Шууд Chart

С.Дэмбэрэл: Төсвийн бодлого баян хүн шиг, мөнгөний бодлого ядуу хүн шиг байж болохгүй...

2014-11-25 10:30:37

УИХ энэ сарын 13-нд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг баталсан. Харин маргааш нь “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай”,” Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай” хуулиудыг баталлаа. Мөнгөний болон сангийн бодлогын уялдаанаас ирэх онд инфляци болон валютын ханш ямар байх нь ихээхэн хамаарна. Тиймээс энэ хоёр бодлогын уялдаа хангагдсан эсэх асуудлаар УИХ-ын гишүүн бөгөөд Мөнгөний бодлогын ажлын хэсгийн дарга С.Дэмбэрэлтэй ярилцсан юм.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг 2015 оны эцэст долоон хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулахаар тусгалаа. Ирэх онд инфляцийг энэ түвшинд хэрхэн хүргэх юм бол?
-Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг гадаад, дотоод үнэ цэнээр хэмждэг. Дотоод үнэ цэнэ нь төгрөгийн худалдан авах чадвар буюу инфляци юм. Гадаад үнэ цэнэ нь манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт бусад орны валюттай харьцаж байгаа харьцаанаас харагддаг. Ирэх оны тухайд инфляци 9-9.5 хувь байхаар байгаа ч, 7 хувьд хүргэх даалгаврыг Төвбанкинд өглөө. Төвбанк инфляцид нөлөөлж байгаа бүх хүчин зүйлүүдийг судлаж, түүнд таарсан мөнгөний бодлого явуулах ёстой. Бодлогын хүүгээ уян хатан тогтоох байдлаар ч юм уу... Нөгөө талаас урьд өмнө нь өгч байгаагүй даалгаврыг Засгийн газарт давхар өглөө. Алслагдсан байдал, тээврийн зардал гэх зэргээс шалтгаалж аймаг, нийслэл бүрт инфляцид нөлөөлдөг хүчин зүйл өөр өөр байдаг. Тиймээс нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгалаа. Засгийн газар инфляцийн эсрэг дунд хугацааны хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг талаас Төвбанк, нөгөө талаас Засгийн газар ажиллавал инфляцийг дараа жилийн эцэст нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзэж байгаа. /Ирэх оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолыг бүрэн эхээр эндээс уншина уу/

-Валютын ханш чөлөөтэй, уян хатан тогтох бодлого уламжлал ёсоор үргэлжлэх үү?
- Валютын тухайд улс болгон өөрийн онцлогт тохируулсан ханшийн  дэглэмтэй. Тухайлбал, чөлөөтэй хөвөх, зохицуулалттай хөвөх, хатуу тогтоосон дэглэм бий. Дэлхий дээр хатуу тогтоосон валютын ханштай улс бараг байхгүй. Хятад улсын тухайд зохицуулалттай хөвөгч ханштай. Харин бусад орнууд чөлөөтэй хөвөгч ханштай. Манай улсын тухайд чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэм баримталдаг. Тиймээс ч жил бүрийн мөнгөний бодлогод төгрөгийн гадаад валюттай харьцах ханш уян хатан тогтож, дунд хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалахтай нийцтэй байх зарчим баримтална гэж тусгадаг. Гэхдээ чөлөөтэй хөвнө гэдэг нь, чөлөөтэй уян хатан тогтоод хаячих гэсэн үг биш...  Ханшийн хандлагыг өөрчлөхгүйгээр хэт хэлбэлзэл, савлагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд, интервенц төдийгүй тодорхой мөнгөний арга хэрэгслүүд ашиглах хэрэгтэй байна. Жишээлбэл, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг бий болгох хэрэгтэй талаар энэ жилийн мөнгөний бодлогод туссан, ирэх жилийн мөнгөний бодлогод нэмж тодруулсан байгаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор валютын дотогшлох урсгал хумигдаж, америк долларын ханш 1900 төгрөг рүү дөхөж явна. Ам.долларын ханш өндөр байгаа цагт инфляцийг ирэх онд зорилтот түвшинд хүргэх бололцоо хомс юм биш үү?
-Үүнээс гарахын тулд гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр хамгийн түрүүнд иж бүрэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид валютын дотогшлох урсгал гэхээр зэс, нүүрс яриад байдаг. Ер нь бид уул уурхайгаас бусад экспортоо хөгжүүлэх талаар юу хийсэн юм бэ. Ямар хөшүүрэг хэрэглэж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Энэ талаас нь харахаар экспортын даатгалын тогтолцоог яаралтай хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс төвбанкны мөнгөний бодлогыг экспортыг дэмжих тал руу чиглүүлэх заалтууд оруулсан. Нөгөө талаас улсын өр хуулиар зааж өгсөн хязгаарыг давчихсан байгаа учраас гаднаас зээл авч чадахгүйд хүрлээ. Тиймээс өрийн удирдлагын тухай хуулийг яаравчлан батлах шаардлагатай байна. Сангийн яам энэ хуулийн төслийг санаачлаад, Засгийн газраас оруулаад ирчихсэн байхад, батлахгүй удаад байна шүү дээ. Батлахгүй байх эдийн засгийн шалтгаан байхгүй. Батлах эдийн засгийн шалтгаан их байна.

-Өрийн удирдлагын тухай хуультай болвол бид гаднаас дуртай санхүүжилтээ авч, валютын урсгалыг нэмэх бололцоотой. Гэхдээ манай “улсын өр” нэмэгдэх сөрөг тал байгаа шүү дээ?
-Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй гээд хуульчилсан байгаа. Үүний сул тал нь өрийн хэмжээ тогтвортой байсан ч, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд, түүнд эзлэх өрийн хэмжээ бага болж харагддаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад, өрийн хэмжээ их болж харагддаг сул тал бий. Үүний оронд эдийн засаг өөрийгөө нөхөн төлжүүлж чадах чадавхиас нь хамаарч, өрийн харьцааг тогтоох хэрэгтэй. Тэгэж байж богино, дунд, урт хугацаанд эдийн засгаа тогтвортой өсгөх боломжтой болно. Ер нь хөгжилтэй болон хөгжиж буй орнууд бүгд зээл авч, үүнийгээ зөв зохистой зүйлд зарцуулж ирсэн. Дэлхийн улс орнууд 1980-аад оноос хойш өрийн удирдлагын олон арга гаргаж ирсэн ч, эцсийн оновчтой шийдэл нь өрийн удирдлагын хууль байсан. Өрийн удирдлагын маш олон индикаторуудаас манай улс ДНБ-д эзлэх өрийн харьцааг л ашиглаж байна. Гэтэл цаана нь өрийн олон индикатор бий. Энэ бүгдийг харьцуулж дүгнэлт гарган, цаашид ийм өр тавиад, үүнийгээ ингэж өсгөөд, эргүүлж төлнө гэсэн гаргалгаа хийх хэрэгтэй. Үүнийг эрхзүйн хувьд баталгаажуулаад явах шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тогтоолд, Засгийн газрын өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг нэгдүгээр улиралд багтаан боловсруулж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлээ сайжруулах тухай заалт оруулсан.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлахгүй бол, валютын орох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуулт гарна. Валютын нөөцийг нэмэгдүүлэх өөр гарцын тухайд?
-Ирэх жил Оюутолгойн санхүүжилт шийдэгдэнэ зэрэгт үндэслээд нэг америк доллар 1750 -1900 гэсэн төсөөлөл оруулж ирсэн. Тэрний доод ханшийг төсөвт тусгалаа. Хэрэв америк доллар 1860 төгрөгт хүрвэл, төсөвт тусгасан 1750 төгрөгийг хасаад, үлдсэн нь төсвийн орлого болж харагдаж байгаа биз. Валютын ханшны энэ зөрүүг тогтворжуулалтын санд төвлөрүүлж, үүгээр валютын нөөцөө өсгөж, интервенц хийх нэмэлт үүсвэртэй болох зүйлийг цаашид бодох хэрэгтэй юм билээ. Нөгөө талаас өнөөдөр ганцхан нийлүүлэгчтэй зах яваад байна шүү дээ. Банк хоорондын захад явагдаж байгаа валютын дуудлага худалдаагаар төвбанк валют нийлүүлж, арилжааны банкууд худалдан авч байна. Тиймээс валютын захын нийлүүлэлтийн сувгуудыг олон болгохын тулд, төвбанк стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, манай банкны тусгай дансанд мөнгөө байршуулвал, ийм хүү төлнө гэсэн хөшүүрэг хийх хэрэгтэй байна. Зарим хүмүүс Оюутолгой компани орлогоо Монгол Улсын банкинд хадгалуулахгүй байна гэж улстөржөөд байдаг. Тэднийг Монголд мөнгөө хадгалах ямар санал тавьж, ямар хөшүүрэг хэрэглэсэн билээ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Бид хөшүүргийг нь хийж өгч байж, стратегийн хөрөнгө оруулагчид валютын зах зээл рүү нийлүүлэлт хийдэг тогтолцоотой болно.

-Зөвхөн төвбанк валют нийлүүлж байна гэж та тайлбарлаад байна. 2008-2009 оны хямралын дараа долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт банк хоорондын захад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг болж, арилжааны банкууд валют худалдахаас гадна, нийлүүлж болдог болсон шүү дээ?
-Валютын дуудлага худалдаа өнөөдөр банк хоорондын зах дээр явагдаж байна. Одоо бидэнд юу үгүйлэгдэж байна гэхээр валютын бирж. Валютын биржийн дуудлага худалдаанд арилжааны банкуудаас гадна, стратегийн хөрөнгө оруулагчид долларын нийлүүлэлт хийх хэрэгтэй байна гэж би түрүүн хэллээ. Дээр нь банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулж валютын нийлүүлэгч болгох шаардлагатай байна. Өнөөдөр бүгд банкуудаас валют авч, банкуудад валют худалддаг гэвэл өрөөсгөл ойлголт. Тухайлбал, иргэд 200 ам.доллар авах, эсвэл зарах бол валют арилжааны төвүүд рүү явж байна. Валют арилжааны төвүүд валютын захын багахан хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ албан бус, далд эдийн засаг байгаа цагт валют арилжааны төвүүд дээр магадгүй их хэмжээний доллар эргэлдэж байхыг үгүйсгэхгүй. Тэр ч утгаараа, валютын биржтэй болж, ханш эрэлт нийлүүлэлтийн хуулиараа тогтож байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс ч, ирэх жилийн мөнгөний бодлогод энэ тухай тодорхой заалтууд оруулсан.

-Санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ирэх онд ямар ажил хийхээр 2015 оны мөнгөний бодлогод тусгаж өгөв?
-Санхүүгийн зах зээл хямарвал, эдийн засаг дагаад хүндэрдэг. Тиймээс дэлхий нийтийг хамарсан хямралаас хойш дэлхийн төвбанкууд санхүүгийн тогтвортой байдалд онцгой анхаардаг болсон. Манай улс ч ялгаагүй энэ зах зээлд анхаарал хандуулж, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, төвбанкны төлөөллөөс бүрдсэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй болсон. Дээрх зөвлөл санхүүгийн зээлийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх үүрэгтэй. Өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн нийт активын таван хувь нь банк бус санхүүийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, хөрөнгийн захад оногдож байна. Харин  95 хувь нь дангаараа арилжааны банкуудад эргэлдэж байна. Дээрх зөвлөл энэ зах зээлийн тогтвортой байдлын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ гэсэн үг. Ирэх оны мөнгөний бодлогод, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд гурван ажил хийхээр тусгасан. Харин санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд зургаан ажил хийхээр тусгалаа. Үүний нэг нь инфляцийн төлөв байдлын илтгэлийг улирал бүр, Санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороонд хүргүүлэх тухай заалт юм. /Ирэх оны мөнгөний бодлогыг эндээс уншина уу/

-Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар зээл 12.8 их наяд төгрөг хүрсэн байна. Үүнд эзлэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч байгаа гэх мэдээлэл байна. Цаашид зээлийн эргэн төлөлт удааширвал санхүүгийн салбарт хүндрэл гарч болзошгүй?
-Олон улсын төлбөр тооцооны банкны дэргэдэх базелийн хорооноос гаргасан дүрэм, ОУВС-аас гаргасан санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг манай улс дагаж мөрөөд хэвшчихлээ. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг арилжааны банкууд хангаж байгаа учраас эрсдэл бага байгаа. Тэгээд ч банкуудын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл таван хувиас хэтрээгүй байгаа учраас санаа зоволтгүй. Энэ бол удирдагдаж болох хэмжээ.

-Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан учраас төвбанк “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрөөс гарч байгаа гэсэн мэдээлэл байна?
-2013 оны төсвийн хөрөнгө оруулалтаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хоёр хувийг л хангасан байна. Бондын хөрөнгөөр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хоёр хувийг мөн хангасан байх жишээтэй. Тэгвэл бусдыг нь хэн хангасан юм гээд судлаад үзвэл, компаниуд банкуудын зээлээр бүтээсэн байгаа юм. Ийм байхад төвбанк арилжааны банкуудтай зэрэгцэн зээл гаргах нь өрсөлдөөнд харш. Тиймээс үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрөөс төвбанкийг салгаж, аажмаар холдуулахаар ирэх оны мөнгөний бодлогод тусгалаа. Төвбанк ирэх жилийн эцэст үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 60 хувьд оролцох байх. Цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар, арилжааны банк, аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод зах зээлийн зарчмаар явна. Тэгээд ч, 2010-2012 онд нийт инфляцийн 35 хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляци эзлэж байсан бол, одоо таван хувийг эзлэж байна. Тэгэхээр төвбанк дэд хөтөлбөрөөс гарах цаг нь болсон.

-Мөнгөний болон сангийн бодлого уялдаагүй явж ирсэн гэж эдийн засагчид байнга шүүмжилдэг. Ирэх жилийн мөнгөний болон сангийн бодлого хоорондоо уялдаж чадсан болов уу?
-Зарим хүмүүс мөнгөний болон сангийн бодлого өөр чиглэлээр явдаг учраас уялдуулах шаардлагагүй гэж хэлдэг. Тэдэнд уучлаарай гэж хэлмээр байна. Төсвийн хөрөнгө оруулалт импортыг нэмэгдүүлбэл, валютын эрэлтийг өдөөж, ханшид нөлөөлөхгүй юу. Валютын ханшид нөлөөлвөл, мөнгөний бодлогод нөлөөлөхгүй юу. Мэдээж аль алиндаа нөлөөлж таарна. Тиймээс энэ хоёр бодлогыг уялдуулах шаардлагатай. Төсвийн бодлого баян хүн шиг, мөнгөний бодлого ядуу хүн шиг байж болохгүй биз дээ. Тиймээс ирэх жилийн төсөв дээр нэлээд анхаарсан. УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дээр өмнө нь тэр аймгийн, энэ яамны төсвийг нь нэмчихье гэж ярьдаг байсан нь нууц биш. Тэгвэл энэ жил эдийн засгийн байнгын хорооны гишүүд ярилцаж байгаад, ирэх оны төсөвт найман төрлийн санал оруулсан. Үүний нэг нь ирэх оны төсвийг алдагдалгүй батлах санал байсан. Гэтэл ирэх оны төсвийн алдагдал 439 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай байхаар баталчихлаа. Эндээс л нөгөө зөрчил үүсээд байгаа хэрэг шүү дээ.

-Ирэх оны төсөв болон мөнгөний бодлого уялдаагүй боллоо гэж дүгнэж болох нь ээ. Ер нь энэ байдал юунаас болоод жилийн жилд давтагдаад байдаг юм бэ?
-Хэдийгээр бид ирэх жилийн урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр бууруулсан ч, нөгөө талд нь хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж чадсангүй. Олон жил баригдсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн, хурдан үр өгөөжөө өгөхгүй, хөрөнгө оруулалтуудыг ирэх жил хийхээр баталлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил эрхлэлтийн түвшинг хадгалах, шинээр ажлын байр бий болгох, бизнесийн идэвхижлийг нэмэгдүүлэх талаас нь бодож, сайн хийсэнгүй. Үүний нэг шалтгаан нь бидний хоорондын ажлын уялдааны асуудал байх шиг байна. Төсвийн байнгын хорооныхон төсөв ярьдаг. Хууль зүйн байнгын хорооныхон энэ салбарынхаа төсвийг ярьдаг. Нийгмийн бодлогын байнгын хорооныхон нийгмийн обьектуудыг ярьдаг. Ингээд байгууллагуудын төсвийг яриад явчихдаг. Уг нь байнгын хороод ирэх оны төсөв ямар бодлогоор явах ёстой юм гэдгээ эхлээд ярих ёстой. Бодлогынхоо малгайг гаргачихаад, үүнд тааруулсан зарчим, чиглэлээ обьект бүр дээр гаргах ёстой юм. Ирэх жилийн төсвийг хэлэлцэхдээ энэ чиглэлээр чадлаараа ажилласан ч, бас л дутуу дулимаг зүйл оруулчихлаа. Тиймээс ч, цагаан сарын өмнө тодотгол хийхээр ирэх оны төсвийг баталлаа.

-Ирэх оны төсвийн орлого 7.1 их наяд төгрөг байх бол зарлага нь 7.5 их наяд төгрөг байхаар хуульчиллаа. Үүнээс гадна Чингис, Самурай, Хөгжлийн банкны бондын хөрөнгийг төсвөөс гадуур зарцуулахаар байна. Төсвөөс гадуурх мөнгөний нийлүүлэлт байсаар байгаа цагт, төвбанк бодлогын хүүгээ өсгөхгүйгээр инфляцийг зорилтот түвшинд хүргэх бололцоо харагдахгүй байгаа?
-Засгийн газрын нөлөөнд орж, өөрийнх нь бие даасан байдал алдагдаад ирэхээр хөгжлийн банкууд унадаг. Манайд ийм зүйл ажиглагдаж байгаа. Тухайлбал, манай Хөгжлийн банк хөндлөнгийн хяналтгүй, банкны системээс гадуур тусдаа яваад байгаа юм. Тиймээс Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ хуульд өөрчлөлт оруулбал, бондын хөрөнгө гадагшаа биш, дотогшоо шингээд явах боломжтой. Бодлогын хүүний тухайд, дахиад чангаруулах ёстой гэж олон улсын байгууллагууд хэлээд байгаа. Би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байна. Уян хатан мөнгөний бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ уян хатан мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийг нэг оронтой тоонд барьсан байх ёстой. Нэг оронтой тоонд барьж байвал инфляци 9.9 хувь байж болно шүү  дээ. Заавал долоон хувь байх албагүй. Бусад оронд  яг манайх шиг хатуу тоо тавьж өгдөггүй юм билээ. Инфляцийг онилж байгаа  улсууд  нэмэх, хасах 1.5-2 хувь гэсэн хэлбэлзэлтэй тоо тавьж өгдөг юм билээ. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй.

Нийтэлсэн: А.Энхтуул

С.Дэмбэрэл: Төсвийн бодлого баян хүн шиг, мөнгөний бодлого ядуу хүн шиг байж болохгүй...  
Үзсэн: 2945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй