
“Экологбус” ХХК –ийн техникийн зураг, технологич инженер Б. Нямдэмбэрэлтэй ярилцлаа.
-Монгол улсад металл хийц, машинт үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлэх боломж, шаардлага байгаа юу?
-Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд манай эдийн засаг 20 дахин томорсон тухай судалгаа байдаг. Социализмийн үед манай улсад 30.000 автомашин байсан бол өнөөдөр энэ тоо 650.000 болтлоо өссөн нь эдийн засгийн тэлэлтийн тод жишээ юм. Манай улсын хөгжлийн цоо шинэ гарц болох металл хийц, машинт үйлдвэрлэлийн салбар үүсэн бий болох, зах зээлийн багтаамж, мөнгөн урсгал нь 650,000 машин дотор байна. Тэгээд ч ажлын байр олноор бий болгох, импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг саармагжуулах гээд олон шаардлага байгааг Монголчууд бүх шатандаа ойлгож мэдэрч байна.
-Залуу инженер хүний хувьд шинэ салбарт ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхээсээ ярьж өгнө үү?
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монголчууд анх удаа JEA-800 маркийн троллейбус үйлдвэрлэж гаргах үед, дунд сургуульд сурч байсан бидний үеийнхэн баярлан, урамшиж машин үйлдвэрлэлийн инженер мэргэжил эзэмших зориг тэмүүлэлтэй болсон. ШУТИС- Механик инженерийн сургуульд суралцаж байхдаа Робокон тэмцээнд жил бүр оролцож шагналт байруудад шалгарч байсан ба 3-р курсээс эхлэн Цахилгаан Тээвэр Компанийн захирал асан Д. Жаргалсайханы удирдлаган дор ажиллаж, машин үйлдвэрлэлийн онол практикийг хослуулан суралцаж автомашин хийх мөрөөдөл минь бага багаар биелж эхэлсэн.
Монгол улсын зөвлөх инженер Д. Жаргалсайхан, А. Цэцэгмаа нарын удирдлаган дор JEA-800 маркийн троллейбус, Дуобус, Монбусны техникийн зураг гаргах, ачааллын тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн картууд бий болгох, тэдгээрийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг бидний 10 инженерүүд шургуу гүйцэтгэж байсан. Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн Үндэсний холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран Зураг төсөл, Үйлдвэрлэлийн автоматжуулсан систем буюу AutoCAD, SolidWorks, Inventor, программууд дээр техникийн зураг, ачааллын тооцоолол хийх олимпиадыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байсан ба тэр олимпиадад манай инженерүүдийн баг 1, 2, 3-р байруудыг тогтмол эзлэж байсан нь бидний хичээл зүтгэлээс гадна, ажиллахын хажуугаар давтан сургах, гадны ижил төстэй үйлдвэр компаниудад дадлага хийх боломжийг олгосон манай удирдлагуудын зөв шийдвэрийн үр дүн гэж үздэг.
-Өнөөдөр танай Экологбус ХХКомпании дээр J-800T загварын автобус үйлдвэрлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ?
-Цахилгаан тээвэр компани дээр эхэлсэн автомашин үйлдвэрлэлийн ажлыг зогсоох шийдвэр гарч бидний инженерүүд цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй байхад Номин Холдинг группын ерөнхийлөгч Ш.Баярсайхан дэмжиж бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх боломж олгосонд их талархаж байдаг. Цаашдаа шинэ технологи эзэмших нэвтрүүлэх сонирхолтой манай инженерүүдийн баг нийтийн тээврийн салбарт үйлчилгээний шинэ стандарт бий болгож чадахуйц Евро-4 стандартын дизель хөдөлгүүртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлж болохуйц 20 ширхэг автобусыг үйлдвэрлээд байна.
Нийтийн тээврийг экологжуулах тухай Автотээврийн тухай хуулийн 9.4-д заасны дагуу хорт утаа багасгах, CRDI (Common Rail Direct Injection) асаалтын систем бүхий, утааны азотын давхар ислийг задлагч SCR (Selective Catalytic Reduction) төхөөрөмж бүхий хөдөлгүүртэй, хийн нум бүхий порталь тэнхлэгтэй автобусыг үйлдвэрлээд байна.
-Танай хамт олныг дэмжиж ажиллана гэдгээ МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар амлаад байсан. Бизнесийн хувьд эрсдэлтэй шинэ салбарыг дэмжих талаар ямар бодитой дэмжлэг үзүүлсэн бэ?
-Арилжааны банкны өндөр хүүтэй зээл авч, шинэ технологийн автобус үйлдвэрлэх төслийг санхүүжүүлж байгаа манай компаний үйл ажиллагаанд үнэхээр бодитой хувь нэмэр хэрэгтэй байна.
Уг нь Монгол улсын гарал үүсэлтэй, Монгол улсад нэмүү өртөг шингээж буй бүтээгдэхүүнийг патентийн хууль, тендерийн хуулийн дагуу, төр шууд худалдаж авах боломжтой ч, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг заавал тендер зарлаж хийнэ гэсний дагуу Нийслэлийн Худалдан Авалтын газраас зарласан тендерт 8 компаний хамт оролцон, санал болгосон үнээрээ 1-р байранд орчихоод байна. Автобусны үнэ, Монголд улсдаа үлдээж буй нэмүү өртөг, шинэ технологи гэдэг 3 үндсэн үзүүлэлтээр 1-р байранд орчихоод байхад манай компанитай гэрээ байгуулахгүй удаж байгаад гайхаж байна. МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Нийслэл хотын дарга нар ажилтай орлоготой Монгол хүн, бүтээлч Монгол хүн бий болгоно гэсэн амлалтандаа хүрч, биднийг дэмжих байх гээд итгээд сууж байна.
-20 тэрбум төгрөгний энэ том тендерт Монгол инженерүүд, Монголчууд ялжээ. Яагаад гэрээ байгуулахгүй байгаа талаар асууж байгаа юу ?
- Монголчууд бидний хөлс хүч, зориг тэмүүллээр бүтсэн J-800T автобусыг үнэтэй байна гээд толгой эргүүлэх ажлыг хийгээд байсан. Харин энэ тендерийн үр дүнд бусдаас хямд байгаа гэдэг нь баталгаажлаа. Манай инженерүүд 1960-аад оны технологитой автобуснуудыг магадгүй 60-70 мянган долларт үйлдвэрлэж чадна. Гаднаас импортлон авдаг автобусны гааль, НӨАТ-ыг тэглэж, харин үндэсний үйлдвэрлэл дээрээ татварууд тавиад байгаа эх оронч бус хууль дүрмээ өөрчлөх байх гэдэгт итгэж байна. Тендерт ялаад байхад, бидний татварын мөнгөөр гадаад улс орнуудын ажилчдын цалинг өгөхөөр тэмүүлээд байгаа дарга нартай хатуу тэмцэх болно. Уг нь бидэнд ажлын байр бий болго, бидний татварын мөнгийг Монголчуудад өгөөжтэй зарцуул гэж сонгуульд санал өгч дэмжсэн шүү дээ. Аль эсвэл тэр Солонгос ажилчид, манай дарга нарыг сонгосон юм уу.
Бидний залуу инженерүүд, бидний араас энэ мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй оюутан дүү нарын хамт ажлын байраа хадгалахын тулд зохион байгуулалттай, тууштай тэмцэлдэх болно. Монголчууд бид мэдэхгүй, чадахгүй, болохгүй, бүтэхгүй гээд байвал юуг ч хийж чадахгүй. Бидний бий болгосон хөгжлийн энэ замаар олон монголчууд ажиллаж амьдарна гэдэгт итгэж байна. Өнөөдөр нэг суманд 50-200 дэлгүүр, лангуу байна. Зах зээлийн нийгэмд хурдан ашиг олдог нь зөвхөн худалдаа гэсэн энэ ойлголтыг өөрчлөх үйлсэд хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг. Сэтгэж, үйлдвэрлэж, баялаг бүтээж амьдрах Шинэ Монголчуудыг сэрээх замаар доллар гэдэг хар мангасыг доош нь дарж, Монгол төгрөгийг үнэтэй болгох бидний үйлс бүтэх болно.
Автобусны зарим эд ангийг татвараас чөлөөлж өгвөл, бид илүү хямд үнэтэй автобус үйлдвэрлэх боломжтой | ||
Үзсэн: 3447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.