Шууд Chart

Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодров

2014-12-22 19:06:35

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрсний тавантолгойн орд ихээхэн хэмжээний нүүрсний нөөцтэй болохыг нутгийн иргэд эртнээс мэддэг байсан ч, хайгуулын ажлыг оросын геологичид 1940 онд анх эхлүүлсэн байдаг. Харин хожим манай геологичид хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн гэгддэг. Тухайлбал, 1982-1983 онд П.Хосбаяр, 1988-1989 онд Ж.Дашхорол, П.Төмөрбаатар, Д.Туяа зэрэг манай геологичид тавантолгойн ордын үргэлжлүүлэн судалсан байна. Энэ ордод хийгдсэн хэсэгчилсэн судалгаануудыг 1989-1990 онд ОХУ-ын Гидрошахтын хүрээлэн нэгтгэж, тавантолгойн орд 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж техник эдийн засгийн үндэслэлд нь тусгаж байж. Хэдийгээр нөөцийг нь хожуу нэгтгэсэн ч, энэ ордыг тавь орчим жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байх юм.

Тодруулбал, 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд сайд нарын зөвлөл хуралдаж тус ордыг Аж үйлдвэрийн яаманд шилжүүлж, Дундговь аймаг дахь Цагаан овоогийн уурхайн нэг цэг болгон үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Харин 1967 оны тавдугаар сараас бие даасан уурхай болгожээ. Анх улсын өмчит байсан энэ уурхайг 1994 оны арванхоёрдугаар сарын таванд төрийн өмч давамгайлсан “Тавантолгой” хувьцаат компани болгох шийдвэр гарсан байна. Энэ дагуу 1995 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болгож, Монголын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн байх юм. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тавантолгойн ордын 11350 га талбайн тусгай зөвшөөрөл энэ хувьцаат компанийн мэдэлд өмнө нь байсан ч, хожим дийлэнх талбайгаа улсад эргүүлэн өгсөн тухай компанийн удирдлагууд нь хэлдэг.
 
1997 оны зургаадугаар сарын таванд Ашигт малтмалын тухай хууль гарч, тус компани нэг га ашиглалтын талбайд 10 америк доллар төлөх ёстой болсон гэнэ. Тухай үед ийм хэмжээний төлбөр төлөх бололцоо байгаагүй учраас уг ордоос цанхийн зүүн хэсгийн 125 сая тонн нүүрсний нөөц бүхий 169 га талбайг өөртөө үлдээж, бусдыг нь улсад эргүүлэн өгсөн байгаа юм. Харин үүний дараахан “Энержи ресурс” компани тавантолгойн ордын тусгай зөвшөөрлүүдийг холбогдох газраас авсан гэгддэг. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” хувьцаат компанийн улсад эргүүлэн өгсөн тайлбайд “Энержи ресурс” компани үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Хэдийгээр тийм ч, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг С.Баярын засгийн газрын үед төрийн мэдэлд эргүүлэн авсан юм.
 
Гэхдээ 100 хувь биш... “Энержи ресурс” компани тавантолгойн ордын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байх хугацаандаа нэлээд хөрөнгө оруулалт хийсэн учраас энэ компанийн мэдэлд 286 сая тонн баталгаат нөөцтэй “ухаа худаг”-ийн хэсгийг үлдээсэн юм. Ийнхүү тавантолгойн ордын 125 сая тонн нүүрсний нөөц бүхий талбай “Тавантолгой” хувьцаат компанийн мэдэлд, 286 сая тонн нүүрсний нөөц бүхий талбай “Энержи ресурс” компанийн мэдэлд тус тус очсон. Харин үлдэх6 орчим тэрбум тонн нүүрсний нөөц бүхий талбайг С.Баярын засгийн газрын үед улсын мэдэлд эргүүлэн авсан юм. Ингэхдээ эдгээр талбайн тусгай зөвшөөрлүүдийг 2008 оны тавдугаар сарын 28-ны өдөр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” компани руу шилжүүлж байлаа. Харин эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Эрдэнэс-тавантолгой охин компани руугаа шилжүүлсэн юм.
 
Ингэж л тавантолгойн ордод “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэс-тавантолгой” хувьцаат компаниуд зэрэгцэн үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан юм. Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьд нэмэлт хайгуул хийх шаардлагагүй гэдэг үндэслэлээр өөрийн тусгай зөвшөөрөл дэх талбайгаас цанхийн хэсгийг эхний ээлжинд эдийн засгийн эргэлтэнд оруулсан юм. Ингэхдээ цанхийг хоёр хувааж, зүүн хэсэгт гэрээт олборлогч, баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байлаа. Тиймдээ ч, цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зарлаж байлаа. Харин араас нь буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оперотор компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласан юм.
 
Ийнхүү дөрвөн жилийн өмнө хоёр тендер зарласан ч, нэг нь тодорч, нөгөө нь тодроогүй. Тодруулбал, цанхийн зүүн хэсэгт нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулах тендерт гурван компани санал ирүүлснээс “Австралийн Макмахан” шалгарсан юм. Энэ цагаас хойш тус компани цанхийн зүүн хэсэгт нүүрс олборлож байгаа ч, олборлолтын зардал өндөр учраас гэрээг сайжруулах хүртэл үйл ажиллагаа нь түр зогсоосон талаар “Эрдэнэс-тавантолгой” компанийнхан мэдэгдэж байгаа юм. Харин баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер дөрвөн жилийн хугацаанд гацаанд байсны эцэст өнөөдөр л ялагчийг тодрууллаа. Тавантолгойн цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах тендерт дөрвөн жилийн өмнө 15 компани саналаа ирүүлж байсан.
 
Тэднээс “Пибоди Энержи”, “Шэнхуа”, Оросын төмөр зам, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” зэрэг зургаан компани хураангуй жагсаалтад үлдсэн юм. Дээрх оролцогчдоос хятадын “Шэнхуа”  40 хувь,  америкийн “Пибоди Энержи”  24 хувь, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн ч, тэд хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер дөрвөн жилийн хугацаанд гацаанд байсан гэгддэг. Тэгвэл шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 тогтоол гаргаж, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажлыг үргэлжүүлэхээр болсон юм. Ингэхдээ зөвхөн хураангуй жагсаалтад үлдсэн дээрх зургаан оролцогч л дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болсон.
 
Тэдний техникийн саналыг авч үнэлэхэд “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компанийн түншлэлээс гадна, “Пибоди Энержи” компани зохих оноогоо авчээ. Энэ хоёр оролцогчоос санхүүгийн саналыг нь авахад,  “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компанийн түншлэл боломжийн нөхцөл тавьж, тавантолгойн хөрөнгө оруулагчаар тодорлоо. Хэдийгээр тавантолгойн хөрөнгө оруулагч өнөөдөр албан ёсоор тодорч байгаа ч, хэнийг тодруулахаа манайхан хэдийнэ тохиролцсон байсан гэж ойлгож болно. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг урд хөршид айлчлах үеэр “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэс-тавантолгой” хувьцаат компаниуд хятадын Шэнхуа компанид 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг үзэглээд амжсан.
 
Үүнээс гадна тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй дээрх гурван компани хятадын Шэнхуа компанитай хамтран Гашуунсухайтын боомтоос Ганцмодны боомт хүртэл хил хооронд төмөр зам барихаар болсон юм. Эндээс тавантолгойн хөрөнгө оруулагч хэн байх нь тодорхой харагдаж байсан ч, өнөөдөр албан ёсоор баталгаажлаа. Манай улс “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудтай удахгүй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэсэн мэдээлэл байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчид баруун, зүүн цанхид нүүрс олборлохоос гадна, нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө баруун цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан бол, одоо хоёуланд нь оруулах гэж байна.
 
Хэдийгээр тийм ч, “Эрдэнэс-тавантолгой” компанийн эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулагчдад шилжүүлэхгүй юм байна. Хөрөнгө оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулж, хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх ёстойгоос гадна, “Эрдэнэс-тавантолгой” компанийн өмнөөс “Чалко”-д өгөх өрийг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Чалко”-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах юм. Хөрөнгө оруулагч нь улсын төсөвт төлөх татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцна. Мөн борлуулалтын орлогын тодорхой хувийг хөрөнгө оруулж хамтран ажилласны гэрээний төлбөрт төлөх юм байна.
 
Хэрэв шаардлагатай тохиолдолд нэмж төлөх, борлуулалтын орлогын тодорхой хэсгийг  урьдчилан өгөх талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гэрээ байгуулна гэсэн мэдээлэл байна. Мөн стратегийн хөрөнгө оруулагчид Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих ёстой. Төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан “Тавантолгой-Сайншанд” чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах боломжийг манай талаас олгохоор төлөвлөж байна. Ийм нөхцлийн дагуу тавантолгойн баруун, зүүн цанхид стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байна. Харин үлдэх талбайгаа төр хэрхэх вэ гэдэг нь өнөөдөр бүрхэг байна.
Нийтэлсэн: А.Энхтуул

Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодров  
Үзсэн: 2359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй