
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
- * -
М.Ичинноров: Хуульчилбал гэр бүлийн хүчирхийлэл үгүй болдоггүй юмаа гэхэд буурна
Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг “Ярилцах танхим”-даа урьж, “Хүчирхийлэлгүй нийгмийг хэрхэн бий болгох вэ” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эхнэр, нөхрийн хэрүүл гээд ойшоодоггүй. Гэтэл гэмт хэргийн шинжтэй болсныг ойрын үеийн жишээнүүд гэрчилнэ. Судалгаанаас харахад өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн ч гэж алга?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь манай улсад амь бөхтэй оршсоор байсан. Энэ зүйлийг байх ёстой, байдаг л зүйл гэж ойлгосоор ирсэн. Харин өнөөдөр Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлгүй гэр бүл гэж алга. Гурван эмэгтэй хүний нэг нь ямар нэг хэлбэрээр хүчирхийлэл дунд амьдарч байна. Үүнийг Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон эмэгтэйчүүдийн бусад байгууллагын хийсэн судалгаанаас харж болно. Бараг 20 жилийн өмнө хийж байсан судалгааны үр дүн юм. Хүчирхийлэл үүсэх шалтгааныг судалгааны байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаж гаргах учиртай. Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн хорт хавдар. Дэндүү бугшсан өвчлөл. Тэр өвчин, идээ бээрийг идгээх арга нь өвчлөлийг үүсгэсэн шалтгаан, эх сурвалжийг олоход оршино. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэхэд нийгэм, эдийн засаг, улс төр, сэтгэл санаа, уламжлал гэсэн олон шалтгаан нөлөөлдөг. Мөн Монгол хүний зан авирын онцлог нөлөөлж ч болно. Яагаад монголчууд догшин, ширүүн авиртай байдаг вэ. Ярилцаж ойлголцоод шийдчих зүйл дээр яагаад нударга зөрүүлэх болов. Уучлаарай гэж хэлэхийн оронд ална шүү гэж хэлж байна. Гэвч барьцтай эх сурвалж төдийлөн олддоггүй.
Гэхдээ гарч буй гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийг ажиглахад дээрх хүчин зүйл бүгд нөлөөлсөн байдаг. Энэ идээ бээрийг эмчилж чадахгүй бол гэр бүлийн хүчирхийлэл ил болон далд байдалд байсаар байна. Нийгэм үүнийг эмчлэхийн тулд анхаарал хандуулж ажиллах ёстой. Анхаарал хандуулахдаа монгол хүний зан байдлыг судлаж, үүн дээр нийгэм эмчилгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл, төр засаг эмчлэгч эмч болох учиртай.
-Ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч ил болгохыг хүсдэггүй. Эргээд ямар нэгэн зүйл болох вий гэхээс ч айдаг. Мөн монголчуудын нэр хугарахаар яс хугар гэх үзэл бий. Тиймээс аргагүй байдалд ороогүй л бол далд хэлбэрээр явагддаг шүү дээ?
-Сүүлийн 20 жил гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэдэн эмэгтэй л дуугарч, бор зүрхээрээ ажиллаж байна. Төр нэг ч удаа анхаарал хандуулаагүй. Харин сүүлийн үед болж буй үйл явдалд учир мэдэх хүмүүс анхаарал хандуулж эхэллээ. Хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажилд системтэйгээр өөрчлөлт оруулах санаачилга гаргалаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр онцгойлон анхаарал хандуулж, дуугарч эхэлсэн. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ассан галыг бөхөөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох төр, төрийн бус байгууллага уухайлан хамтран ажиллаж байна. Аливаа зүйлд хожимдоно гэсэн зүйл байхгүй. Голыг нь олоод ажиллавал үр дүн гарна.
-Гэр бүлийн маргаан нь даамжирсаар хүчирхийлэл болж эрүүгийн гэмт хэрэг болох боллоо. Дэндүү, харгис шинжтэйгээр илэрч, нийгмийг цочролд оруулах болсон нь олны анхаарлыг татахад хүрсэн байх?
-Гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бүрдүүлдэг. Тэр хоёр хүний хооронд ямар ч асуудал үүсч болно. Хэрэлдэнэ, маргалдана. Энэ үзэгдэл байх ч ёстой. Хэрэв маргаан, зөрчилдөөн байхгүй бол жинхэнэ харь гаригаас ирсэн амьтад болж хувирна. Гэр бүлийн маргаан нь ихэнхдээ нэг түвшинд явагддаг. Өөрөөр хэлбэл, нөхөр хуц гэвэл эхнэр мөн тэр үгийг хэлэх жишээтэй. Харин хүчирхийлэл нь нөхрийн давамгай байдлаар эхэлж, өрнөж, үргэлжилдэг. Энэ үед нөхөр нь эхнэрээ эдийн засаг, биеийн болон эр хүний омогшлоор хүч хэрэглэж, дарангуйлал бий болгосноор хүчирхийлэл үүсгэдэг. Тэр үед эмэгтэй хүн ямар нэг үйлдэл хийх эрхгүй хүлээцтэй хандах оролдлого хийдэг ч эцэст нь аюулт байдлыг бий болгох нь бий. Ямар ч хосод хардах, сэрдэх, харамлах сэдэл төрнө. Энэ бол хүний амьдралд байх үзэгдэл. Харин хэн нэгний давамгайлал хэтэрвэл байнгын эрхшээлдээ байлгах, биеийн болон сэтгэл зүй, бэлгийн дарамтад оруулахад хүргэдэг. Гэр бүлийн маргаан, хүчирхийлэл хоёр ийм ялгаатай.
-Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооно гэж ярьдаг ч хууль, эрх зүйн орчин өнөөдрийг хүртэл алга. Хууль, эрх зүйн орчин бүрдсэнээр энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах магадлал бий юу?
-Манайд болж буй гэр бүлийн хүчирхийллийн ихэнхийг нөхөр өдүүлдэг, үйлддэг. Тиймээс хүчирхийлэгч нь эхнэр, үр хүүхэд болон ахмад хүнийг байнгын хүчирхийллийн дарамтад байлгах. Эцэст нь эрүүл мэнд, амь насны аюулгүй байдалд хохирол учруулах нь гэмт хэрэг юм гэж хуульчилбал гэр бүлийн хүчирхийлэл үгүй болдоггүй юмаа гэхэд буурна. Хуульд ингэж тусгаснаар хүчирхийлэгчийн оюун санаанд “Би гэр бүлийн хүнээ байнга дарамталж, ална гэж заналхийлдэг. Ингэснээр эцэст нь би гэмт хэрэгтэн болох юм байна” гэсэн ойлголт сууна. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл өдүүлэгч, үүсгэгчид энэ төрлийн ойлголт байвал урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шилжинэ.
Ингэснээр гэр бүлийнхнээ дарамталж, айлган сүрдүүлдэг байдал ч үгүй болно. Магадгүй зоддог байсан хүчирхийлэгч хэл амаар ойлголцох бодол төрнө. Энэ бол хуульчдын тавьж буй нэг санал, алхам. Гэр бүлийн хүчирхийлэл бүр гэмт хэргийн шинжтэй болсон. Гэтэл ямар нэгэн ул суурьтай шийдвэр гардаггүй. Учир нь цагдаа, хүчнийхэн, ер нь хэнбугай нь ч гэр бүлийн асуудал гээд оролцохоос татгалздаг. Мөн гэр бүлийн дотоод асуудал гээд хайнга ханддаг. Гудамжид хоёр хүн муудалцаж, зодолдоход асуудлыг ул суурьтай нягтлаж, шийдвэр гаргаж буруутай этгээд ял авч шоронд очдог. Гэтэл гэр бүлийн байнгын хүчирхийлэлд өртөж, дарамтад байгаа үзэгдлийг аюултай гэмт хэрэг гэж зүйлчлэхгүй болохоор үргэлжилсээр байна. Хуульд ийм зүйл, заалт оруулах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг л арга болно. Түүнээс ул үндэсгүй алга болгоход хууль дангаараа зогсоож чадахгүй.
-Монгол хүнд яагаад хүчирхийллийн сэтгэл зүй байгаад байдаг юм бэ?
