Шууд Chart

Нөөцийн төлбөр ба жишиг үнийн дарамт

2014-12-10 15:54:30

-Алтныхан аврагдсан нь... 
“Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг 2006 онд гаргаж, төвбанкинд тушаагдсан алтнаас урьд өмнө байгаагүй өндөр татвар авч эхэлсэн юм. Тодруулбал, Лондонгийн металлын захын унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа, үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн. “Гэнэтийн ашгийн”, “68 хувийн”, “үнийн өсөлтийн” гэж янз бүрээр нэрлэгддэг энэ хуулийн гайгаар манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан таагүй үр дагавар гарсан гашуун сургамж бий. Үүний нэг тод жишээ бол, хууль гарахаас өмнөх дөрвөн жилд манай улс 77 тонн алт үйлдвэрлэсэн бол, хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн алт олборлосон байх жишээтэй. Алт бол хатуу валютад тооцогддог. Тэр ч утгаараа, алт тушаалт буурмагц валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан нь нууц биш. Нөхцөл байдал ийм байхад, гай газар доороос гэгчээр 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг тойрсонгүй, дайрсан гэхэд болно.

Хямралын үед “Эрдэнэт”-ийн зэс үнэгүйдсэн учраас Монгол руу чиглэх долларын урсгал хумигдаж, эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн юм. Тухайн үед манай улс 500-хан сая ам.долларын валютын нөөцтэй үлдэж, үүгээрээ урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч байлаа. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алтны магнатуудыг айлгаж байсан хуулийг 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчингүй болгосон юм. Харин үүний  оронд “АШИГТ МАЛТМАЛЫН” болон “ӨСӨН НЭМЭГДЭХ” нөөц ашигласны төлбөр төрөх нь тэр.  Энэ үеэс алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт таван хувийн суурь татвар төлөхийн зэрэгцээ, дэлхийн зах зээл дээрх унци алтны үнээс хамаарч өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр давхар төлж эхэлсэн юм.

Тухайлбал, нэг унци алт 900-1000 ам.долларын ханштай байвал нэг хувь, 1000-1100 ам.долларын ханштай байвал хоёр хувь, 1100-1200 ам.долларын ханштай байвал гурван хувь, 1200-1300 ам.долларын ханштай байвал дөрвөн хувь, 1300 ам.доллараас дээш ханштай байвал таван хувийг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт нэмж төлөх тогтолцоонд шилжсэн юм. Гэвч энэ хууль гарснаас хойш дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1300 ам.доллараас уруудсан удаа дэндүү цөөн.  Тэр ч утгаараа, алт үйлдвэрлэгчид гол төлөв таван хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлж ирсэн гэж ойлгож болно. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны суурь таван хувийг нэмж тооцвол, алт олборлогчид 2011 оноос хойш 10 хувийн татвар төлж ирсэн байх юм. Өмнөх татвартай харьцуулахад энэ нь өндөр тоо биш.

 Гэвч татварын хөнгөлөлт алт олборлолт, тушаалт, экспорт санасан хэмжээнд хүрч өсөхөд нөлөөлсөнгүй. Тиймээс алтны татварыг бууруулах замаар, энэ металлын үйлдвэрлэлийг жилд 24 тонноор нэмэгдүүлж, таван жилийн дотор 150 тоннд хүргэх зорилт тавьсан юм. Тэр хэрээр алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх боломжтой гэж бодлого боловсруулагчид үзсэн. Тиймдээ ч, энэ оны нэгдүгээр сарын 24-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж алтны татварыг буурууллаа.Өөрөөр хэлбэл, ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь байсныг 2.5 хувь болгосон бол, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэсэн юм. Үүнийг манай улс таван жилийн хугацаанд дагаж мөрдөх юм. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл алтныхан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн дарамтаас салж, аврагдлаа.

Нүүрсний зарим компаниуд гэрээний үнэд шилжлээ ...
Манай улс алтнаас  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахдаа төвбанкнаас зарласан ханшийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, төвбанкнаас зарласан алтны дундаж ханшаас 2.5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа юм. Харин нүүрсний тухайд “жишиг үнэ”-ээс ашигт малтмалын төлбөр болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авдаг. 2007 оноос хойш таван жилийн хугацаанд www.coalworld.net цахим хуудсанд зарлагдсан FOB /барааны үнэ, уурхайгаас далайн эрэг хүртэлх тээврийн зардал, далайн боомт дээрх ачиж буулгах зардал багтсан/ үнээр “жишиг үнэ” зарласан юм. Гэвч тухайн үед үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”-ын DAF /барааны үнэ, хил хүртэлx тээврийн зардал, ачиж буулгах зардал зэргийг багтаасан/ үнээр нийлүүлдэг байжээ. Зарим тохиолдолд нүүрсийг EXW / уурхайн амны ачилтын зардал багтсан/ үнээр худалддаг байсан байгаа юм.

Ийнхүү хилийн болон уурхайн амны нөхцлөөр бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлж байхад, боомтын үнээр “жишиг үнэ” зарлаж, өндөр татвар авлаа гэж экспортлогчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймээс ч, засгийн газар 2012 оны аравдугаар сараас 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл нүүрсний гэрээний үнээс “ашигт малтмалын” болон “өсөн нэмэгдэх” нөөц ашигласны төлбөр авсан юм. Өөрөөр хэлбэл, жил гаруйн хугацаанд нүүрс боруулсан бодит үнээс нь татвар авсан гэсэн үг. Гэвч энэ хугацаанд компаниуд нүүрсний үнээ гэрээндээ тусгадаггүй. Тусгалаа гэхэд зах зээлийн үнээс 30-40 хувиар доогуур үнэ тавидаг. Үүнээс болж төсвийн орлого тасалдсан учраас гэрээний үнээс бус, дахин FOB үнээс ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах болжээ. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хятадын http://en.sxcoal.com сайтад зарлагдсан нүүрсний FOB үнийг жишиг болгодог болсон байна.

Гэвч үүнийг экспортлогчдын зүгээс дахин буруутгаж, хятадын боомтын FOB үнийг халж, гэрээний нөхцлөөр тооцож холбогдох татварыг авахыг шаардаж эхэлсэн. Энэ дагуу засгийн газар 2014 гуравдугаар сарын 21-нд “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж экспортод гаргах гэрээ”-ний үнээс “ашигт малтмалын” болон “өсөн нэмэгдэх” нөөц ашигласны төлбөр авах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн. Гэвч энэ боломжийг өнөөдөр “Энержи ресурс”, “МАК”, “Саус гоби сэндс”, “Эрдэнэс-тавантолгой” зэрэг цөөн хэдэн компани л ашиглаж байна. Гэхдээ тэд сар тутам бус, жилийн эцэст гэрээний үнээр тооцуулж татвараа төлнө гэдгийг эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж онцолсон. Ийнхүү манай улсын цөөхөн компани гэрээний үнээсээ ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөхөөр болж байна.

Бусад нүүрсний компаниуд яагаад энэ боломжийг ашиглахгүй байгаа талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газраас тодруулахад, гэрээний болон жишиг үнийн зөрүү 10 хувиас хэтрэх ёсгүй. Үүнээс дээш зөрүү гарсан тохиолдолд гэрээний үнээр тооцохгүй, жишиг үнээр тооцож татвар авна. “Энержи ресурс”, “МАК”, “Саус гоби сэндс”, “Эрдэнэс-тавантолгой” зэрэг компаниуд тайлан тооцоогоо бодитоор гаргаж байгаа учраас гэрээний үнэд шилжсэн. Бусад компаниудын хувьд үнэ нь батлагдахгүй, нотлогдохгүй байгаа учраас http://en.sxcoal.com сайтад зарлагдаж байгаа нүүрсний FOB үнийг “жишиг” болгож татвар авч байгаа гэх тайлбар өгсөн юм. Ийм л шалтгааны улмаас хятадын нэгэн сайтад зарлагдаж байгаа өндөр үнээр “жишиг үнэ” тогтоож, дийлэнх нүүрс экспортлогчдоос суурь 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахын зэрэгцээ, 5 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байгаа юм.

-Энэтхэгийн жишиг үнийг экспортлогчид шүтэв-
Одоогоос есөн жилийн өмнө төмрийн хүдрийн экспортыг манай улс анх эхлүүлсэн. Мөн онд 0.2 сая  тонн төмрийн хүдэр экспортолсон бол, өнгөрсөн онд 6.7 сая тонныг экспортолсон нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Харин энэ онд манай улс үүнээс их буюу 11 орчим сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн. Гэвч оны эхний арван сарын байдлаар үйлдвэрлэгчид ердөө 5 сая тонн  төмрийн хүдэр экспортолсон үзүүлэттэй явна. Ингэхдээ нэг тонн төмрийн хүдрийг “Эрээн” болон “Бургастай”-н хилийн DAF нөхцлөөр 52 ам.доллараар худалдсан гэж үйлдвэрлэгчдийн зүгээс мэдэгдэж байна. Энэ үнээсээ ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байтал, өндөр үнээр тооцож татвар авч байгаа үйлдвэрлэгчид буруушааж байгаа юм.

Тодруулбал, засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 131 тогтоолын дагуу, Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа боомтын FOB үнээр “жишиг үнэ” зарлаж, дээрх татварыг авч эхэлжээ. Наймдугаар сард л гэхэд манай улс 58 хувийн агуулгатай төмрийн хүдрийн “жишиг үнэ”-ийг 90 ам.доллараар зарлаж, нөөцийн төлбөр авсан байна. Үүгээр тооцвол, төмрийн хүдэр экспортлогчид ашигт малтмалын нөөц  ашигласны төлбөрт суурь 5 хувь төлөхөөс гадна, хуульд заасан шатлалын дагуу нэмж 4 хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлжээ. Төмрийн хүдрийн жишиг үнэ 60-70 ам.доллараар зарлагдвал 1 хувь, 70-80 ам.доллар болвол 2 хувь, 80-90 ам. доллар болвол 3 хувь, 90-100 доллар болвол 4 хувь, 100 дээш ам доллар болвол 5 хувийг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт авах хуулийн заалттай учраас тэр юм.

Нэг ёсондоо хилийн хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, боомтын өндөр үнээр нийлүүлсэн гэж үзэн Ашигт малтмалын болон Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байгааг үйлдвэрлэгчид буруутгаж байгаа юм. Дээр нь үүнийгээ америк доллараар тооцож Монголбанкны ханшаар авч байгаа нь буруу гэж төмрийн хүдэр экспортлогчид хэлж байна. Манай урд хөрш төмрийн хүдрийн томоохон хэрэглэгч, бас худалдан авагч орон. Гэтэл тус улсын бүтээн байгуулалт 2020 оноос саарахтай зэрэгцээд, төмрийн хүдрийн хэрэглээ буурах төлөвтэй байгаа юм байна. Тиймээс дэлхийн томоохон компаниуд 2025 оноос хойш төмрийн хүдрийн олборлолт, экспортын талаар бизнес төлөвлөгөө гаргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай төмрийн хүдрийн компаниудад аравхан жилийн зах зээл бий.

Богинохон настай зах зээлд ажиллаж байгаа учраас олон улсын мэдээллийн  эх сурвалжуудаас манайхтай ойролцоо энэтхэгийн төмрийн хүдрийн үнээр “жишиг үнэ” зарлаж, бодит татвар авах хэрэгтэй гэсэн саналыг Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооноос гаргаад байна. Уул уурхайн ямаар дамжуулан энэ саналаа Сангийн яаманд ч хүргүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүүгээс тодруулахад, төмрийн хүдрийн үнэ уналттай байгаа учраас гэрээний үнээр тооцохоор ярилцаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар жишиг үнэ баримталсан хэвээрээ байна. Цаашид зах зээлийн үнээс хамаарч, жишиг үнийн журамд ямар өөрчлөлт орох уу гэдэг нь шийдэгдэнэ” гэсэн тайлбар өгсөн юм. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр үйлдвэрлэгчид гэрээний үнээсээ татвар төлөх санал гаргаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч, энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.

Жоншны салбарынхан айргийн таваас хасагдлаа
Дэлхий дээр хагас тэрбум тонн хайлуур жоншны боломжит нөөц бий гэсэн судалгаа байдаг. Харин яг тогтоогдсон нөөц нь 240 сая тонн юм. Манай улс жоншны нөөцөөрөө Өмнөд Африк, Мексик, Хятадын дараа дөрөвдүгээрт бичигддэг. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт нөөцийн 22 сая тонн нь манай улсад тогтоогдсон юм. Энэ нөөцийн 93 хувь нь Дорноговь, Хэнтий, Дунговь, Өмнөгновь гэсэн дөрөвхөн аймагт бий. Харин үлдэх хувь нь Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Төв аймагт тогтоогджээ. Эдгээр аймгуудад 150 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь гар аргаар жонш олборлож байгаа бол, 43 нь уурхайн чиглэлээр, 17 нь баяжуулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл тэдний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд буурч байгааг Монголын жоншны холбооныхон хэлж байна.

Дэлхийн улс орнууд жилд 7 сая тонн хайлуур жонш үйлдвэрлэдгээс 60 хувийг Хятад, 20 хувийг Мексик хангадаг. Харин манай улс одоогоос гурван жилийн өмнө жоншны экспортоор Хятад, Мексикийн араас гуравдугаарт бичигдэж, нийт экпсортын 7-8 хувийг хийдэг байлаа. Гэвч сүүлийн таван жил манай улсын жоншны экспорт огцом буурсан байх юм. Манай улс 2010 онд 543 мянган тонн баяжмал экспортолж байсан бол, 2011 онд 403 мянган тонн, 2012 онд 429 мянган тонн, 2013 онд 330 мянган тонныг экспортолжээ. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 258 мянган тонн жоншны хүдэр ба баяжмал экспортолсон үзүүлэлттэй явна. Жоншны экспортоороо Хятад, Мексикийн ард бичигддэг байсан манай улс энэ байр сууриа алдаж, айргийн тавд ч багтахаа байсан нь дээрх тоо баримтаас харагдаж байна. Үүний шалтгааныг мэргэжлийн холбоо нь  хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.

Тухайлбал, төмөрлөгийн үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалж, дэлхийн зах зээл дээрх металлургийн баяжмалын эрэлт буурч, үнэ нь унасан байна. Нөгөө талаас химийн баяжмал хэрэглэгч ОХУ манай бүтээгдэхүүнээс татгалзах болжээ. Эрэлт ийнхүү буурч байхад манай хайлуур жоншны хүдрийн агуулга бага буюу 39 хувь байгаа нь дэлхийд тэргүүлэгч орнуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүйд хүрсэн байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэлд усны нөөц ашигласны төлбөр 8 дахин, төмөр замын ачаа тээврийн тариф 30 хувиар өссөн нь жоншны салбарынхан уналтанд ороход нөлөөлсөн гэж тайлбарласан. Үүнээс гадна, жоншны “жишиг үнэ”-ийг өндөр тогтоож, их татвар авч байгаа нь үйлдвэрлэгчдийг ангал руу түлхэж, татварын өрөнд дарагдахад хүргэсэн гэж Монголын жоншны холбооныхон хэлж байна.

Тухайлбал, манай улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын зургаанаас хойш  www.indmin.com  цахим хуудсанд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB үнээр “жишиг үнэ” зарладаг болжээ. Гэтэл үйлдвэрлэгчид “Наушик” болон “Эрээн”-ий хилийн DAF үнээр бүтээгдэхүүнээ худалдаж байх жишээтэй. Өнөөдөр жоншны хилийн DAF үнэ 180 ам.доллар байгаа учраас, үүнээс дээд тал нь 18 ам.долларын ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөхөөр байгаа юм. Гэвч манай улс жоншны FOB үнийг 330 ам.доллараар зарлаж, 180 ам. долларын борлуулалтын үнээс 33 хүртэлх ам.долларын ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байгааг үйлдвэрлэгчид буруутгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, жоншны салбарынхан, нүүрс болон төмрийн хүдэр үйлдвэрлэгчидтэй адил хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад, өндөр үнээр зарсан гэж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авдаг байх юм. Тиймээс www.indmin.com  цахим хуудсанд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB үнийг халж, Наушик болон Эрээний хилийн DAF үнийг жишиг болгох хэрэгтэй гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Ингэх бололцоо бий эсэхт Уул уурхайн яамныхан “эхний ээлжинд нүүрсийг гэрээний үнэд шилжүүллээ. Араас нь төмрийн хүдрийг гэрээний үнэд шилжүүлэхээр судалж байна. Үүний дараа жонш гэрээний үнэд шилжүүлэх боломжтой эсэхийг судална” гэсэн юм.

Алт үйлдвэрлэгчидтэй барьцсан нь...
Манай улс 2014 оны төсвийг баталсаны дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Энэ нь ашигт малтмалын болон нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөө тасалдахад нөлөөлж томоохон хүчин зүйл. Манай улс энэ онд ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 569 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс 195 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсан. Ингэхдээ оны эхний арваннэгэн сард 535 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 189 тэрбум төгрөгийг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Гэвч нэгдсэн төсвийн арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 204 тэрбум төгрөгөөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 80 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй гарлаа.

Үүний дийлэнх нь алтны татварыг бууруулснаас үүдсэн тасалдал гэдгийг сангийн яамныхан хэлж байна.Тэгвэл үүнийг хэрхэн нөхөн вэ... Мэдээж хамгийн хялбар гарц бол, нүүрс, төмрийн хүдэр, жоншинд ногдуулах татварыг нэмэхгүйгээр, жишиг үнийг өсгөх замаар тасалдлын тодорхой хувийг нөхөх бололцоо бий. Тиймээс ч, төмөр, жонш, төмрийн хүдрийн жишиг үнийг борлуулалтын буюу гэрээний үнээр бус... Гадаад улс орнуудын цахим хуудсанд зарлагдсан өндөр үнийг авч, татвар авдаг байж болох талтайг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Тодруулбал, төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоохдоо, www.umetal.com цахим хуудсанд зарлагдаж байгаа Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа FOB үнийг ашиглаж байна. Харин жоншны жишиг үнийг www.indmin.com цахим хаяганд зарлагдсан хятадын хайлуур жоншны FOB үнээр тооцох болсон.

Нүүрсний жишиг үнийн хувьд, Хятадын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалж болох http://en.sxcoal.com хаягнаас авч ашиглаж байгаа юм. Эдгээр эх сурвалжуудаас авсан “жишиг үнэ” нь бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан үнээс хэт өндөр байгаа учраас нүүрс, төмрийн хүдэр, жонш үйлдвэрлэгчид татварын дарамтад орж, уналтад орж буйгаа учирлаж байгаа. Манай улс валютын нөөцөө өсгөх зорилгоор алт үйлдвэрлэгчдээс авах ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг бууруулдаг. Харин бусад түүхий эд үйлдвэрлэгчдийг бодит татвараа төлөх ч нөхцлөөр хангахгүй байна. Тиймээс экспортод гаргах эрдэс бүтээгдэхүүнд ногдуулах татварыг уурхайн байршил, бүтээгдэхүүний чанарыг харгалзан “уурхайн ам” болон  “хил нөхцөл”-өөр тооцох хэрэгтэй гэж экспортлогчид үзэж байна.

Тухайлбал, нүүрсэн дээр Шивээхүрэн, Гашуунсухайтын, төмрийн баяжмал дээр Эрээн, Бургастайн, жоншин дээр “Эрээн”, Наушкийн хилийн үнийг жишиг болгон зарлах хэрэгтэй гэсэн саналтай үйлдвэрлэгчид цөөнгүй байна. Хэрэв жишиг үнийг бууруулахгүй бол, холбогдох хуульд өөрчлөлт оруулж, ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг өөрчлөх боломж бас байгааг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2014 оны нэгдүгээр сарын 24-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан шиг, жонш, төмрийн хүдэр, нүүрснээс авах татварыг мөн бууруулах хэрэгтэй гэцгээж байгаа юм. Гэхдээ төсвийн орлого тасалдана гэдэг үндэслэлээр тэдний гаргасан энэ саналыг хүлээж авах харамсалтай нь алга.

Нийтэлсэн: А.Энхтуул

Нөөцийн төлбөр ба жишиг үнийн дарамт  
Үзсэн: 4166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
123.121.192.xxx [123.121.192.xxx] 2014-12-11 21:44
Saihanbileg ovoo horongotei yum bilee. Ogoh bizdee
123.121.192.xxx [123.121.192.xxx] 2014-12-11 21:44
Saihanbileg ovoo horongotei yum bilee. Ogoh bizdee
123.121.192.xxx [123.121.192.xxx] 2014-12-11 21:43
ulsiin sangaa hoosolson saiduud odoo avsan mongoo ulsadaa erguulj tushaana baigaa.Ene ayang eronhii said Saihanbileg saihan ulgerlj ehleed tushaana gej naidaj baina.
123.121.192.xxx [123.121.192.xxx] 2014-12-11 21:43
ulsiin sangaa hoosolson saiduud odoo avsan mongoo ulsadaa erguulj tushaana baigaa.Ene ayang eronhii said Saihanbileg saihan ulgerlj ehleed tushaana gej naidaj baina.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-12-10 17:46
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй