Шууд Chart

Төсвийн урсгал зардлыг ингэж бууруулна...

2015-01-13 11:40:44

Манай улс энэ онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 7.5 их наяд төгрөг байхаар баталсан. Хэт өөдрөгөөр төсөөлсөн ч, энэ онд төсвийн орлого өмнөх жилүүдийн нэгэн адил их хэмжээгээр тасалдах төлөвтэй байгаа юм. Тиймээс улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 905 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байна. Нэгэнтээ орлого буурах учраас санхүүжих боломжгүй зардлыг ч танахаар төлөвлөжээ. Тухайлбал, төсвийн урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ хөрөнгийн зардал 333 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэгийг нь хасахаар болж, нөгөөг нь нэмэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор нэгдсэн төсвийн нийт зардал 185 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байгаа юм.

Урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байгаагаас дийлэнх нь цалин, халамж, тэтгэмж, урамшуулалтай холбоотой. Тухайлбал, гэр оронгүй иргэнд олгодог онцгой тохиолдлын тэтгэмжийг 18 хүртэлх насны дөрвөөс дээш хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон хүмүүст олгохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу онцгой тохиолдлын тэтгэмжид хорихоос суллагдсан иргэн бүр хамрагдах болжээ. Тиймээс өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бөгөөд дэмжлэг  туслалцаа  зайлшгүй  шаардлагатай  өрхийн  гишүүнд олгох хэрэгтэй гэж үзсэн байна. Дээрх хоёр тэтгэмжийг амьжиргааны  түвшинтэй  уялдуулж олгосноор 7.6 тэрбум төгрөг хэмнэх тооцоо бий. Үүнийг хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Олон хүүхэдтэй эхчүүдийн урамшууллыг мөн хасахаар төлөвлөжээ. Хуулиараа зургаан  хүүхэд  төрүүлж өсгөсөн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн хоёрдугаар одонтой эхчүүдэд жилд 100 мянган төгрөг олгодог. Алдарт эхийн одонтой 211 мянган ээжид энэ онд нийт 30 орчим тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн. Гэвч үүнд өөрчлөлт оруулж, бага хүүхэд нь 18 нас хүртээгүй бол одонгийн мөнгө өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр батлагдсан төсвөөс 19.5 тэрбум төгрөг хэмнэж, одонгийн мөнгө олгоход 10.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна, 18 хүртэлх насны хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгохоор төлөвлөж байгаа юм. Манай улсын нийт өрхийн 64 хувь буюу 421 мянга нь нэн ядуугаас, дундаж хэрэглээтэй гэсэн судалгаа гарчээ.

Эдгээр өрхийн 18 хүртэлх насны 630 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг “хүний хөгжил сан”-гаас олгохоор төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна нийгмийн даатгалтай эмэгтэйчүүд төрөхийн өмнөх хоёр сар, төрсний дараах хоёр сард нийгмийн даатгалын сангаас сүүлийн нэг жилд авсан дундаж цалингийн 70-100  хувьтай тэнцэх тэтгэмж авдаг. Мөн халамжийн сангаас жирэмсний таван сараас хойш жилийн хугацаанд 480 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Харин нийгмийн даатгалгүй нь зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн жилийн хугацаанд 480 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа юм. Тиймээс нийгмийн даатгалтай эхчүүдэд халамжийн сангаас олгох тэтгэмжийг  төрсөн  сараас  эхлэн долоон сарын  хугацаанд  олгохоор төлөвлөжээ.
 
Манай улс 2012  оноос их дээд сургууль,  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд  суралцаж байгаа оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож эхэлсэн. Ингэхдээ 2012 онд 166 мянган оюутанд 102 тэрбум төгрөгийн, 2013 онд 166 мянган оюутанд 104 тэрбум төгрөгийн, 2014  онд  159  мянган  оюутанд  96  тэрбум  төгрөгийн  тэтгэлэг тус  тус олгожээ. Энэ онд хоёроос дээш голч дүнтэй суралцсан оюутанд үндэсний тэтгэлэг олгоход зориулж 69 тэрбум төгрөг, урамшууллын тэтгэлэг олгоход зориулж 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тэгвэл энэ оны төсөвт тодотгол хийж, гурваас дээш голч дүнтэй оюутанд үндэсний тэтгэлэг олгохоор төлөвлөж, урамшууллын тэтгэлгийг хэвээр үлдээхээр төлөвлөжээ. Ингэснээр нийт төсөвлөсөн 78 орчим тэрбум төгрөгөөс 33.7  тэрбум төгрөг нь хэмнэгдэх тооцоо хийжээ.

Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа салбараасаа хамаарч 12-36 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Тэтгэмжийг сүүлийн сарын цалингаас тооцдог нь төсвийн зардлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс  цаашид тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг салбар харгалзахгүйгээр сүүлийн таван жилийн цалингийн дунджийг баримталж олгохоор төлөвлөжээ. Үүнээс гадна, ахмад настны эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж, зарим эмчилгээ үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлж ирсэн. Тэгвэл сэргээн засах үйлчилгээний зардлыг цаашид санхүүжүүлэхгүй  байхаар төлөвлөсөн байна.. Харин нийгмийн  эмзэг  бүлэгт  чиглэсэн үйлчилгээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ. Ингэснээр төсвийн урсгал зардлыг 3.7  тэрбум  төгрөг хэмнэх  боломжтой гэж үзсэн байна.

Энэ онд яамд, агентлагаас бусад төрийн албан хаагчийн орон тоог бууруулахгүй хэвээр үлдээж, харин цалинг нь нэмэхгүй байхаар төлөвлөж байгаа. Энэ дагуу төсөвт тугасан цалин нэмэх эх үүсвэрийг 234.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Харин нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг 94.6  тэрбум  төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах,  аж  ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах,  яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулахаартай холбоотойгоор зарлага мөн танагдахаар байгаа юм. Тухайлбал, төсвөөс  санхүүждэг  байгууллагын  тоог  56-аар, төрийн албан хаагчдын орон тоог 1669 хүнээр бууруулж, төсвийн урсгал зардлыг 18.5  тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ.

 
Төсвөөс хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт олгох татаасыг 27.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар мөн төлөвлөсөн байна. Тухайлбал, арьс, ширний урамшууллыг бууруулахаар тооцжээ. Үндэсний үйлдвэрт тушаасан хонь, ямааны арьс тутамд  3 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Харин үхэр, адууны шир тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгож ирсэн. Үүнд зориулж өнгөрсөн онд 18 тэрбум төгрөг төсөвлөсөн ч, үйлдвэрүүд төлөвлөснөөс бага  арьс,  шир авсан учраас 2.4 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Тиймээс энэ онд арьс,  ширний урамшууллыг 9  орчим  тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Үүнээс гадна, мах бэлтгэн  нийлүүлэх  дэд  бүтэц сайжирсан гэж үзэж, нөөцийн махны урамшуулалд төсөвлөсөн мөнгийг 14  тэрбум  төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.

Өөрөөр хэлбэл, энэ жил нөөцийн мах бэлтгэхэд зориулж нэг ч төгрөг төсөвлөхгүй байхаар төлөвлөж байна. Үүнээс гадна, цахилгааны үнийн урамшууллыг огт олгохгүй байхаар төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Зарим гэр хорооллын эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг  50 хувиар  бууруулж, зөрүүг төсвөөс санхүүжүүлж ирсэн. Энэ онд л гэхэд 5 тэрбум төгрөгийг  улсын  төсвөөс санхүүжүүлэхээр төсөвлөсөн юм. Тэгвэл энэ зарлагыг бүхэлд нь санхүүжүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн татвар, нийгмийн даатгал, халамж,  мэргэжлийн  хяналт,  улсын  бүртгэлийн  албан  хаагчид дүрэмт  хувцас  өмсөх  шаардлагагүй гэж үзсэн байна. 

Ингэснээр батлагдсан төсвөөс 229 орчим сая төгрөг хэмнэх бололцоотой гэнэ. Үүнээс гадна, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвөөс 32 гаруй тэрбум төгрөгийг танахаар төлөвлөжээ. Гэх мэтчилэн улсын төсвийн урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр танахаар төлөвлөж байгаагийн дийлэнхийг цалин, тэтгэвэр, халамж, урамшуулал эзэлж байна. Энэ нь гишүүдийн төдийгүй, нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дээрх тоонуудад өөрчлөлт орохыг үгүйсгэх аргагүй. 

Нийтэлсэн: А.Энхтуул

Төсвийн урсгал зардлыг ингэж бууруулна...   
Үзсэн: 3224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй