Шууд Chart

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хэвийн үргэлжилж байна

2014-12-11 13:14:25

“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилт, сонгон шалгаруулах ажлын явц, үр дүнг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Өнгөрсөн онд гурван шатны шүүх 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” баталсан байна.
Энэхүү журам нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгчээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажуулсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа гэнэ.  
Хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын 106 тусгай зөвшөөрлийн талаар кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 9 талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, нэг талбай нь стратегийн орд газартай давхцалтай, 46 талбай нь ямар нэгэн давхцалгүй талбайнууд байна. Өнөөдрийн байдлаар 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хэвийн үргэлжилж байгаа аж.    

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хэвийн үргэлжилж байна   
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй