Шууд Chart

“Амьдрал нулимсанд дургүй” буюу “Амилал нулимсанд дургүй”

2015-01-16 11:16:13

“Амьдрал нулимсанд дургүй” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. “Бүх урлагийн дотроос хамгийн сонгодог нь кино урлаг” гэж хаанчилсан үг бий. Тэгвэл урлагийн талаар эхлээд дурдъя. Урлагийн мөн чанар, зорилго нь юу вэ.  

Мэдээж ард түмнийг соён гэгээрүүлэх явдал билээ. “Амьдрал нулимсанд дургүй” киноны тухайд нэгэн залуу эмэгтэйн амьдралыг харуулах аж. Гол дүр зөв төлөвшилтэй хүн бөгөөд нэг чигийг барина. Залуу хүн амьдрал зохиож, нэг л алдаа гаргахад бүх зүйл эргэнэ. Гол дүрийн эмэгтэйгийн төрсөн нялх үрийг хадам нь авч, эр нөхөр нь эндэж, өөрөө хилс хэргээр шоронд сууна. Тус кино нь "Дээд Гэгээн Пикчерс" гэх компанийн бүтээл юм. “Луйвар" уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байсан Ц.Энхцогт энэ киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Оросын яг ийм нэртэй кино байдгийг манай уншигчид мэдэж буй биз ээ. Бас л нэг эмэгтэйн амьдралд хандаж байгаа хандлага гарна. Бусдаас хулгайлахгүйгээр уран бүтээл хийх боломж хэний ч өмнө нээлттэй шүү дээ. Энэ боломжийг тус кино багийнхан олж хараагүй бололтой. 
 
 
Юмжир гэх гол дүрийн эмэгтэй суллагдаж яваад нэгэн хуучны танил, ядарсан эгч нь нялх хүүхэд тэвэрсэн явахтай таарч, өрөвдөж гэрт нь хүргэж өгнө. Ийнхүү гэр хороололд байх ноорхой бор гэрт очиход хижээл насны хоёр эр архидаж байна. Нэг эр нь Юмжирт “Энэ хүүхдийг чи авч яв” гэж захина. Цаг орой болж Юмжир хүүхдийг хулгайлан авч гарч одно. Гай дээрээс гай болж эмэгтэйг хүүхэд тэврэн гудамжаар гүйж явахад гар цүнхийг нь нэгэн хүү булааж зугтана. Ингээд явж явж нөгөө нялх хүүхэд маань хулгайлагдсан хүүхэд байж таарна. Юмжир хүүхдийг жинхэнэ эцэг, эхэд нь хүлээлгэж өгнө. Гэвч тэрбээр бас л хорих ангийн хаалгыг татна. Хүүхдийн аав, ээж гэх залуухан хоёр Юмжирт ирж талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Хүүхдийн аав “Миний охины АМИЛАЛЫГ аварч өгсөн танд баярлалаа” гэж хэлэх аж. Уг нь бол “Амьдралыг” гэдэг үгийг хэлж байгаа ухаантай.
 
Манай уран бүтээлчдэд тулгардаг нэг бэрхшээл нь санхүү мөнгөтэй холбоотой. Тэгээд ивээн дэмжигчийн ах, дүүс, хамаатан, хүү, охин тус кинонд дүрээ үлдээх болдог. Үүний уршгаар хазгай мурий хэлтэй, жүжиглэж чаддаггүй хүмүүс кинонд “тоглодог” гашуун үнэн бий. Гол дүрийн жүжигчин Б.Батзаяагийн ярьснаар “Ахмад жүжигчид залуу жүжигчидтэй хамтарч тоглосноороо онцлог бүтээл” болсон гэсэн. Бид уг нь онцлох “юм”-аа кинон дотроо л нууж байвал сая бүтээл болох юм шиг санагдлаа. Залуу жүжигчин Р.Баттогтохын бүтээсэн дүр өөрийн гэсэн зан авирыг гаргаж чадсан нь бахархууштай. Мэдээж МУГЖ, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг гэх мэтийн жүжигчид сүүлийн үед гарч байгаа кинонуудыг ёстой л чимж байна гэхэд болно.
 
Тус киноны гэр хорооллын нэгэн ядарсан айлд өрнөх яриаг та анзаараарай. Юмжирын танил эгч юм ярьж байхад хажууд бас нэг дүр юм ярина. Энэ хоёрын яриан дундаас үзэгч юу сонсож чадах вэ. Дээрээс нь чанга хөгжим, цагаан шум буюу орчны чимээ нэмэгдэнэ. Үзэгчид энэ хэсгээс юу ч сонсох боломжгүйн дээр ойлгох нь ч бас төвөгтэй. Мэргэжлийн дууны найруулагч муу ажиллажээ гэж би ойлголоо. Эцэст нь хэлэхэд, сүүлийн үед дотоодын гэгдэх кино олноороо бүтээгдэж байгаа нь сайшаалтай ч дуу оруулалт гэх зүйл орхигдсон нь харамсалтай. “Амьдрал нулимсанд дургүй” киноны гудамж, талбайн хэсэг буюу ядарсан эмэгтэй нялх хүүхэд тэврээд сууж байгаа план дээр салхи, машин гээд гадаад орчны чимээ хэтэрхий чанга орсон нь толгой өвтгөм санагдсаныг нуугаад яах вэ. 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Амьдрал нулимсанд дургүй” буюу “Амилал нулимсанд дургүй”   
Үзсэн: 9525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй