартай. Тэнд очсон гучаад залуус морьтой үзүүлбэрээрээ монгол хүний эрэмгий, хүчтэй шинж чанарыг илэрхийлж, үзэж суугаа хүмүүсийг дуу алдуулан цэнгүүлж чадаж байна. Морь малаас хол хотын унаган байлаа ч монгол хүнд адуу гэгч амьтан ойр юм болохоор бид тэнд суугаа хүмүүс шиг дуу алдаад байсангүй. Гэхдээ хайрлах сэтгэл төрж, “Бид л цуугиулж шуугиулж үнэ хүргэж чадвал нүүдэлчин соёлын гол илэрхийлэл болох морь, морьтон залуус, энэ жишгийн үзүүлбэр бол бас л үнэ цэнэ юмаа” гэж бодогдож байв.
Харь нутгийн хөгжил дэвшил, сайн сайхны дунд цөөн хэд хонохдоо Монголоо, утаатай, шороотой, түгжрэлтэй Улаанбаатараа, миний гэсэн бүхнээ сэтгэлдээ тээж, сайхан маргаашийг, ирээдүйг ихээр хүсч явсаар хөтөлбөр өндөрлөж буцах цаг боллоо. Сайхан юмаа гэж шагшиж хөөрөхөөсөө илүүтэй Монгол хүмүүс, үр хүүхэд маань барьцаагүй, амгалан тайван, сайхан нийгэмд амьдраасай билээ гэж хүсч байлаа.
“Цаашдын хамтын ажиллагаагаараа бид өргөн хүрээнд мэдээлэл солилцох боломжтой, энэ нь нөгөө талдаа бид тэднээс суралцах боломж. Мөн орчин үеийн Солонгосын сэтгүүл зүйн аргачлалаас суралцах сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана, эрэлхийлнэ” гэж Галаарид дарга хэлсэн. Үнэхээр тэднээс суралцах зүйл маш их. Хүнд хэцүү цагтаа тэд хувиа хичээсэнгүй, улс үндэстэн үр хойчоо гэх сэтгэлээр нэгэн зэрэг амьсгалж чадсан. Тэднийг нэгэн сэтгэлийн дор нэгтгэж, удирдаж чадсан. Хөгжиж чаджээ, сууриа зөв тавьж, мөрийг хөөж чигийг барьжээ. Тэр их хөгжил дэвшлийн дунд соёл уламжлал, мэндлэх хүндлэх ёс, ах зах, эрэмбэ дараа, удирдах удирдуулах ёс огтхон ч гээгдсэнгүй. “Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэж Монголын минь ухаант өвгөд хэлээд үлдээчихэж. Хүн л байгаа хойно, хүний нийгэм оршиж байгаа хойно хаана ч ялгаагүй алагтай булагтай бүхэн зэрэгцэн оршиж таарна. Гэхдээ шүүмжлэх, гоочлох хэнээрхлээ хаяад бид тусгаж болох сайныг нь олж харж, онилж, тэднээс суралцмаар.
Намсан цамхагийн өмнө 2016 оны Рио Де Жанейрогийн олимпийн бамбар
Бидний хувьд өөрсдийгөө улс үндэстэн байх, цааш үргэлжлэх олон он жилийн түүх гэдэг утгаар өнөөдрөө харах юм бол... Бариад авах боломжуудыг алгассан хөгжлийн тухай сүржин яриа, ацаг хориг, талцаан булаалдаан, нүдэн дээр өрнөж байгаа эх толгойгүй, барьцгүй, заримдаа гарцгүй гэмээр бодлогогүй, бас үрэн таран... Баялаг бүтээгчид нь цуцаж бохироход ойрхон... Харьцуулахад ийм л санагдаж байлаа.
Атаархал гэмээр адгуу бодол тээсээр, зам зуурын хөөр хөгжөөн, дурсамжаа өвөрлөсөөр бид ирсэн. Салах ёс хийхийн өмнө Солонгосын сэтгүүлчдийн холбооны хамгийн залуу ажилтан Шиү “Заавал Монгол явах Ли Шиү байна” гэж хэвлүүхэн хэлсэн. Монголд айлчилсан Солонгосын сэтгүүлчдийн сэтгэгдэл, яриа түүнд Монголд очих чин хүсэл төрүүлсэн байв. Тийм ээ, бидэнд сайхан зүйл, сайн сайхан чанар их бий. Гагцхүү...



Өдөртөө нар нь зөөлөн, үдшээр салхи нь зөөлөн Солонгосын намар | ||
Үзсэн: 5938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.