Шууд Chart

Өрийн таазыг нэмэх боломжтой юу...

2015-01-07 17:40:50

Төсвийн сахилга батаа сайжруулах зорилгоор манай улс таван жилийн өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-тай болсон. Энэ хуульд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх “улсын өр” 2012 онд 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 оноос 40 хувь байхаар тусгаж өгсөн юм. Гэтэл өнгөрсөн онд улсын өрийн үлдэгдэл 11.5 орчим их наяд төгрөгт хүрчээ. Өнөөдөр “улсын өр”-дзасгийн газрын зээл, баталгаа, өрийн бичиг, санхүүгийн түрээс орж байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг “улсын өр”-д оруулж тооцож байгаа юм. Төрийн гэх тодотголтой эдгээр өр 11.5 их наяд төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувийг эзэлж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл улсын өр заасан хэмжээнээс давж, төсвийн сахилга батаа алдаж, хуулиа зөрччихсөн явна. Эндээс санаатай хууль зөрчив үү, зөрчихөөс өөр аргагүй байдалд хүрэв үү гэсэн асуулт гарч байна. Энэ шалтгааныг судлахад өрийн хязгаар давсан нь хэд хэдэн шалтгаантай гэсэн тоо баримт угтлаа. Засгийн газар хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүднээс гадаад зах зээлд бонд гаргасан. Гэвч бондын санхүүжилтийг хэрэглэх хугацаа хойшилсон нь “улсын өр” өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна, 2012 оноос эхэлсэн эдийн засгийн хүндрэлийн улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж, дотоодын зах зээлд бонд гаргах замаар зарлагыг санхүүжүүлж иржээ.
 
Дотоодын зах зээлд их хэмжээний бонд гаргасан нь өрийн хязгаар давахад хүргэснээс гадна, долларын ханшийн өсөлт давхар нөлөөлсөн байна. Тухайлбал, гадаад валютаар төлөх өрийн үлдэгдлийг төгрөгөөр тооцсон хэмжээ эрс нэмэгдсэн байгаа юм. Эдгээр шалтгаанаас болж улсын өр хуульд зааснаас давж, 55 хувьд хүрсэн тооцоо судалгаа байна. Нэгэнтээ хуульд заасан хэмжээнээс давсан учир Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар шийдлийн гэх тодотготой засгийн газар эрмэлзэж байна. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж энэ хэмжээнд аваачих бус, улсын өрийг бүр 70 хувьд хүргэхээр төлвөлөсөн байгаа юм. Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр 2015 онд 70 хувь, 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувь, 2018 онд 50 хувь, 2019 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь байхаар төлөвлөжээ. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор өнгөрсөн жилүүдэд дотоодын зах зээлд арилжаалсан үнэт цаасны эргэн төлөлтөд зориулж энэ онд 2.1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа бол, “Хүний хөгжил сан”-д 400 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Дотоодын зах зээлд энэ онд нийт 2.5 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн учраас өрийн таазыг дээрх байдлаар нэмэх шаардлагатай болсон гэх зэргээр тайлбарлаж байна.
 
Нөгөө талаас манай улс гаднаас урт хугацаатай, бага хүүтэй зээл авахын тулд өрийн хязгаарыг өсгөхөөр төлөвлөжээ. Манай улсад 20-30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээл олгох хэд хэдэн санал ирсэн гэнэ. Манай улс эдгээр хөнгөлөлттэй зээлийг авч, аль болох эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар эрмэлзэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд бонд гаргахаас гадна, урт хугацаатай, бага хүүтэй зээл авахын тулд өрийн таазыг 70 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэсэн үг юм. Гэхдээ засгийн газар гадаад зах зээлд бонд нэмж гаргахын тулд, өрийн таазыг өсгөх гэж байна гэсэн хардлага нийгэмд байгаа нь нууц биш. Тиймээс энэ тухай Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас тодруулсан юм.
 
Тэрбээр “Бонд богино хугацааны арилжааны зээл. Энд зээлийн үйлчилгээний зардал маш их гардаг. Үүнээсээ болоод төсөвт маш их дарамт үүсдэг. Тиймээс цаашид зөвхөн бондоор явахгүй гэж үзэж байгаа. Эдийн засгаа тэлэх баталгаа маягаар урт хугацаатай, бага хүүтэй зээлүүдэд анхаарлаа хандуулна. Засгийн газар цаашид богино хугацаатай арилжааны зээл авахгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа” гэсэн тайлбар өгсөн юм. Хэдийгээр ийм тайлбар өгч байгаа ч, өрийн таазыг өсгөсний дараа Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргахаас өөр аргагүй боллоо гэвэл яах вэ... Ийм болгоомжлол байгаа учраас УИХ-ын зарим гишүүд өрийн таазыг өсгөхийн эсрэг байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өрийн хязгаарыг нэмэхгүй гээд байсан хүмүүс 2015 онд өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Сайдын суудлыг улс орныг өрөнд оруулахаар сольж болдог юм байна” гэж шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, намууд өрийн таазыг нэмэх тохироо хийж, засгийн газарт орсон гэх утгыг тэрбээр илэрхийлсэн юм. Үүнд бусад намуудаас тайлбар хийгээгүй байгаа ч,МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, МАН-ын бүлэг даваа гаригийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарим асуудал дээр байр суурь нэгтгэжээ.
 
Тус намын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэхийг дэмжихгүй байхаар болжээ. Мөн улсын өрийг өнөөгийн хэмжээнд буюу 55.2 хувьд нь хадгалах ёстой хэмээн үзсэн байна. Энэ мэт бие даагчид болон зарим намын бүлэг өрийн таазыг нэмэхийн эсрэг байна... Олонхийн дэмжлэг  авч чадахгүй бол, өрийн таазыг нэмэх боломжгүй юм... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 зүйлд “УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тусгасан байдаг учраас тэр юм. Тэгээд ч, МАН өрийн таазыг нэмэхгүй гэсэн тохироогоор засагт орсон учраас олонхийн дэмжлэг авах бололцоо хомс байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тайлбараас... 
Нийтэлсэн: А.Энхтуул

Өрийн таазыг нэмэх боломжтой юу...   
Үзсэн: 2062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй