Шууд Chart

Хөрөнгө оруулагчид үргэсээр л...

2014-11-07 17:25:55

Урт нэртэй хууль гаргаж, алтны тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль гаргаж, шинээр зөвшөөрөл олгохоо болисон зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байсан цаг саяхан. Гэвч,  араас нь 2012 оны тавдугаар сарын 17-нд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө орууалтыг зохицуулах тухай” хууль гаргасан нь хөрөнгө оруулагчдыг дахин үргэхэд хүргэсэн гэхэд болно.  Энэ хуулийг дагаж мөрдөх журам огт гараагүй учраас  хөрөнгө оруулагчид монголыг орхихгүй гээд ч яах билээ. Үүний нөлөөгөөр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан гашуун түүх бий.  Хууль гарахын өмнөх жил манай улсад 4.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь түүхэн дэх дээд рекорд байсан бол, үүнээс хойш тасралтгүй уруудлаа.

Тухайлбал, 2012 онд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд 2.1 тэрбум ам.доллар орж ирсэн байх жишээтэй.  Тиймээс ч, манайхан алдаагаа залруулахын тулд хөрөнгө оруулагчдыг үргээсэн дээрх хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасан юм. Энэ хууль 2013 оны арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манайд оруулсан хөрөнгөөсөө хамаарч, 5-18 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварыг өнөөгийн түвшинд төлөх бололцоо бүрдсэн юм.  Өөрөөр хэлбэл, хожим холбогдох хуулиудад өөрчлөлт орсон ч, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”, “Гаалийн албан татвар”, “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг өнөөгийн түвшинд тогтвортой төлөх хууль эрхзүйн орчин бүрдсэн юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар үүнийг баталгаажуулсан тогтворжуулах гэрчилгээг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Үүнээс гадна, уг хуулийн 20-р зүйлд цөмийн энергиэс бусад салбарт 500  тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой. Гэтэл хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад гадаадын нэг ч компани тогтворжуулах гэрчилгээ авъя, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулъя гэж манайд хандаагүй байх юм. Шинэ хууль гаргасан ч үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид хоосон цаас гэж хүлээж авч байгаагийн тод жишээ энэ болж байна. Харин дотоодын таван компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт илэрхийлжээ. Тухайлбал, “МАК”, “Энержи ресурс”, “Алтайн хүдэр”, “Эрэл” зэрэг таван компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Гэвч тэдний нэг нь ч тогтворжуулах гэрчилгээ аваагүй байх юм. Тэдэнд тогтворжуулах гэрчилгээ өгье гэсэн ч, үүн дээр нь гарын үсэг зурах сайд алга. Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаснаар тогтворжуулах гэрчилгээнд гарын үсэг зурах сайдгүй болчихсон. Холбогдох яамгүй болсон Хөрөнгө оруулалтын газар ерөнхий сайдын  харъяанд дөнгөж очтол, шинэчлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Тэгэхээр дараагийн ерөнхий сайд томилогдох хүртэл,  тогтворжуулалтын гэрчилгээнд гарын үсэг зураг хүн олдохгүй нь... Тэр болтол дотоодын компаниуд хүлээж, хөрөнгө оруулалтаа азнах хэрэгтэй болно гэсэн үг. Ийнхүү тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар манай улсад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт одоогоор хийгдээгүй байна.

 Харин шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас мэр сэр орлого олж байгаа. 1990 оноос хойш манай улсад 12 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдснаас өнөөдөр 8800 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 240 нь энэ оны эхний есөн сард байгуулагдсан юм. Хөрөнгө оруулалтын шинэ хууль гарснаас хойш байгуулагдсан дээрх компаниуд 100  мянган ам.доллар хуулиараа төлж байгаа. Үүгээр тооцвол шинээр байгуулагдсан компаниудаас энэ онд 24-хөн сая ам.долларын орлого олсон үзүүлэлттэй явна. Хөрөнгө оруулалтын хуультай болсноос хойш гарсан үр дүн гэвэл ердөө энэ. “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө орууалтыг зохицуулах тухай” хуулийг хүчингүй болгочихоод байхад дорвитой үр дүн гарахгүй байгаагийн цаад шалтгаан нь оюутолгой гэж харах хүн цөөнгүй байгаа юм.

“Рио Тинто” компани 2012 он гармагц хуучны “Айвенхоу майнз”, одоогийн “Туркойз хилл” дэх эзэмшлээ хоёр хувиар нэмэгдүүлж, 51 хувьд хүргэсэн. “Рио Тинто” компани энэ даруйдаа оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 1.8 тэрбум ам.долларын зээлийг “Туркойз хилл” компанид олгож байлаа. Үүнээс гадна, өнгөрсөн оны наймдугаар сард нэмж 600 сая долларын зээлийг “Туркойз хилл” компанид олгосон юм. Нийт 2.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх энэ зээлийг 2013 оны эцэст “Туркойз хилл”-ээс авна гэдгээ ч “Рио Тинто” компани илэрхийлж байлаа. Тиймээс “Туркойз хилл” компани “Рио Тинто”-гоос авсан зээлээ хугацаанд нь төлж, үлдсэн хэдээр нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсоочихгүй явуулах үүднээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум долларын зээл авахаар эртнээс хөөцөлдөж эхэлсэн байдаг.

Гэвч оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг банкуудаас авах бололцоогүй. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын засгийн газартай тохиролцсоны эцэст гадаадын арилжааны банкуудаас хүссэн зээлээ авах бололцоотой юм. Тиймээс зээл авах талаар засгийн газраас зөвшөөрөл хүссээр ирсэн ч, хүлээн зөвшөөрүүлж чадаагүй.  Нэгэнт зээл шийдэгдээгүй учраас “Туркойз хилл” компани өнгөрсөн онд нэг бүр нь 2.4 америк долларын үнэтэй тэрбум ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, эндээс босгосон мөнгөө “Рио Тинто”-д өгч өр салсан. Энэ компани нэгэнтээ өр, зээлээ  дарсан учраас банкуудаас авах 4 тэрбум ам.доллар оюутолгойн далд уурхайд зарцуулагдах боломжтой.

Гэтэл зээлийн асуудал дээр хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байсаар, шинэчлэлийн засгийн газрынхан ажлаа өглөө. Дараагийн ерөнхий сайд хэн болох, ямар бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхойгүй байдал үргэлжилж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл дахин уналаа. Нью-йоркийн хөрөнгийн биржэд оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл /TRQ/ компанийн хувьцааны 5.4 хувиар унаж, 2.98 ам.доллараар хаагдсан учраас ингэж хэлж байгаа юм. Өчигдөр тус компанийн хувьцааны дээд ханш 3.15 ам.доллар байсан бол, доод ханш нь 2.93 ам.доллар байсан. Улстөрийн тогтворгүй байдлаас болж, тус компанийн хувьцаа хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээс хойш хамгийн доод цэгтээ хүрээд байгааг шинжээчид онцолж байгаа юм.


 Улстөрийн тогтворгүй байдал тавантолгой ордын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендерийг ч хойшлуулахад хүргээд байна. Манай улс баруун цанхийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 8-нд анх зарлаж байсан. Үүнд гадаад, дотоодын 15 компани саналаа ирүүлснээс “Пибоди Энержи”, “Шэнхуа”, Оросын төмөр зам, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” зэрэг зургаан компани хураангуй жагсаалтад үлдсэн юм. Гэвч тэд хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас тендер дөрвөн жилийн хугацаанд гацаанд байлаа. Тэгвэл шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 тогтоол гаргаж, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажлыг үргэлжүүлэхээр болсон юм. Өмнө нь зөвхөн баруун цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан бол, шинэчлэлийн засгийн газрын шийдвэрээр баруун, зүүн цанхид хоёуланд нь оруулахаар болсон.

2010 онд зарлагдсан тендерийн хураангуй жагсаалтад үлдсэн дээрх зургаан компани тавантолгойн цанхийн 49 хувьд хөрөнгө оруулах бол, 51 хувьд нь дотоодын “Энержи ресурс” компани оролцох мэдээлэл байгаа юм.  Энэ сарын нэгнээс өмнө тэднээс тендерийн саналыг нь авах ёстой байсан ч, улстөрийн бужигнаанаас болж ирэх сарын нэгэн хүртэл хойшлоод байна. Энэ мэдээлэл гарснаас хойш Монголиан майнинг корпорацийн /0975/ хувьцааны ханш тасралтгүй уруудаж байна. Үүнээс гадна тус компани 5.56 – 5.60 тэрбум ширхэг хувьцааг нэг бүрийг нь 0.28 хонгконг доллараар гаргахаар болсон нь үнэт цаасных нь ханш унахад давхар нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, улстөрийн тогтворгүй байдлаас гадна, хямд үнээр нэмэлт хувьцаа гаргаж байгаа нь ханш унахад давхар нөлөөлжээ. Энэ асуудлаар “Ард” капитал хөрөнгө оруулалтын банкны дилер Ц.Наран-Учралтай ярилцсан юм.


Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 970 сая ам.доллараар буурч, оны эхний есөн сард 697 сая ам.доллар орж ирсэн урьдчилсан гүйцэтгэл гарлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурч байгаатай холбоотойгоор, манай улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй яваа. Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл, долларын ханш хөөрөгдөж, суурь инфляци өсөх, эдийн засгийн өсөлт саарах, зээлийн хурд буурах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сулрах зэрэг олон арван сөрөг зүйлүүд биднийг хүлээж буй. Тиймээс дараагийн ерөнхий сайдын эхний ээлжинд ханцуй шамлан орох ажил бол, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлж, долларын ханшийг буулгаж, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. Төвбанкныхан долларын ханшийг буулгах гэж ганцаараа зүтгэх нь үр дүнгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэгэнтээ батлагдсан зүйл билээ...

Нийтэлсэн: А.Энхтуул

Хөрөнгө оруулагчид үргэсээр л...   
Үзсэн: 2649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-09 16:32
Та нарт хэн итгэх юм Орс хятад 2 гэхэд л 16 оныг хулээж бна шуу

Бидэнтэй нэгдээрэй