-Муу нь муугаа. Мухар нь сохроо гэж үг бий. Монгол эрэгтэй хүн нэг их дээрлэхүү, зоддог, занчдаг үйлдэлдээ дэндүү дуртай. Энэ онцлогийг судлах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь хүчирхийллийн бус аргаар хүмүүжүүлэх ёстой. Ер нь хүчирхийллийн бус аргаар харилцааны асуудлыг шийдэх, төлөвшилд сургах сургалтын системийг бодож олох хэрэгтэй, хэрэгжүүлэх учиртай.
-Та талийгаач М.Цэдэн-Иш болон түүний гэр бүлд стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа. Хэд хоногийн өмнө талийгаачид хийсэн хоёр дахь задлан шинжилгээний хариу гарсан. Хариутай танилцаж амжсан уу?
-Талийгаач М.Цэдэн-Ишт хийсэн хоёр дахь задлан шинжилгээний хариу хугацаа авсан. Гэхдээ шүүх эмнэлгийн шинжээч эмч нар нухацтай шинжлэх гэж хугацаа алдсан байх, тэгж ч ойлгож байгаа. Хэд хэдэн нарийн шинжилгээ хийсэн гэсэн. Хоёр дахь задлан шинжилгээний хариуны талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Гэхдээ бүсгүй гадны нөлөөтэй нас барсан уу гэвэл нас барсан. Үхлийн шалтгааныг шинжлэх ухаан талаас нь тогтоосон. Шүүх энэ үйл явц дээр анхаарал хандуулах нь үнэн. Гэхдээ хэргийн нөхцөл байдал, субьектив санаа, сэдлийг мөрдөн байцаагч нар нухацтай тогтоох ёстой. Өнөөдрийн байдлаар шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлтийг гар дээрээ аваагүй байна. Иймээс ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Г.Алтанхүү нь талийгаачийг хүчирхийллийн аргаар дарамталдаг байсан түүх бий. Тухайн үед талийгаач бүсгүй болсон үйл явдлын тухай найз нөхөддөө хэлсэн байдаг. Тиймээс түүний ар гэрийнхэн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэж хардах, сэрдэх бүрэн эрхтэй. Хэн ч тэгж бодно.
-Хохирогчийн үхлийн шалтгаан ихэнхдээ тодорхой бус, хөнгөн гэсэн үгээр халхавчилж буруутай этгээдэд ял завших боломж бүрддэг жишиг тогтжээ. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн золиос болсон хүний үхлийн шалтгаан ихэнхдээ хөнгөн, үхэлд хүргэх шалтгаан биш гэсэн байдлаар гарах болсон. Шүүх эмнэлэг шударга бус ажиллаж байна гэж ихэнх өмгөөлөгч хэлдэг. Тухайн хэргийг шүүх эмнэлгийн дүгнэлт дээр ихэнхдээ гаргадаг болж. Ийм жишиг тогтсон байна. Тиймээс шүүх эмнэлэгт ямар нэг нөлөөлөл үзүүлэх оролдлого байхгүй гэх баталгаа алга.
-Эмэгтэйчүүдийн хориход хоригдож буй олонх бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмт хэрэгтэн болсон байдаг. Угтаа бол тэд хохирогч шүү дээ?
-Маш чухал асуудал хөндлөө. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн (хохирогч эмэгтэй) синдром буюу balteredwomen syndrome нь барууны оронд сайн судлагдсан эрх зүйн ухагдахуун. Хохирогч, гэр бүлийн хамт байнгын дарамт, хүчирхийлэлд байснаас үүдэж balteredwomen syndrome-д ордог. Энэ үед дарамтад оруулсан этгээдэд хэн ч үйлчилж, халдаж чаддаггүй. Хууль, хүчний байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар нэг ирж асуудлыг шийдэх ч маргааш нь үгүй гэдэг. Цагдаа нар “Өө эднийх байнга ийм байдалтай байдаг. Байнга зодолддог” гээд тоодоггүй, төвөгшөөдөг. Энэ үед эмэгтэй хүний толгойд өөрөө үхэх, эсвэл нөхрөө үгүй хийх гэсэн бодол төрдөг. Ингэснээр аймшигт хүчирхийлэл зогсоно гэсэн бодолтой болдог. Энэ итгэл, үнэмшил дээр суурилсан үйл явцаа хэрэгжүүлсэнээр balteredwomen syndrome-д ордог.
Ингэснээр хамтран амьдрагч, нөхрөө хөнөөсөн тохиолдолд барууны оронд буруутай этгээдэд ял оноодоггүй. Гэхдээ мөрдөн байцаалт болон судалгааг маш сайн хийсний дараа ийм шийдвэрт хүрдэг. Гэтэл манайд хүн үхсэн учир ял авах ёстой гэсэн хууль үйлчилж байна. Ингэснээр эцэг нь шороонд булуулж, эх нь шоронд сууж, хүүхдүүд нь өнчирч хоцордог. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход хүмүүжиж байгаа ихэнх хүмүүжигч balteredwomen syndrome-оор ял эдлэж байна. Мөн тэдний тодорхой хэсэг нь аргагүй хамгаалалт авсныхаа төлөө эрхээ хасуулаад буй. Уг нь тухайн нөхцөлд аргагүй хамгаалалт хийсэн бол ял эдлэхгүй өнгөрөх хуулийн зохицуулалт манайд бий. Гэтэл аргагүй хамгаалалт хийсэн хүнд ял үүрүүлсээр байна. Ер нь манайхан нь чинь буруутай этгээдийг яллаж байж санаа амардаг системээр хүмүүжсэн эрх зүйтэй. Одоо ажиллаж буй хуульч, шүүгч нар ч ийм арга барилаар ажиллаж, шийдвэр гаргадаг.
Түүнчлэн хориход ял эдлэж буй эмэгтэйчүүдийн тодорхой хувь нь залилангийн гэмт хэрэгтэн. Магадгүй амьдралын эрхээр танилаасаа гурван сая төгрөг зээлээд хугацаандаа буцааж өгөөгүй тохиолдолд залилан гэж зүйлчлээд шорон руу явуулж байх жишээтэй. Гэтэл цаана нь хэдэн арван тэрбумаар идсэн, уусан хүмүүс чөлөөтэй явж л байна. Тэдний ихэнх нь ял авах нь битгий хэл албан тушаалаас нь буулгах систем хүртэл үйлчилдэггүй. Энэ шударга ёсонд нийцэх үү. Хориход хүмүүжиж буй эмэгтэйчүүдийг өнөөдөр бүгдийг нь чөлөөлж болно. Чөлөөлье гэвэл 99 хувь нь суллагдана. Ингэж хэллээ гээд буруутан болбол болог. Байдал яг л ийм байна. Ер нь ихэнх хүмүүс ялих, шалихгүй зүйлээс болж шоронд орсон байдаг. Тэр бүрт олон жилийн ялаар шийтгүүлдэг. Гэтэл шоронд хоригдож буй гэмт хэрэгтэн хэзээ нэг өдөр гарахад хүлээж авах систем нийгэмд алга. Энэ асуудал дээр миний бие хоёр зүйл санал болгож байгаа юм.
Нэгдүгээрт нь, ялихгүй, шалихгүй гэмт хэрэг дээр том ял битгий өгч бай. Ялангуяа шоронгийн ялыг сонголт болгож тулгах хэрэггүй. Альтернатив ял гэсэн ухагдахуун байдаг. 1000 төгрөг хулгайлсан Ариунцэцэгийн хэрэг дээр стратегийн өмгөөлөл үзүүлж байхад үүнийг санал болгож байсан юм. Энэ хүний нийгэмд учруулсан хохирол нь 1000-хан төгрөг. Энэ мөнгөөр хэн хохирч шалих вэ дээ. Гэтэл түүнд 10 жилийн ял өгсөн. Харин түүний оронд хөхүүл хүүхэдтэй залуу бүсгүйд 10 сар нийслэлийн гудамж, талбайг цэвэрлүүлэх ял өгч болно. Энэ хүн гудамж цэвэрлээд зогсч байхдаа найз нөхдөөсөө ичнэ. Би ингэж нусаа татаж, хог цэвэрлэж байх хүн мөн үү. Яагаад ийм байдалд хүрэв гэдгээ бодож, ухамсарлана, гэмших сэдэл төрнө. Энэ бол шийтгэл, ял. Энэ байдлаас тухайн гэмт хэрэгт холбогдсон хүн бүхнийг ухаарна, хожино. Тэр хүний олсон орлогоор хохирол нөхөн төлүүлдэг шударга, энэрэнгүй системд ял эдлүүлдэг байдалд шилжих хэрэгтэй.
-Гэрч, хохирогч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин хангалтгүйгээс гэмт хэрэгтний ял буурах магадгүй ялгүй хоцрох тохиолдол олон. Нөгөөтэйгүүр, гэрч гэмт хэрэгтэн шиг байцаалт өгдөг. Энэ жишгийг халахын тулд Засгийн газраас ТАХАР-ын алба байгуулсан. Энэ албаны үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг дорвитой ярьж эхэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж ТАХАР-ын алба гэдгийг байгуулсан. Энэ алба нь шүүхийн аюулгүй үйл ажиллагааг хангахаас гадна гэрч, хохирогч нарын аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй байгууллага. Өмнө нь гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр ямар ч ухагдахуун байгаагүй. Хохирсон хүн хохирсон дээрээ хохироод л яваад байдаг байсан. Гэрчээс мэдүүлэг авах гэхээр “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гээд халгаахгүй. Гэрч нь гэмт хэрэг хийсэн хүний адил хэмжээнд байцаалт өгдөг, хүндрэлтэй учраас. Энэ бүхнийг өөрчлөх боломж бий болж байна.
-Нийгэмд стратегийн өмгөөлөл үзүүлсний төлөө та цагдаагийн газарт байцаагдаж байгаа. Өмгөөлөгчдийн ажиллах нөхцөл, бололцоо хэр хангагдаж байна вэ?
-“Нөхөртэй зодуулаад амь насаа алдав”, “Хамтран амьрагч нь 48 цаг зодож алжээ” гэсэн сенсац мэдээлэл хүргэхээс илүүтэй энэ нийгэмд ямар сургамж авчирч байна вэ. Үүнээс үүдэж ямар хууль, эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй вэ. Нийгэм болон иргэдийн боловсролыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаас судлаж, ажиллах нь стратегийн өмгөөлөл юм. Энэ төрлийн өмгөөлөл нь нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Г.Алтанхүүгийн гомдлын дагуу надаас байцаалт авсан. Хэрэг бүрдэлтийн шатанд явж байгаа.
Үнэхээр намайг сэжигтнээр татах нотолгоо бүрдвэл би өөрөө өөрийгөө өмгөөлөөд явна. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө шударга, ариун тэмцэлд оролцож байгаа. Үүний төлөө миний эрх зөрчигдөж, ямар нэгэн зүйл учирлаа гэхэд нэр төрийн хэрэг гэж ойлгоно. Энэ байдлын төлөө харамсах зүйл алга. Өнөөдөр өмгөөлөгч нар эрүүгийн гэмт хэрэг дээр ажиллахад хаалттай систем үйлчилж байна. Хавтаст хэрэгтэй анхнаас нь танилцуулдаггүй. Тухайн хэрэг прокурорт шилжихээс хэд хоног магадгүй нэг цагийн өмнө ч танилцах үе таардаг. Нөгөө талаас өмгөөлөгч нар зөвхөн орлогын хойноос хөөцөлдөх биш мөнхийн эрх ашиг болсон шударга ёсны төлөө ажиллаж, өөрсдийгөө таниулах хэрэгтэй. Тэгж байж зовсон олонд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж чадна. Гэхдээ өмгөөлөгч нарт нийгмийг цочроосон гэмт хэргийг олны өмнө ил гаргахаас төвөгшөөх байдал ажиглагддаг. Уг нь ингэх хэрэг байхгүй л юм.
М.Ариунтуул
"Улстөрийн тойм" сонин
М.Ичинноров: Хуульчилбал гэр бүлийн хүчирхийлэл үгүй болдоггүй юмаа гэхэд буурна | ||
Үзсэн: 4239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.