Шууд Chart

Хуучин хайраа мартах хэрэгтэй юу?

2015-02-24 07:23:20

Амьдралын үнэн: Шинэ харилцаа цэвэрхэн цааснаас эхэлдэггүй, бид үүндээ өөрийн өнгөрсөн үеийн туршлага, мөрөөдлөө шингээдэг. Бид өөрийн гэсэн агуу, гэхдээ бүтэлгүй хайрын домогтой байх шаардлагатай байдаг. Бид нандин дурсамжтай байх эрхтэй. Гол нь үнэнч, үнэнч бус байхын заагийг мэдэж байх хэрэгтэй /бодол, төсөөллөөрөө ч тэр/.

Бидний олонхийн маань зүрх сэтгэлд өнгөрсөн үеийн хайрын дурсамж хадгалагдан байдаг. Одоогийн хайртай хүнтэйгээ байхад хуучин хайрын мэдрэмж хэрхэн зэрэгцэн оршсоор байдаг юм бол. Энэ мэдрэмж бидэнд амьдрахад саад болдоггүй юм байх даа?

Эмэгтэйчүүд ...

"Ихэнх эмэгтэйчүүд өөрийн сэтгэлдээ аугаа хайрынхаа тухай /заримдаа мөрөөдлийн/ дурсамжийг хадгалдаг. Тэгээд энэхүү дурсамж нь ой тойноос сэргэн, төсөөлөлд буудаг. Чухамдаа бидний санаснаас илүү олон тохиолддог үзэгдэл юм” -хэмээн гештальт сэтгэл засалч нар үздэг.

Хүний ухамсар гэгч бидний хүслээр удирдагддаггүй нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн үеийн түүхээ бид амархан мартаж чаддаггүй. Психоаналитик сэтгэл засалчдын үзэж байгаагаар "бидний харилцаа аниме /эрэгтэй хүний ухамсаргүйд орших эмэгтэй хүний хэсэг/ ба анимус эмэгтэй хүний ухамсаргүйд орших эрэгтэй хүн/. Ухамсарт үл илрэх эрэгтэй, эмэгтэй хүний төрхүүдийгээ бид бодит хүмүүстэй адилтгаснаар-тэдэнд сэтгэл алдардаг. Хүчтэй, нүд сохлом мэдрэмж биднийг эзэмдсэнээр бид ухамсаргүйгээр тэр хүнийхээ шинж, чанаруудыг өөрсдийн хүлээлт, төсөөлөлдөө нэгтгэн дүгнэдэг. Энэхүү таталцлын хүч нь төсөөлөл мөрөөдлөө бодит хүнээсээ ялгах чадваргүй болгох шидтэй байдаг гэж хэлж болно.”

Харин нэлээн хожуу л тэр хүнийхээ юунд нь /дуу хоолой, зүс царай, биеэ авч буй байдал гэх мэт/ болж сэтгэл алдарснаа олох гэж хичээдэг... Хэзээ нэгэн цагт бид гэнэт тэр хүнд ямар нэгэн төгс зүйл байсныг олж хардаг. Тэр хүний талаарх төгс төгөлдүүржүүлсэн дурсамжаа хадгалж, дахин дахин санаж, түүгээрээ өөрийн сэтгэлийн шаналал, өвдөлтөө багасган эсвэл зүгээр л сэтгэлээ бүлээцүүлдэг.

Амьд эсвэл нойрссон, бодит эсвэл төсөөллийн хайртайгаа хамт байх нь бидэн өөрийн өнгөрсөн хувийн амьдралаа домог болгоход тусалдаг. Өнгөрсөн үед үлдсэн халуун хүсэл, тачаал мэдрэмж маань ирээдүйн түүхийн үндэс болж одоогийн амьдралаа илүү баялаг, сонирхолтой болгож өгдөг. "Хурц тод хайрын түүх нь бидний амьдралд утга учир нэмдэг. Өөрөөр хэлбэл, бид яг энэ үед өөрийн "Би”-гээс гарч нэгэн том зүйлийн хэсэг болж байгаагаа мэдрэн, амьдралын утга учрыг олох шиг болдог. Энэ агшинг дахин мэдэрснээр бидний амьдрал ямар нэгэн үнэ цэнэтэй гэдгийг бид мэдэрдэг.”

Эрчүүд ...

Эрчүүдийн төсөөлөл барагтай л бол харилцааны салбарыг хөнддөггүй, эмэгтэйчүүдээс ялгаатай нь хувийн амбиц, статус, эрх мэдлийн асуудал тэдний санааг илүүтэйгээр зовоодог. Харин харилцаанд асуудал үүсч эхлэхэд л дурсамжиндаа автагддаг. Эрчүүдэд өөрийнхөө мэдрэмжийг ярилцлагаар илэрхийлэх нь маш хэцүү байдаг тул түүнд золиосын байр сууринд орох нь илүү амар санагддаг бөгөөд хайртай хүнтэйгээ хамт байхад хичнээн сайхан байснаа, харамсалтай нь өнгөрсөн үед болж өнгөрсөн аугаа хайрынхаа тухай дурсан мөрөөддөг. Ингэж эрчүүд бодит эмэгтэйгээс төгс эмэгтэйн тухайн бодол руу шилждэг.

Зөвлөмж

Мартагдаагүй хайр одоогийн тань холбоог тасалж ч мэднэ эсвэл зузаатгаж ч болох юм. Та өөртөө зөв асуулт тавиад бас хариулах нь танд маш ихээр тусалж болох юм.

Өнгөрсөн "аугаа хайр” чинь таны хувьд ямар утга учиртай вэ?

Хэрэв та энэ дурсамжаа хааяахан санан дурсдаг бол одоогийн тань хосын харилцаа, холбоонд аюул учрахгүй. Харин та харилцааны хүндхэн үеийг давахад тусладаг хэмээн бодож байгаа бол болгоомжтой байхыг зөвлөе. Учир нь бодит байдлаас байнга зугтах одоогийн харилцаагаа аварч, хадгалж үлдэхэд хүч, зориг, чармайлтаас тань хороож мэднэ. Хэзээ нэгэн цагт танд өнгөрсөн түүхтэйгээ жинхнээсээ салах ёс хийн бодит амьдралыг хүлээн авах шийдвэр тулгарах л болно.

Хэзээ та энэ түүхийнхээ тухай боддог вэ?

Ихэвчлэн хүмүүс зөрчилдөх эсвэл эргэлзэж байх үедээ, ойлголцол, дэмжлэг халамж хайртай хүний зүгээс дутагдах үед өнгөрсөн хайрын түүхээ санагалздаг. Харин энэ үед та, таны хүсэн хүлээж байсан зүйл танд ирэхийн тулд, та хайртай хүнтэйгээ байхдаа эсвэл өөрийн амьдралдаа юуг өөрчилж чадах эсэхээ тунгаан бодохыг хичээ.

Тэр хайрын түүхийн өөрийн тань ямар чанар таалагддаг вэ?

Яахаас ч буцахгүй, эрч хүчтэй, цоглог, дур булаам... Тэр үеэс чинь одоо цагт юу нь тэгтлээ өөрчлөгдсөн гэж. Хүн өөрийн давтагдашгүй онцлогийг бий болгоход хэзээ ч оройтно гэж үгүй.

Та юунд харуусаж байна вэ?

Хайрын түүх шалтгаангүйгээр /зан араншингийн үл зохицолдолгоо, үзэл бодлын зөрчил, бие биесээ таниагүй гэх мэт/ төгсдөггүй. Та одоо ч гэсэн эргэлзсээр байна уу? Та өөрийн харилцаандаа юуг /итгэлцэл, хүлээн зөвгөөрөл, хүндлэл ../ чухал гэж үздэгээ сана, тэгээд өнгөрсөн болон одоогийн харилцаа, холбоогоо энэ өнцгөөсөө дүгнэн харьцуулаарай.

Таныг хайрын бурхан ивээж байг!

Сэтгэл зүйч Ц.Энхжаргал

 

 

 

 


Хуучин хайраа мартах хэрэгтэй юу?  
Үзсэн: 6213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2015-02-24 13:50
Юу ч ойлгосонгүй.

Бидэнтэй нэгдээрэй