
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
- * -
“Хүчирхийлэгчдийн эрин зуунд амьдармааргүй байна”
-“Хамтран амьдрагч” гэх хүчирхийлэгчийг хатуу шийтгэдэг болъё-
Гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн асуудал болоод байгааг амтай болгон хэлэх болсон. Учир нь нийгмийг сэртхийлгэм олон хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд маш том дэмжлэг болох хүчин зүйл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Уг хууль гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан маш боловсронгуй байх шаардлагатайг үйлдэгдэж буй хэргүүд, хүчирхийлэгчид өөрсдөө хэлээд, сануулаад байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд тохирсон зүйл заалттай байх нь хамгаас чухал юм. Сүүлийн үед гэр бүл болоогүй байж хамтран амьдрагч хэмээх нэрийн дор дэр нийлүүлэх “мода” дэлгэрсэн гэхэд болно. Гэтэл албан ёсоор гэр бүл болоогүй эрчүүд охид, бүсгүйчүүдийг хүчирхийлэн бүр амийг нь хөнөөж, “гаж” зангаа гаргах болсон.
Хамгийн ойрын хоёрхон жишээг дурдвал, 21 настай н.Цэдэн-Иш бүсгүйг найз залуу нь буюу өнөөх “хамтран амьдрагч” гэх хүчирхийлэгч этгээд 48 цаг зодож, амийг нь хөнөөсөн гэх хэрэг гараад байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл анхааралдаа авахаа мэдэгдээд байгаа. Г.Алтанхүү гэгчийг эл хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө батлан даалтад гарсан сураг дуулдаж, харин хохирогчийн талд ажиллаж байсан хуульч цагдаад байцаагдаж эхэлсэн. Түүгээр ч барахгүй хэдхэн хоногийн өмнө шүүх эмнэлгийнхэн хохирогч бүсгүйн ар гэрийнхэнд тийм ч таатай мэдээ дуулгаагүйг эх сурвалж хэлсэн юм. Тиймээс амьд сэрүүн байхдаа хамтран амьдрагчдаа дарамтлуулан хүчирхийлүүлж байсан гэх бүсгүй мөнх бусыг үзсэнийхээ дараа ч дахин хохирогч болж магадгүй байдал үүсээд байна.
Хүчирхийллийн хэрэг үүгээр дууссангүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр 50 настай дөрвөн хүүхдийн ээж болсон эмэгтэй мөн л өөрийн хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэгчийн гарт харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг гарч, олныг цочирдуулсан. Талийгаачийн зүүн хацрыг хамтран амьдрагч хүчирхийлэгч нь мэсээр маш том газарт зүсч, их хэмжээний цус алдахад хүргэсэн байна. Эмэгтэй ч тэр дороо ухаан алдаж улмаар ухаан орохгүй ес хоногийг өнгөрүүлсний эцэст хорвоог орхисон байх юм. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр “Хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа хэр хэмжээгээр алдах нь тодорхойгүй, ухаан алдалт түр зуурынх” хэмээн оношлосон байгаа юм.
Энэ мэт “хамтран амьдрагч” гэдэг нэрийн дор хууль ёсны бус “нөхөр” нь охид, бүсгүйчүүдийг дарамтлан, хүчирхийлж, амийг нь хөнөөж, үр хүүхдийг нь хүртэл хүчирхийлсээр байна. Тиймээс өнөөгийн нийгэмд тохируулан гэр бүлийн хүчирхийллийн асуудалд “хамтран амьдрагч” гэгч хүчирхийлэгчийн асуудлыг нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол хэн дуртай нэг нь хүчин мөхөс эмэгтэйчүүдийг дарамтлан, амь насыг нь бүрэлгээд, эцэс сүүлд нь танил тал, мөнгө хөрөнгөө ашиглан ямар нэгэн байдлаар ялаас мултарч, нэр цэвэр үлдэх нэгэн төрлийн “мода” дэлгэрэхийг үгүйсгэх арга алга. Хууль ёсны бус нөхөр болох “хамтран амьдрагч” хэмээх этгээдийг магадгүй хууль ёсны нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс ч хэд дахин хүнд ял ногдуулж, хариуцлага тооцдог болвол энэ төрлийн аймшигт хүчирхийлэл, аллагын гаралт буурах нь дамжиггүй. Хэрэв эдгээр этгээдийг хуульчилж өгөхгүй бол хэчнээн ээж хохирогч болж, хэдэн хүүхэд өнчирч, “цусаар” уйлаад хоцрохыг хэлж мэдэхгүй юм.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг эцгийн эрхт ёстой андууран, өрх толгойлж яваагийн хариуг өрөөл бусдад гаргадаг бүдүүлэг сэтгэлгээг халах цаг хэдийнэ болж. Нөхөртөө нүдүүлж, нүд нь хөхөрсөн эмэгтэй орчин цагт байх ёсгүй. Энэ бол хүчирхийллийг байх ёстой, энгийн үзэгдэл мэт бодож, сэтгэж явсны л хар гай.
Түүгээр ч барахгүй хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдгийг мартах учиргүй. Тиймээс ирээдүй хойч үеийнхнээ ч өр зөөлөн, хүнийг хайрлах сэтгэлтэй болгож хүмүүжүүлмээр санагдана. Гэтэл бидний ирээдүй хойч болсон бяцхан үрс маань уншиж, үлгэр дуурайлал авах ёстой үлгэрт “Гэдэс чанаад ээж нь: Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь: Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Тэгэхээр нь хүү авдарныхаа араас гарч ирээд “Үхээгүй хатаагүй хүүд үхэлцэг, зүрх тавих ёстой” гээд алтан мөнгөн аргайгаараа аргай аргай түг гээд аавыгаа толгойг цохиод алчихжээ.
Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ” гэж өгүүлэх болж. Уншдаг үлгэр, дуулдаг дуу, үздэг кино, тоглодог тоглоом нь бүгдээрээ хүчирхийлэгчийг бэлдэх болсон нь аймшигтай. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн зүйлээс эхэлдэг гэдэгчилэн зүгээр нэг яриад суух биш гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсарыг бүрдүүлэх, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйлчлэх хууль, эрх зүйн орчинг сайжруулахад хүн бүр дорвитой алхам хийх цаг нь болсон. Хүчирхийлэлд өртөж байгааг нь сайтар хамгаалж, хүчирхийлээд байгаа нөхөр болоод хамтран амьдрагч гэх хүмүүст хариуцлага тооцож, ухамсарт нь нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал болоод байна. Гэхдээ бид ирээдүйд хүчирхийлэгчдийн эрин зуунд амьдрахгүйн тулд гэр бүлийн сайн сайхан, аз жаргалтай уур амьсгалыг бүрдүүлж, элэг бүтэн байхыг чухалчлах хэрэгтэйг сануулахад илүүдэх юун.
Ж.Отгонбаяр. "Монголын мэдээ" сонин
Хүчирхийлэгчдийн эрин зуунд амьдармааргүй байна | ||
Үзсэн: 2702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.