Засгийн газар өнгөрсөн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийж Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг батлах, Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдах, Богдхан уулын газрыг улсын хэрэгцээнд авах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргаснаас гадна дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал,
- Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний 67 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж, аймгийн Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газрыг Эрүүл мэнд, спортын газар гэж тус тус өөрчлөхөөр боллоо.
- Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.
-УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлах нь зүйтэй гэж тогтжээ.
- “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталж, тус комиссын бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрлөө. Дүрэм шинэчлэгдсэнээр төв болон орон нутгийн комиссын эрх үүрэг тодорхой болж, бүрэлдэхүүнийг шалгаруулалтаар томилох бөгөөд оролцогч талууд болон эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэн, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны чанар сайжирна гэж үзэж байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөлд дуудлага худалдаа явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлэхээр заасан нь дуудлага худалдааг зохион байгуулах ажил сунжрах нөхцөл болж байна гэж үзээд хуулийн төсөлд дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарладаг болгож өөрчлөхөөр тусгасан байна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.