Шууд Chart

МАН-ын дарга намын гишүүдтэйгээ уулзлаа

2014-12-02 14:47:49

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар нийслэлийн МАН-ын идэвхтэн сонгуультнуудыг Тусгаар Тогтнолын Ордноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн бямба гарагт болсон намын бага хурлынхаа шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсч иргэдээс ирсэн асуултад нээлттэй хариулсан юм.
 
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Бага хурлын II хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-д суудалтай бүх намуудад хамтарч Засгийн газар байгуулах талаар тавьсан зөвшилцөх санал болон энэ чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэд хэдэн удаа хуралдаж, УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. УИХ дахь намын бүлгээс зөвшилцөх ажлын хэсэгт парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийн хямралаас гарах арга зам, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд хэрхэн яаж оруулах, Засгийн газрын өр, зээлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, улс төрийн намын болон сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхой болгох асуудлын хүрээнд санал солилцож байр сууриа нэгтгэн, зөвшилцөх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсгүүд ямар зөвшилцөлд хүрснийг танилцуулав.
 
Уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 152 үүрийн нийт 800 гаруй идэвхтэн сонгуультнууд хүрэлцэн иржээ. Иргэдийн зүгээс зөвшилцлөөсөө хэзээ ч ухарч мэдэх эрх баригчидтай хамтарч ажиллахын зэрэгцээ хариуцлага тооцох зарчмаасаа ч ухрахгүй байхыг санууллаа. 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын дарга намын гишүүдтэйгээ уулзлаа  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй