
Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Эрчим хүчний сайд Д.Зоригт “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа дахин сэргэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин Монгол Улсад 2014 оны есдүгээр сарын 4-ний өдөр төрийн дээд хэмжээний айлчлал хийж, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой юм” гээд “Хоёр орны эрчим хүчний салбарын уламжлалт найрсаг, хамтын ажиллагааны илрэл болсон ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1983 онд баригдсан “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх ажлыг Уралын турбины заводтой хамтран амжилттай хэрэгжүүлж туршилт тохируулгын ажлыг эхлүүлээд байна” гэв.
Мөн хоёр орны хооронд эрчим хүч худалдах, худалдан авах ажиллагаа хэвийн тасралтгүй явагдаж байна. Хойшид хоёр орны тус салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхийн тулд,
-“Талын зам” төслийн хүрээнд ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын хооронд эрчим хүчний өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын транзит шугам барих асуудлаар талууд санал солилцох
-Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр баригдах усан цахилгаан станцуудын төслийг дэмжих
-Орос-Монголын Засгийн газар хоорондын комисссын XVII хуралдааны үеэр 2013 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зурагдсан “Замын зураглал”-д тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар хоёр тал хүчин чармайлалт гаргах.
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Москва хотноо байгуулсан Санамж бичиг болох Эрчим хүчний клуб-ын талаар санал солилцох гэх асуудлыг хөндөж тавилаа.
Элчин сайд И.К.Азизов Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрсдөөс хамаарах бүхий л хүчин чармайлт гарган ажиллах болно гээд Эрчим хүчний сайд Д.Зоригтын хөндөж тавьсан асуудлуудыг яаралтай судалж шийдвэрлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.
ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.