Шууд Chart

Аарцаг яс ба түүний эмгэг

2015-02-26 11:00:20

Хүний биеийн тулгуур болох араг ясны дунд хэсэгт буюу нуруутай залган орших өргөн хавтгай төрөлд хамаарах ясыг аарцаг гэж нэрлэнэ. Аарцаг нь хоёр талаараа сүүжээр хүрээлэгдэх ба ар талдаа ууцны ястай, ар доод талаараа ахар сүүлтэй нягт холбогдсон зуувандуу дугуй цагираг хэлбэртэй байдаг. Цагирагийн урд холбоосыг умдаг яс гэж нэрлэнэ. Умдаг яс гэдэг нь сүүжний хоёр уулзуур мөгөөрслөг хатуу холбоосоор бэхлэгдсэн урагшаа бага зэрэг төвийсөн хэсгийг хэлнэ. Умдаг ясны дээр булчингаас гадна өөхөн давхаргатай. Энэхүү зууван дугуй ясны дундах нүхийг аарцгийн хөндий гэж нэрлэх бөгөөд ясны хальс, булчингуудаар зөөлөвчлөгдөн хөндийд байрлах чухал эрхтнүүдийг хамгаалахаар бүтээгдсэн гэж ойлгоход болно. Уг хөндийд хүний бэлэг эрхтний дотор хэсэг, шулуун гэдэсний доод хэсэг буюу хошного, давсаг төвлөрч, аарцгийн доод амсраас салтаа хүрэх зайд эрэгтэй хүний түрүү булчирхай, шээсний сүв, эмэгтэй хүний үтрээний дээд хэсэг үргэлжлэн оршдог юм. Аарцаг яс хүний нас, хүйс, бусад онцлогоос хамааран янз бүрийн хэлбэртэй байдаг. Энэ хэмжээ ямар байх нь эмэгтэй хүнд илүү хамааралтай байх учир нь хүүхэд чөлөөтэй өнгөрөн гарах зам болдгоос тэр. Иймээс эмэгтэй хүний аарцагны хэмжээг хэмжиж үзэн жирэмсэлсний дараа төрөлтийг хэрхэн удирдах, эсвэл мэс заслын /кесерев/ аргаар төрүүлэх эсэхийг шийдэх ач холбогдолтой. Аарцагны хэмжээнээс хамааран ерөнхийд нь хэвийн ба уйтан гэж ангилахаас гадна аарцагны хөндий нь тэгш зууван, эсвэл аль нэг тийшээ хазайсан тэгш биш зууван гэхчлэн авч үздэг нь мөн л төрөх үед саад болох эсэх оношлогоо юм.

Аарцагт байрлах эрхтэнд янз бүрийн гэмтэл, эмгэг, өвчин үүсч болох ба зэргэлдээ байрлах эрхтнүүддээ төдийгүй дээшээ халдвар өгсөх замаар халдварлах эрсдэлтэй байдаг онцлогтой. Тухайлбал, уг хөндийд байрлах эрхтнүүдийг дээш татан бэхэлсэн булчин холбоосууд гэмтэл, өвчний улмаас суларсан, тасарсан, сунасан тохиолдолд тэдгээр эрхтнүүд доош унжиж, бүр гадагш цүлхийн гарах тохиолдол ч гардаг. Цагаан мах урвах, үтрээ унжих, эргэж гарах, тэр ч байтугай умай үтрээний хэсэгтэй хамт гадагшаа урваж гарах эмгэг цөөнгүй тохиолддог юм. Ийм эмгэг олон шалтгаатай боловч голдуу олон дахин ойр ойрхон төрсөн, төрөлтийг буруу удирдсанаас хярзан урагдсан, хүчтэй дүлэлт байнга өгөх төрлийн өвчнөөр удаан өвдсөн, эсвэл хүнд гэмтсэн, тэрчлэн тураалд орж булчин, шөрмөс нь сулран хатангиршсан үед гарах магадлалтай. Эмэгтэй хүний аарцаг харьцангуй өргөн байх ба хоёр гуяны хоорондох зай салтаа хэсгээрээ гарын дөрвөн хуруу орохоор хэмжээтэй байхыг зохистой зөв харьцаа гэж үздэг. Аарцагт байрлах аль нэг эрхтэн идээлүүлэгч нянгаар өвчилсөн үед даруйхан эмчлэхгүй хүндрүүлсэн аваас нян шээсний судаг болон үтрээгээр дамжин умай, өндгөвч, давсаг, бөөрийг үрэвсүүлэх, улмаар эмэгтэй хүний умай, үр дамжуулах хоёр талын хоолойгоор нэвтрэн хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл /перитонит/ хүртэл хүндрэл өгөх эрсдэл дагуулдаг. Аарцаг уйтан болохыг ердийн метрээр тойруулан хэмжиж тусгай томьёогоор зохих хэмжээг гаргадаг. Үүнийг коньюгат хэмжээ гэж нэрлэдэг. Дөрвөн зэрэг болгож ангилна. Нэгдүгээр зэрэг гэдэг нь 11.9 см орчим, хоёрдугаар нь 9-7.5 см, гуравдугаар нь 7.5-6 см, дөрөвдүгээр нь 6 см-аас доош байх жишээтэй. Нэг, хоёрдугаар зэргийн уйтан таазтай эмэгтэй ургийн толгойн хэмжээ болон хүүхдийн ерөнхий хэмжээг сайн шалгаж тодорхойлсны үндсэн дээр маш нарийн хяналт дор өөрөөр нь ердийн замаар нь төрүүлж болох ч хүүхдийн байрлал буруу бол мэс заслын аргыг сонгох нь зүйтэй. Тэрчлэн аарцаг хэвийн ч ургийн толгой том, ихэр, төрөлтийг буруу удирдсан зэргээс шалтгаалан умдаг яс салах, хүүхэд тархины гэмтэлтэй төрөх, тархи усжих зэрэг эмгэгүүд цөөн ч гэсэн гардаг юм. Тиймээс эмэгтэй хүн бүр эрүүл мэндийн үзлэгт тогтмол орж, ялангуяа жирэмсэлсэн үедээ аарцгийн хэмжээгээ дахин дахин шалгуулах нь зүйтэй. Шаардлагатай гэвэл рентгенд харуулахад ч гэмгүй.  

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос  

 


Аарцаг яс ба түүний эмгэг  
Үзсэн: 29894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 09:48
Төрөхдөө умдагны зөөлөн эд сунасан 1,7 хүртэл үүнийг яаж эмчлэх үү явж чадахгүй болсон яавал дээр вэ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-22 22:38
Sain baina uu. Bi torj bgaagvi, huuhed olj bgaagvi, eronhiidoo heviin jintei. 160 ondor 60kg jintei, 38 nastai, tegsen minii taaz aimar orgon bolood baihiin. yunaas bolj ingej oorchogddog ym bna. ihen uedee goe taaztai bolood goe haragddag bsan. odoo bol arai hetruulegtei bolood bnaa.
Энхлэн [66.181.178.xxx] 2018-05-22 14:51
Сайн байцгаануу би өөрөөрөө төрөөд 20 хонож байна. Гэтэл аөрцагны зүүн талаар явахаар өвдөөд зүгээр болдоггүй ээ төрөх орон дээр гарахад сувилагч хүчээр шахуу хөл хойш н болгоцон тэрнээс болоод аарцагны яс гэмтцийн боловуу гайхаад л байна угаасаа ингэж өвддөг юмуу ингэж өвдөж байсан ээжүүд байнуу
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-08-21 00:37
Aartsagnii hundiin us yaagaad yysdeg ve nuruu davsagaar bainga ovdoh bolloo. Hitdad yzyylehed a, hondiin ustai bn gesen

Бидэнтэй нэгдээрэй