Шууд Chart

“Хавдрын эсрэг үндэсний аян” 5 дахь жилдээ үргэлжилнэ

2015-02-24 14:22:14

Хоёрдугаар сарын 04-ний өдрийг “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр” хэмээн зарласан байдаг бөгөөд дэлхийн улс орнууд хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн олон ажлыг санаачлан хийдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ-ээс тав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нээлтээ хийж, хамтрагч байгууллагуудын төлөөлөл хамтын ажиллагааны гэрээг үзэглэн, аяны товыг зарлалаа.

Хавдар өвчинтэй эрчимтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Монгол хүний эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө дорвитой томоохон ажил өрнүүлэх зорилгоор 2011 онд ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Дөрвөн жилийн хугацаанд эмч мэргэжилтнүүд, сайн дурынхан, хэвлэл мэдээлийнхнийг хамруулан Монгол орон даяар үргэлжилж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нь нийгмийн сайн сайханд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан, ард иргэдийн дунд хүлээлт болтлоо өргөжөөд байгаа юм.

Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тус аяны хүрээнд эрсдэлт бүлгийн 68,700 иргэнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаас 10,589 иргэнд хортой болон хоргүй хавдар илрүүлсэн. Эдгээр өвчтөнүүд ХСҮТ-д дараагийн шатлалын эмчилгээнд хэрхэн хамрагдаж буй үйл явцаас дуулгахад 33,3 хувьд нь хагалгаа, 6,6 хувьд туяа эмчилгээ, таван хувьд нь мэс засал болон химийн эмчилгээ хослуулан хийж байгаа бол 42,1 хувьд хөнгөвчлөх эмчилгээ хийсэн байна.

Мөн орон нутгийн 4171 эмч, мэргэжилтнүүдийг хорт хавдрын оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаарх сургалтанд хамруулж, орон нутагт 353 орчим хорт хавдрын яаралтай мэс засал, хагалгааны тусламж  үйлчилгээг үзүүлж, мэс засал, мэс заслын сувилгаа, хагалгааны мэдээ алдуулгын чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь дагалдуулан сургасан юм. 

Аяны баг ирэх тавдугаар сараас эхлэн 12 аймаг, хоёр суманд хүрч ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношлогоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношлогоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, банкны харилцагчдад хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж эхэллээ.


“Хавдрын эсрэг үндэсний аян” 5 дахь жилдээ үргэлжилнэ   
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй