Шууд Chart

Төсвийн тодотголд туссан тоонуудаас...

2015-01-09 13:44:06

Манай улс төсвийн орлогоо жил бүр өөдрөгөөр төсөөлж, тэр хэрээр зарлагаа өсгөж ирсэн уламжлалтай гэхэд болно. Энэ онд л гэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 7.5 их наяд төгрөг байхаар баталсан. Гэтэл батлагдсан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн банйа. 2015 оны нэгдсэн  төсвийн  орлогын  төлөвлөгөөг  боловсруулахдаа дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өсч, импорт 6.8 тэрбум  ам.долларт хүрч,  экспорт 6.9  тэрбум  ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ онд экспорт болон импорт төсөөлснөөс буурч, дотоодын эдийн  засгийн  хүндрэл орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж магадгүй болжээ. Тиймээс улсын нэгдсэн төсвийн батлагдсан орлогыг 905 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна. Үүний 825 тэрбум төгрөг нь татварын орлого, 80 тэрбум төгрөг нь татварын бус орлого юм. 


 
Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, гадаад валютын ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэргээс шалтгаалж  аж  ахуйн  нэгжүүдийн  ашигт  ажиллагааны  түвшин сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Нөхцөл байдал ийм байхад энэ онд нүүрс,  төмрийн  хүдэр  зэрэг  голлох  эрдэс  бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсөхөөргүй байгаа нь уул  уурхайн  томоохон  аж  ахуйн нэгжүүдийн  борлуулалт  буурахад  нөлөөлөх  төлөвтэй  байгаа гэнэ. Мөн аж ахуйн нэгжүүдийн  алдагдлыг  ирээдүйд  шилжүүлэн  тооцдог хуультай. Үүнтэй холбоотойгоор  аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн жилийн алдагдал энэ онд шилжин тооцогдоно. Эдгээр  хүчин  зүйлсээс  шалтгаалж  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 21 тэрбум төгрөгөөр бууруулж, 591 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Үүнээс гадна энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар төлөвлөж байгаатай холбоотойгоор хувь хүний орлогын албан татварыг баталсан хэмжээнээс 23 тэрбум төгрөгөөр бууруулж, 538 тэрбум төгрөг болгохоор төлөвлөжээ. Цалин нэмэгдэхгүйтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийг ч  59  тэрбум  төгрөгөөр бууруулж, 1.2 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Үүнээс гадна дотоод хэрэглээ хумигдаж, импорт буурч байгаатай холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татварыг 413 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт удааширж, хувийн хэрэглээний өсөлт дагаад суларсан байна. Түүнчлэн төвбанк бодлогын хүүгээ өсгөж, төсвийн зарлагыг бууруулж, мөнгөний хумих бодлого баримталж байгаагаас энэ онд засгийн газрын болон хувийн хэрэглээ үргэлжлэх буурах төлөвтэй байгаа гэнэ.

Тиймээс дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг төлөвлөсөн хэмжээнээс 270 тэрбум төгрөгөөр бууруулж, 400 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.  Харин импортын нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг бууруулах гэж байгаа нь импортын бууралттай шууд холбоотой юм. Манай улс өнгөрсөн онд 6.8 тэрбум  ам.долларын импорт хийхээр тооцсон. Гэвч тайлант оны эхний арваннэгэн сарын  гүйцэтгэлээр  импорт 4.8  тэрбум  ам.доллараар хэмжигдэж байсан байх юм.  Энэ нь өмнөх оныхоосоо 17  орчим  хувиар буурсан үзүүлэлт бол, энэ онд ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Тиймээс энэ оны импортыг төлөвлөсөн хэмжээнээс 23 хувиар бууруулж, 5.7 тэрбум ам.доллар байхаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ыг 142 тэрбум төгрөгөөр бууруулж, 962 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.  Мөн импортын гаалийн албан татварын орлогыг 67 тэрбум төгрөгөөр бууруулж, 376 тэрбум төгрөг  байхаар тооцжээ.


 
Манай улс энэ онд 20 сая тонн нүүрс 50-70 ам.доллараар экспортлохоор хуульчилсан. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний  үнэ  сэргэх  хандлагаүй байгаагаас гадна, урд хөрш түүхий нүүрсний хэрэглээг хумих бодлого явуулж байна. Манай урд хөрш өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд австралитай  “чөлөөт  худалдааны  хэлэлцээр”  байгуулсан. Эдгээр нь манай нүүрсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, уг түүхий эдийн экспорт өнгөрсөн оныхоос нэмэгдэхгүй байх эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймээс энэ онд 15 сая тонн нүүрс, тонныг нь 30-60 ам.доллараар  экспортлохоор төсвийн тодотголд тусгажээ. Үүнээс гадна дэлхийн зах зээлд төмрийн хүдэр болон цайрын үнэ үргэлжлэн буурч байгаа учраас манайхан үүнтэй уялдуулж үнийн төсөөллөө бууруулжээ.

Тухайлбал, энэ оны төсөвт нэг тонн төмрийн хүдрийн үнийг 73-81 орчим ам.доллараар худалдахаар тусгасныг 52-60 ам.доллар болгохоор төлөвлөжээ. Цайрын үнийг тонн тутамд 2364 ам.доллар байхаар энэ оны төсөвт тусгасан ч, 2334 ам.доллар болгож бууруулахаар төлөвлөж байна. Энэ мэт эрдэс  бүтээгдэхүүний  үнэ болон биет хэмжээний бууралттай холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  225 тэрбум төгрөгөөр бууруулж, 427 тэрбум төгрөг байхаар тодотголын төсөлд тусгалаа. Үүнээс гадна, нүүрс,  төмрийн  хүдэр,  зэсийн  баяжмал,  жоншны  экспорт энэ онд төлөвлөснөөс буурч болзошгүй байгаа учраас гаалийн тэмдэгтийн хураамжийг 10.7 тэрбум төгрөгөөр бууруулж 35 тэрбум төгрөг болгохоор, агаарын бохирдлын төлбөрийг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулж 17 тэрбум төгрөг байхаар төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.
 
Гэх мэтчилэн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тэмдэгтийн хураамж, агаарын бохирдлын зэрэг татварын орлогыг 825 орчим тэрбум төгрөг бууруулахаар төлөвлөсөн байна. Харин татварын бус орлогыг 80 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон. Энэ нь ногдол ашиг болон газрын тосны үнийн бууралттай холбоотой юм. Газрын тосны олборлолт жилд дунджаар 34 хувиар өсч байгаа. Үүнтэй уялдуулан энэ онд  газрын  тосны  экспортын  хэмжээг 8  сая баррелаас доошгүй  байхаар төсөвт тусгасан. Ингэхдээ нэг баррель газрын тосны үнийг дунджаар 101 ам.доллар байхаар тооцож, уг түүхий эдийн экспортоос 325 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан юм.

Гэвч газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурч байгаатай холбоотойгоор орлогын төлөвлөгөөг 40 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, 285 тэрбум төгрөг болгохоор төлөвлөжээ. Тэгвэл зэсийн үнийн бууралтаас шалтгаалж,  “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн оны хуримтлагдах ашиг төлөвлөснөөс буурах тооцоо гарсан байна. Тус үйлдвэр  үүнээсээ дахин хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн хүндрэлийг давахаар төлөвлөж байна. Тиймээс тус үйлдвэрээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг 30 тэрбум төгрөгөөр  бууруулж, нэгдсэн  төсвийн  нийт  хувьцааны  ногдол ашгийн орлогыг 67 гаруй тэрбум төгрөг байхаар тооцжээ. Татварын болон татварын бус орлогыг 905 тэрбум төгрөгөөр бууруулбал, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ онд 6.2 их наяд төгрөг байх юм. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувьтай тэнцэх судалгаа байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

Төсвийн тодотголд туссан тоонуудаас...   
Үзсэн: 3793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй