Шууд Chart

СГЗ Ш.Ёолк: Европын гүнд бас нэг монгол оршин тогтнож байна

2014-11-14 14:48:02

МҮОНТ-ийн сэтгүүлч СГЗ Ш.Ёолктой “Нүүдэлчдийн жимээр” аялалын талаар цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.

-    Та  сая жип аялалд оролцоод ирлээ. Ямар шугамаар аялаад ирэв?
Бид нар "Ойрад түмэн” ТББ, Увс аймгийн МВС телевизийн санаачилгаар  “Онцын тасархай” ХХК-ны ерөнхий захирал Жалавын Батсүхийн ивээн тэтгэлгээр “Нүүдэлчдийн жимээр” гэдэг жип тур аялалаар есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 13-ныг дуустал бүтэн 28 хоног аялаад ирлээ.  Нийт 15000 км замыг жип машинаар туулж Монгол, ОХУ, Халимаг улсын нутаг дэвсгэрээр явлаа.

-    Аялалын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс явсан бэ?
Улаанбаатар хотоос эзэн богд Чингис хааны талбайгаас ССАЖЯ – ны сайд Ж.Оюунгэрэлээр үдүүлсэн аялалд ОХУ, БНХАУ-ын Шинжиан уйгарын өөртөө засах орон, Монгол улс гэсэн гурван улсын 14 эрдэмтэн судлаач телевизийн уран бүтээлчид явсан. Энэ бол олон улсын экспедици юм.  ОХУ-аас 2008 онд Улаанбаатар – Элстэй хотруу морь тэмээгээр аялж байсан туршлагатай аялагч, Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн газарзүйч Юрий Владиморивич Сангаджиев, Халимаг улсаас археологч Эрдэнэ Кекеев, сурвалжлагч Гариг, Шиньжаан Уйгараас Баянгол телевизийн зураглаач, найруулагч Сэржим, угсаатан зүй судлаач, багш Мигай, Монголоос ардын уртын дуу судлаач, шүлэгч н.Оюунхүү, Ойрд театрын найруулагч Лхагваа, Увсын МBС телевизийн найруулагч Мягмарсүрэн аялалын ахлагчаар “Онцын тасархай” ХХК –ны ерөнхий захирал Ж.Батсүх гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа.

-    Аялалын маршрут яаж үргэлжилсэн бэ?
Баян-Өлгийн Цагаан нуурын Улаан байшинтын боомтоор Оросын хил гараад ОХУ-ын Горно- Алтай, Бийск, Барнаул, Новосибирск, Омск, Челъябинск, Курган, Башкирстаны нийслэл Уфа, Самара, Саратов, Волгоград гээд 8 том хот дайрсан. Буцаад зүүн хойшоо даялж Красноярск, Кемерова Иркутск, Улан-Үдэ гээд буцаж ирсэн.

-    Одоо харьцангуй зам харгуй хөгжсөн цаг үе. Аялалын зам хэр бартаатай байв?
400 жилийн тэртээ халимаг торгуудынхаа нүүж ч явсан яг тэр замаар явсан. Гэхдээ одоо сайн чанарын замаар хамгийн сайн жип машинаар явахад 400 жилийн тэртээ нохойгоо дагуулаад морио унаад тэмээндээ ачаагаа ачаад, дайн тулаан дунд нүүж явсан манай халимаг, торгууд нарын нүүсэн тэр нүүдлийн энг бид яагаад ч гүйцэхгүй их ядарсан. Тэгэхээр эртний хүмүүс маань ямар их тэвчээртэй, бие сайтай, гангаар хийсэн юм шиг биетэй улсууд байж вэ. Мэдээж тэр үед зүгээр яваагүй дайн тулаан, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, дээрэм тонуул гээд элдэв бусан юм үзэж явсан байгаа ш дээ.

-    Халимагуудын түүхээс та хуваалцаач?  Яагаад эх нутгаасаа тасраад Европын гүн рүү явсан юм бол энэ талаар түүхчид юу гэдэг бол?
 Халимагууд бол манай торгууд дүрвэдүүд шүү дээ. Эх орноосоо хальж гарсан учраас тийм нэр авсан гэж ярьдаг. Ижил мөрнөөс буцаад монгол руугаа нүүсэн, нэг хэсэг нь үлдсэн. Тэд нарыг Турк хэлээр Калмак буюу үлдэгдлүүд гэж нэрлэдэг гээд янз бүрээр тайлбарладаг. Эмч, зохиолч Ц.Мухар өөрийнхөө номонд бичихдээ “Манай торгуудууд Европууд Америк тивийг нээсэн шиг, 400 жилийн тэртээ шинэ газар орон нээхээр явсан нүүдэлчдийн нэг хэсэг” гэж бичсэн байдаг. Тэр ч бас байж болох талтай. Нүүдэлчин овог гэж усны тунгалаг, өвсний соргогыг хайж явдаг ард түмэн. Алтайн нуруунд нутаглаж байсан халимагууд байнгын цас бороотой, дээрээс нь Зүүн гарын улс төрийн байдал тогтворгүй байсан зэрэг нөлөөллүүдээс болж нүүсэн юм шиг байгаа юм. 1406 онд нүүгээд 1477 онд эргээд Ижил мөрний наад хэсгээс нэг хэсэг халимаг нүүсэн байдаг. Цаад хэсэг нь нүүж чадаагүй. Зүүн гарын хаант улс задраад байдал намжаад, өргөн уудам нутаг дэвсгэр гарч ирж, мөн эх нутгаа санагалзаад 100 гаруй жилийн дараа буцаад нүүсэн байдаг. Ерөнхийдөө халимагууд Ижил мөрөн Алтай нурууны хооронд долоогоос найман том нүүдэл хийсэн байдаг юм.

-    Тэдний хэл соёлын талаар сонирхуулбал? Одоо ямар хэлээр ярьж байна?
Халимагууд эх нутгаасаа түүх соёлоосоо, монголоосоо 400 жил алслагдсан улсууд гэхэд, одоо байгаа 150,000 гаруй халимагууд эх түүхээ, хэл соёлоо ямар гайхалтай хадгалж үлдэв гэдэг ёстой гайхал төрүүлж байлаа. Ёстой нөгөө “усан дотор гал хадгалахын ухаан” тэнд байна. Бидний мэддэггүй, бидний аль хэдийн мартсан соёл яваад байна. Миний ажигласнаар нэгдүгээрт эх орноо, монголоо гэсэн тэдний сэтгэл нь эх хэлийг мартуулсангүй, хоёрдугаарт хүмүүс вакум орчинд орчихоор хэл нь хадгалагдаад үлддэг юм байна. 

Манай улсад бол ойрдууд халх, буриадуудтайгаа, Хөх нуурын монголчуудтайгаа үргэлж харилцаж байгаа болохоор хэл нь тодорхой хэмжээгээр холилдсон байх юм. Хэлний хувьд бие биедээ уусаж байна. Хэлний хөгжил талаас нь яривал сайн юм. Сөрөг тал нь яг үндсэн хэл, аялга алдагдах талтай. Халимагууд бол зөвхөн оросуудтай харьцана, өөр харьцах хүмүүс байхгүй. Тэгэхээр хэл нь тэр чигээрээ унаган ойрад, дөрвөдөөрөө хадгалагдсан байх үндэслэлтэй.
...Үсэрсэн цус минь
Тасарсан мах минь
Алтан ясны  хэлтэрхий
Алаг махны минь тасархай ... гээд халимагууд шууд шүлэглэнэ. Бид европуудыг  дуурайж архи барьж ерөөл өргөдөг бол тэд нар халимаг цай, яг манай ойрдуудын цай шиг цайгаа бариад ерөөлөө хэлэх юм. Энэ бол бүх нийтээрээ архинд живж, архи гэдэг тахалд нэрвэгдэж байгаа 21-р зуунд бас сонин сайхан байлаа.

Авууштай нэг сайн тал юм уу даа гэж бодогдсон. Бидний насны дунд үеийнхэн бол хэл соёлоосоо таслагдсан байна. Социолизм байгуулсан он жилүүд гэдэг юм уу халимагуудыг Сибирлүү цөлсөн үеийн бидний насныхан бол халимаг хэлээ мартсан байна. Харин үр хүүхдээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ халимаг зан үйл, үлгэр, туульс, зүйр цэцэн үгээ сайн сургаж байна. Хүүхдүүд нь бидний мэдэхгүй халимаг аялгаар дуулаад бүжиглээд ярьж байна. Харамсалтай нь гэртээ очоод аав ээж нь оросоор ярьж байна. 150,000 гаруй халимаг үлдсэн ч гэсэн бүх нийтээр халимаг хэл соёлоо хөгжүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Тэнд бурханы шашин бас их мундаг хөгжсөн байдаг юм байна. Богд Зонхов бол торгуудын гол шүтээн юм. Сая Нью-Жерсид байдаг Халимагийн ард түмний шашны том бэлэг тэмдэг Шажин гэгээн гэж хүн Хар газар гэдэг районд Богд Зонхов бурханыг цоо шинээр заллаа.

Очсон тосгон суурин болгонд урд байсан сүм дуганаа сэргээж, шашинаараа дамжуулж эх хэлээ хадгалж үлдэнэ гэсэн бодлого баримталж байна. Европын гүнд бас нэг монгол байна. Яг л дөрвөд торгууд аялгаар ярьж байна. Бүүр манайхнаас цэвэр унаган дөрвөд, торгууд аялгаар ярьж байна. Бид бол саармагжсан, халх ч юм шиг дөрвөд ч юм шиг. Төрийн албан ёсны хэл нь орос. Гэхдээ  бусад үед өөрсдөө торгууд дөрвөдөөрөө ярьж байна. Чингис хааны ууган хөвүүн Зүчийн том хүү Батхааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл Сарайбат хотын туурь Астраханы нэг жижиг тосгонд байна. Өвөг дээдсийнхээ туурин дээр бид очно гэж зүүдлээгүй байсан. Тэнд байдаг юм байна, үзлээ.

-    Мал аж ахуй амьдралын хэв маягийг нь сонирхов уу?
Увс аймгийн Наранбулаг сумаас таван малчин очиж Халимагийн Яшкуль гэдэг тосгонд мал маллаж байна. Халимагууд он цагийн эргэлтэнд нүүдлийн мал аж ахуйгаа ер нь мартагначихаж. Мал байна, гэхдээ онгон зэрлэг догшин, хүний гараар эдлэгдээгүй. Тэр таван малчин үнээг нь барьж саагаад, тэмээг нь ачлага уналганд сургаж, гүүг нь сааж айраг исгэж байна. Өнөөгийн монгол ахуй Европын гүнд байна. “Халимагууд тэднийг маш их хүндэлдэг, сайн ханддаг тухай, цаахан нь Украйны дайн болоод байнга дуу чимээтэй, гэхдээ бид айхгүй байна” гэж тэдгээр малчид ярьсан.

Волгоград хот чинь хуучны Сталинград хот шүү дээ. Германд хамгийн түрүүнд эзлэгдсэн хот. Тэнд Мамаев Курганд  сэлэм барьсан эмэгтэйн  хөшөө, Сталинградын бүслэлтийг илэрхийлсэн том цогцолбор байдаг. /эх орны дайны тухай/ Тэнд очлоо. Мамаев Курган гэж мэддэггүй л байсан явж явж тэр чинь манай Бат хааны хөвгүүн Улугбек, Улугбекийн хөвгүүн Мамаев гээд бас л монголын түүхтэй холбогдолтой юм гараад ирж байна. Сарайбат хот хэдийгээр оросын нутагт орсон ч гэсэн Халимагууд туурийг их хүндэтгэдэг юм байна. Тэгээд өөрсдийгөө эзэн хааныхаа нутаг орныг сахиж суугаа нэг ёсны хааны онгонг сахигчид гэж үзэж их омогшдог юм байна.

-    Аялалынхаа хүрээнд ямар нэвтрүүлгүүд үзэгчдэд барих вэ? Хэзээнээс телевизээр гарах вэ?
 Дэлхийн монгол туургатнууд түүх соёл, ёс заншил, ахуйн соёлоо хадгалж үлдсэн байдал, буурал түүхийг үнэн зөвөөр нь тогтоох, хоорондын соёлын харилцааг цаашид улам идэвхижүүлэх, монголчуудын бахархлыг бий болгох сурталчилан таниулах, мартагдсан болон мартагдаж буй өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд бидний аялалын гол зорилго оршиж байгаа юм. Энэ үйлсэд МҮОНТ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан боловч бүтэн сараар надтай явах зураглаач, найруулагч, техник гээд боломжгүй байлаа. Тиймээс би өөрөө иргэний хүсэл зориг гаргаж энэ багт нэгдэж явсан. Гэхдээ л мэдээллийн ивээн тэтгэгчийн үүргээ гүйцэтгэлээ. Увс аймгийн MBC телевизийн найруулагч, зураглаачтайгаа хамтраад гурваас дөрвөн  цуврал нэвтрүүлэг, нэг баримтат киног үзэгчиддээ өргөн барихаар бэлдэж байна. Удахгүй Увс аймаг явж нэвтрүүлгийнхээ монтаж, тексттэй ажиллана даа. Дажгүй сайхан нэвтрүүлэг болох байх гэж найдаж байна. Оноос өмнө цуврал нэвтрүүлгүүд МҮОНТ-ийн дэлгэцнээ гарна.

-    Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таньд болон хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдэд амжилт хүсье.


СГЗ Ш.Ёолк: Европын гүнд бас нэг монгол оршин тогтнож байна  
Үзсэн: 3180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй