Шууд Chart

Аскорбины хүчил буюу амин дэм “С”

2015-03-10 10:06:15

Хамгийн өргөн хэрэглэгддэг амин дэмийн нэг бол усанд уусдаг амин дэм С. “Битмин Цэ” л гэцгээдэг шүү дээ. Бие махбодийн бодисын солилцоо, холбогч эдийн үйл ажиллагааг тэтгэж, уургийг шингээхэд идэвхтэй оролцдог. С амин дэм дутсанаас судасны нэвчих чанар алдагдаж шүүрэлт үүсэх учир арьсан дор хөх няц үүсч /чийг бам/, улмаар судас хагарамтгай болж ялимгүй тохиолдолд цус алдах аюултай. Тэрчлэн яс, мөгөөрсөн эдэд эмгэг өөрчлөлт орсноос гэмтэх нь элбэг. С амин дэм өөрөө хүний бие махбодид үүсдэггүй, байдаггүй, зөвхөн хүнс хоолоор дамжуулан гаднаас авдаг. Төрөл бүрийн жимс, хүнсний ногоонд С амин дэм их байдаг. Тэр дотроо байцаа, төмс, лууван, сонгино, сармис гээд бүгдэд нь С амин дэм агуулагдах боловч зөвхөн эдгээрээс хэрэгцээт амин дэмээ авч чаддаггүй. Харин гүзээлзгэнэ, хар чавга, үхрийн нүд, аньс, нимбэг, алим, гоньд, таана, мангир зэрэг жимс, ургамлаар бэлдсэн хүнс хэрэглэх нь илүү ач холбогдолтой. Тэдгээрийн дотроос нохойн хошуу хамгийн их амин дэмтэй нь. 100 гр хатаасан нохойн хошуунд 1500 мг С амин дэм байх жишээтэй. Зун, намарт түүж хатаасан жимсээ 10-12 цаг хандлаад өдөрт нэг аягыг ууж чадваас С амин дэмийнхээ хэрэгцээг хангаад байх боломжтой.

Эмийн сангуудаар худалдаалагддаг шахмал болон тариа хэлбэртэй амин дэмийг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Харин глюкозоор чихэрлэг амт оруулан шахсан үрлэн С амин дэмийг хэрэглэх нь сөрөг нөлөөлөл багатай ч хэтэрхий ихээр хэрэглэж болохгүй. Үр өгөөжтэй бөгөөд найдвартай нь хүнсний ногоо хэдий ч удаан хугацаагаар хадгалсан, хэт их чанаж, хайрч боловсруулсан ногоон дахь С амин дэмийн агууламж нь 30-50 хувь хүртлээ буурсан байдгийг мартаж болохгүй. Зарим хүнсний ногоо, тухайлбал, байцаа, лууван, манжин зэргийг сайтар угааж цэвэрлэсний дараа түүхийгээр хэрэглэх нь хэрэгцээт амин дэмээ авах боломж нь өндөрсөнө. Түүнээс гадна хүнсний ногоогоо боловсруулах сав суулга нь зэс, хар тугалгаар хийгдсэн, цайрдсан бол С амин дэмийг амархан задалж устгадаг болохыг анзаараарай. С амин дэм нь чийг бамаас сэргийлэхийн зэрэгцээ ам, буйл зэрэг салс бүрхэвч газраас цус шүүрэхийг зогсоож, хүний бие эрхтний дархлааг сайжруулдаг тул ханиад томуу тусахаас хамгаална. С амин дэмийг тогтмол хэрэглэдэг хүний судас хатуурахгүй бөгөөд хорт хавдраар өвчлөх эрсдэл багасаж хөгшрөлт удааширдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. С амин дэм дутагдсан хүүхдийн ясны өсөлтийн шугам хэлбийж үе, мөчний өвчинд нэрвэгдэх нь цөөнгүй. С амин дэмийг бусад амин дэмүүдтэй зөв хослуулан хэрэглэх нь хамгийн үр дүнтэй, харш нөлөөгүй эмчилгээнд тооцогддог ч эмчийн зааврыг дагах нь зүйтэй.  

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос


Аскорбины хүчил буюу амин дэм “С”  
Үзсэн: 4338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй